Ц.Элбэгдорж: “Урд хөл нь бүдрэхээр хойд хөлий нь ташуурдана” гэдэг шиг асуудлыг зохисгүй шийдэж
2011.01.06

Ц.Элбэгдорж: “Урд хөл нь бүдрэхээр хойд хөлий нь ташуурдана” гэдэг шиг асуудлыг зохисгүй шийдэж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар нартай уулзаж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 2011-01-06medee_bigдэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар байр сууриа хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:

“Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зохицуулалт нь УИХ  болон  хэвлэл мэдээллийн байгууллагын харилцааг  зохицуулах  хүрээнээсээ хальж, иргэн хүний мэдээлэл олж авах үндсэн эрхтэй холбогдсон асуудал болж хувираад байна. Иргэн хүн, төр, түүний байгууллагаас нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл олж хайх, хүлээн авах эрхтэй шүү дээ. Иргэний мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэгч, дамжуулагч нэг гол суваг нь  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн ажилтнууд юм. Ийм учраас тэдний үйл ажиллагааг хязгаарлана гэдэг бол  иргэний үндсэн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болж хувираад, төрийн үйл ажиллагаа ил тод байх ёстой гэсэн нийтлэг ололтоосоо ухарч байгаа хэрэг  болчихоод байна.

 

Бас дээр нь нэмж хэлэхэд, сэтгүүлчдэд туршлага, мэргэжил боловсролыг нь харгалзан нэр зааж УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгоно гэдэг чинь, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа юм.

 

Их хурал хаалттай хуралдах нь хуулиар нээлттэй байгаа. Нээлттэй нийгэмд хааж хориглох ёстойгоо л хуульчилдаг, бусад нь нээлттэй гэсэн ерөнхий зарчим бий. Гэтэл энэ нийтлэг зарчмыг дээрх хуулийн зохицуулалт зөрчсөн болж харагдаж байна.

 

Асуудлын гол нь УИХ-ын гишүүдтэй холбоотой болохоос хэвлэлийнхэнтэй холбоотой биш шүү дээ. “Урд хөл нь бүдрэхээр хойд хөлий нь ташуурдана” гэдэг шиг гишүүдтэй холбоотой асуудлыг шийдэхдээ хэвлэлийнхний үйл ажиллагааг хязгаарлаж шийдэж байгаа нь зохисгүй юм.

 

Ер нь хэвлэл төрийн ордонд байна гэдэг чухал зүйл. Хэвлэл хаана байна тэнд ард түмэн байна гэсэн үг. Хэвлэл бас мэдээлэл төдийгүй хяналт юм шүү. Хяналтгүй эрх ялзардаг, мэдээлэлгүй нийгэм бачуурдагийг та бүхэн юу эс андах билээ. Иргэдийн мэдээлэл авах эрхийг улам баталгаажуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг улам нээлттэй ил тод болгох нийтлэг ололт, зөв хандлагаасаа манай ардчилсан парламент алхам ч ухрах ёсгүй.

 

Асуудлыг ингэж нөгөө талаас нь хараач ээ гэж хэлмээр байна. Мөн сонгогчид сонгож байгуулсан их хурлаа, сонгосон гишүүдээ хууль тогтоох үйл явцад  хэрхэн оролцож байгааг мэдэх эрхтэй. Тэр мэдэх эрхийг хэрэгжүүлэхэд тусалдаг хүмүүс бол хэвлэлийнхэн. Гэтэл тэд  уг үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй бол мэдээллийг бодитойгоор авах иргэдийн үндсэн эрх хөсөрдөнө гэсэн үг. Хэвлэлийн, ер нь хөндлөнгийн хяналт байснаар төрийн ажилтнууд илүү хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар ажилдаа ханддаг байдал анзаарагддаг.

 

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, байнгын хороод хаалттай хуралдсан сүүлийн хэдэн өдөр дамжуулж өгч байгаа мэдээллийг сэтгүүлчид мэдээ биш, хүнээс сонссон зүйлийн хэмжээнд хүлээж авч байгаа нь сонин , телевизээс харагдаж байна. Та бүхэн өөрсдөө ч харж байгаа байх. Сэтгүүлч хүн зүрх сэтгэл, оюун ухаанаараа тухайн үйл явдлыг мэдрэхгүйгээр, оролцохгүйгээр, дэлгэц хараад юм уу хүний дамжуулж хэлснийг бодитой мэдээлэл болгоно гэдэг боломжгүй зүйл. Энэ бол  хэвлэлийнхний мэргэжлийн онцлог юм шүү.

 

Хуулинд хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Би яаран хориг тавихгүй байгаа нь асуудлыг шийдэх өөр боломжууд байгааг хүмүүс ашиглаасай гэж хүссэнийх юм.  Зөвшилцөж ярилцаад асуудлаа шийддэг, буруу шийдсэн бол  Их хурлын гишүүд өөрсдөө санаачлаад  өөрчилдөг, мөн өөр бусад олон боломж, арга замууд  бий. Үнэт зүйлээ бодвол хориг тавихад татгалзах зүйл байхгүй ч, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл нээлттэй нийгэмд байдаг олон боломжуудыг манай иргэд  ашиглах боломжтой. Ингэж ажиллаж сураасай гэж би хүсч байна.

 

Бас нэг бидний анхаарах шаардлагатай хандлагыг хэлье. Иргэдэд хуулийг мэдэх бололцоо өгөх ёстой. Өнөөдөр хууль батлаад маргааш хэрэгжүүл гэдэг бол хүмүүст хуулийг уншиж, судлах бололцоо өгөхгүй байна. Үндсэн хуулинд, Монгол Улсын хууль албан ёсоор нийтлэгдэх бөгөөд хуулинд өөрөөр заагаагүй бол нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог зарчим байгаа. Энэ зарчмыг Их хурал үйл ажиллагаандаа бодолцох ёстой шүү. Тухайлбал, маргаан дэгдээгээд байгаа энэ хууль ажлын сүүлийн өдөр батлагдаад, дараагийн ажлын эхний өдөр шууд мөрдөгдөж байх жишээтэй.

 

Сүүлийн энэ хэдэн өдрүүдийн яриа бас нэг зүйлийг бидэнд сануулж байна. Тэр нь  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, мэдээллийн тухай хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулиудыг цаг алдалгүй яаралтай хэлэлцүүлж батлах шаардлагатай байна гэдгийг харууллаа. Энэ салбарт зохицуулагдаагүй бүхэл бүтэн харилцаа байна. Эрхийг нь баталгаажуулах, зохицуулах ёстой зүйл харагдлаа шүү дээ.

 

Ингээд бидний нийтлэг ололтоос хойш ухарсан, нээлттэй нийгмийн зарчим, Үндсэн хуулийн үзэл санаанд харшилсан дээрх асуудлыг анхаарч үзэхийг хүсч байна. Их хурал өөрийн бүтэц механизмаар болон нийгэмд байгаа боломжуудыг ашиглаж, иргэд хэвлэл мэдээллийнхэн асуудлаа шийдвэрлэж чаддаг байх нь чухал юм” гэв.

 

УИХ–ын дарга Д.Дэмбэрэл, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар нар Ерөнхийлөгчийн өгч байгаа чиглэлийг анхаарч ажиллая, мөн энэ талаар зохих хүмүүстэй зөвлөлдье гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.