Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр баталлаа
2011.01.07

Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр баталлаа

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Монгол орны агаарын жилийн дундаж температур 1940-2008 онд 2.140С-ээр дулаарсан нь дэлхийн дунджаас илүү эрчимтэйгээр дулаарч байгааг харуулж байна.baigal_nuur

Уур амьсгалын өөрчлөлтийн явцад 1961 оноос хойш ургамлын ургалтын хугацаанд ордог хур борооны хэмжээ 33.0 мм-ээр буурсан нь хуурайшилт, цөлжилтийн гол шалтгаан болжээ. Бэлчээр доройтож, хэт халуун өдрийн тоо нэмэгдсэнээс мал сүрэг зун-намартаа тарга хүчээ бүрэн авч чадахгүй давжааран зудын гамшгийг тэсвэрлэх чадвар нь буурч байгаа аж. Монгол нутагт ган, зуд, үер бороо, цөлжилт зэрэг байгалийн гамшгийн давтагдал нэмэгдэж, аадар бороо, мөндөр, хүчтэй цасан болон шороон шуурга, уруйн үер, хэт халалт зэрэг байгаль цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдсэнээр хүн амын осол, эндэгдэл ихсэх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдах, ходоод гэдэсний болон суулгалт, зүрх судасны өвчлөл өсөх зэргээр нийгэм, эдийн засагт гамшиг учруулах тохиолдол сүүлийн 20 гаруй жилд 2 дахин нэмэгджээ.

 

Монгол орны агаарын температурын жилийн дундаж XXI зууны дунд үе гэхэд дунджаар 2.1-3.00С, зууны сүүлээр 3.1-5.00С-аар дулаарч XX зууны дулааралтын эрчээс ойролцоогоор 2-3 дахин илүү байх, хур тунадас 2030 оноос хойш 6-15 хувь нэмэгдэх боловч зундаа бага өөрчлөлттэй, харин өвлийн улиралд 2050 он хүртэл 7-15 хувь, түүнээс хойших хугацаанд ойролцоогоор 50 хувь өсөх урьдчилсан тооцоо гарч байна.

 

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлд ”Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга чадавхийг бий болгох, экосистемийн тэнцвэрт байдлын алдагдлыг зогсоох, хамгаалах замаар тогтвортой хөгжлийн орчин бий болгоно” гэсэн заалт нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах гол суурь үндэс юм байна.

 

Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, нийгэм, эдийн засгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэн хөгжүүлэх,  эмзэг байдал,  эрсдлийг бууруулах,  хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, түүнчлэн улс орны үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, ногоон эдийн засгийн хөгжил, өсөлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.