МАХН гэж товчилж болох бүх нэрийг Ардын намынхан өмчилжээ
УБЕГ-ын харьяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Чинтулга өчигдөр түүнд албан бичгээр хариу өгч, тус газарт бүртгэлтэй намын нэрсийн жагсаалтыг гаргаж өгчээ. Уг албан бичигт 90 намын нэрийн жагсаалтыг хавсаргажээ. Үүнээс үзвэл, иргэн Л.Намуунгэрэл Монгол ардын хамтын нам, Монголын ардыг хөрөнгөжүүлэх нам зэрэг МАХН гэж товчилж болох дөрвөн нэрийг эзэмш-сэн байх юм. Иргэн Д.Золбоо гэхэд Монголын ардын хувьсгалчдын нам гэсэн нэрийн зөвшөөрлийг авсан байв. Энэ мэтээр МАХН гэж товчилж болох нэрээс нэг хүн 3-9-ийг авсан байх жишээтэй.
Уг нь, хуулийн этгээд нэг л нэр сонгож, бүртгүүлэх эрхтэй гэнэ. Хуульд ийм заалт
байсаар атал Хуулийн этгээдийн бүртгэлийн газрынхан яагаад нэг хүнд 3-9 намын нэрийн зөвшөөрөл олгов гэдэг асуулт ч гарч байгаа юм.
Улсын Дээд шүүхэд улс төрийн 17 нам албан ёсоор бүртгүүлсэн ч, зарим нь нэг-дэн, нийлсэн учир өдгөө 13 нам үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр 2012 оны сонгуулиас өмнө 77 нам шинээр мэндлэх нь. Нам бай-гуулахын тулд 801 иргэний гарын үсэг цуглуулж, гишүүнчлэлтэй болох ёстой. Гэтэл 2.7-хон сая хүнтэй манай улсад ийм олон нам үйл ажиллагаа явуулах орон зай бий бил үү.
Ц.Шинэбаяр гишүүн заавал МАХН гэж товчлох намтай болохыг хүсэж байгаа аж. Тэрээр "УБЕГ-аас гаргаж өгсөн намын нэрсийн жагсаалтыг хараад үнэхээр гайхаж байна. Өнөөдөртөө /өчигдөр/ намдаа нэр авах боломжгүй боллоо. 77 нэрийн олонх нь МАХН гэсэн ижил товчлолтой байна. Түр штабынхантайгаа ярилцаж байгаад намдаа нэр сонгоно. Монгол хэл баялаг болохоор өөр нэр олдоно доо. Хуулийн дагуу эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулах гэтэл хавчин гадуурхаж, намын нэр хүртэл олгуулахгүй байна. Монгол Улсад ардчилал байна уу, үгүй юү гэдэгт эргэлзэж л байна шүү. Төрийн байгууллага ард иргэдэд үйлчлэх байтал улс төрийн нам, бүлэглэлийн эрх ашигт үйлчилдгийн нэг жишээ энэ. Ардын намынхан бидний хийх бүх зүйлийг үгүйсгэх маягаар ажиллаж байна" хэмээн ярилаа.
Ардын намынхан Ц.Шинэ-баярын "фракц"-ынхныг МАХН гэж товчлох нэр авахаар хөөцөлдөж буйг мэдээд хэл шинжээчдийн баг хүртэл ажиллуулж, ийм нэрнүүдийг өмчилсөн тухай мэдээлэл ч байна. Тэд МАХН гэж товчилж болох бүх нэрийг түүгээд Ц.Шинэбаяраас өрсөж, УБЕГ-т хандсан байх гэсэн хардлага ч олны дунд байгаа юм.
Хуульд зааснаар бол дээрх намууд УБЕГ-аас нэрээ аваад зургаан сарын дотор Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Мэдээж, ингэхийн тулд 801 гишүүнээ бүрдүүлэх ёстой. УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэхэд Ард түмний нам байгуулахаар Д.Сүхбаатарын талбайд майхан барьж, хонон өнжин гишүүдээ бүртгэснийг санаж байна. Гэтэл ингэж гарын үсэг цуглуулж, нам байгуулахаа мэдэгдсэн хүн ойрмогхон лав дуулдаагүй Ц.Шинэбаяр гишүүн хүссэн намынхаа нэрийг авсныхаа дараа хуулийн дагуу бүх зүйлийг бүрдүүлж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр зэхэж байгаагаа ч дуулгасан юм.
Өөрийгөө Монголын ажилчдын нэгдсэн холбооны анхны ерөнхийлөгч гэж танилцуулсан Д.Жаргалсайхан намын нэр авахаар УБЕГ-т бас ханджээ. Тэрээр "Би Монголын анхны хувьсгалчдын нам гэсэн нэр авахыг хүссэн. Нэрээ авбал, мэдээж намаа Дээд шүүхэд бүртгүүлнэ. Гэтэл Ардын намынхан хүний ажилд ингэж тээг болж байна шүү дээ" хэмээн бухимдангуй ярихтай ч таарсан юм.
МАХН хэмээх товчлол үгэн дээр ямар л бол ямар тоглолт хийж болохын яруу тод жишээ энэ байлаа. 90 жилийн түүхэндээ ийм товчлолтой байсан тус намынхан "X" үсгээс татгалзсан болохоор удахгүй монгол хэлнээс энэ үсгийг өмчилж авсан гэж дуулдах вий дээ.
Б.Алтан