Байнгын хороо хоёр төслийг нэгтгэн нэг санал дүгнэлт гаргахаар болов
УИХ-ын даргын 2011 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 03 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтуудыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж энэ сарын 10-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Ажлын хэсэг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд байнгын хорооны нээлттэй хуралдааны мэдээллийг сэтгүүлчид хуралдааны протокол болон байнгын хорооны дарга, оролцсон гишүүдээс олж авах боломжтой гэж үзэж зохицуулсныг сэтгүүлчид биечлэн байлцаж бэлэн мэдээлэл авах ёстой гэсэн санал шүүмжлэл гаргаж байсныг харгалзан хуулийн заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Мөн сэтгүүлчдийн мэдлэг дадлага, ур чадварт УИХ үнэлгээ өгч эрх олгохоор ойлгогдож байсан томъёоллыг өөрчлөн хэвлэл, мэдээллийн байгууллага өөрийн төлөөлөл-сэтгүүлчдээ энэхүү шалгуур үзүүлэлтийг баримталж байхаар хуулийн заалтыг өөчрлөн найруулсан байна.
Ажлын хэсэг зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн тавьсан хүсэлтээс гадна хуулийн бусад зүйл, заалтыг судалж үзээд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Тухайлахад, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед гишүүд асуулт асуудаг байсныг дэгийн шинэ хуулиар хассаныг дахин сэргээх, нээлттэй сонсголыг нэг сарын өмнөөс зарлахаар тусгасныг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарлахаар хугацааг нь өөрчлөх, мөн шинэ дэгээр гишүүд асуусан асуултынхаа нэмэлт хариулт тайлбарыг хангалтгүй гэж үзвэл хоёр хүртэл удаа тус бүр нэг минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж тайлбар авахаар заасныг хасахаар тусгажээ.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Ц.Сэдванчиг, Д.Тэрбишдагва нар өргөн барьсан төсөлдөө шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал, УИХ болон хэвлэл, мэдээллийн байгууллагын харилцааны талаархи зохицуулалт нь Үндсэн хуулийн иргэн хүний мэдээлэл олж авах үндсэн эрхтэй холбоотой заалтыг хөндөж, төр, түүний байгууллагаас нууцад үл хамаарах асуудлаар мэдээлэл эрж хайх, хүлээн авах эрхийг боомилоход хүргэж байна. Түүнчлэн сэтгүүлчдэд туршлага, мэргэжил, боловсролыг нь харгалзан нэр зааж УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх олгохоор тусгасан нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна гэж үзсэн байна.
Үндсэн хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд байнгын хороодын нээлттэй хуралдаанд хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг оролцуулдаг байх, мөн УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг зөвхөн хэвлэл, мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн хэвлэл, мэдээллийн ажилтанд нэр зааж олгож байхаар өөрчлөн найруулахаар тусгажээ.
Хуулиудын төслийн талаар төсөл санаачлагчдаас асуулт асуух гишүүн гараагүй тул байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ. Гишүүн Ж.Батсуурь чуулган, байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байдаг, тэгсэн атлаа хуулийг өндөр хувиар баталсан үзүүлэлт гардаг талаар сэтгүүлчид шүүмжлэлтэй хандаж байгааг хэлээд картаа үлдээгээд танхимаас түр гарсан гишүүн эсрэг санал өгсөнд тооцогддог тул чуулганы танхимаас гарсан гишүүний картыг санал хураалтын өмнө авдаг байх нь зүйтэй юм гэсэн санал гаргав. Харин гишүүн Н.Энхболд: Нэгэнт баталсан хуулийнхаа дараа эсрэг зүйл яриад байх нь УИХ-ын болоод гишүүдийн нэр хүндэд их халтай юм. Манай гишүүд үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, аливаа асуудлыг олонхиороо шийддэг парламентын зарчмаа барьж, хуралдаа цагтаа ирдэг, тогтвортой суудаг, саналаа өгдөг баймаар байна гэлээ. Гишүүн Э.Мөнх-Очир, С.Эрдэнэ нар сэтгүүлчдийг хамгаалах гэсэндээ биш гол нь иргэд олон түмний мэдээлэл олж авах эрхийг хангах үүднээс хуулийн төсөл санаачилснаа онцолсон бол гишүүн Г.Баярсайхан, Д.Лүндээжанцан нар төслийг дэмжиж буйгаа хэлэв. Мөн гишүүн Д.Энхбат парламент нээлттэй байж болно, гэхдээ дарамтгүй байх ёстой. УИХ-ын гишүүд гадны ямарваа шахалт дарамт, нөлөөгүйгээр саналаа гаргадаг байх нь чухал. Гэтэл гишүүдэд намын дарамтаас гадна сэтгүүлчдийн дарамт бас их байна гэлээ.
Харин байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар дэгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь жил хагасын өмнө өргөн баригдаж бараг бүтэн жил яригдаж байж шийдэгдсэн. Хуулийг батлахад 42 гишүүн оролцсоноос 37 нь дэмжиж, таван гишүүн татгалзсан байгаа. Уг нь энэ хуулиар мэдээллийн нээлттэй байдлыг алдагдуулсан юм байхгүй. Ер нь мэдээллийг зөвхөн сэтгүүлчдээр дамжуулахаас гадна парламент өөрөө мэдээллийн эх сурвалж байх боломж бүрдүүлэхэд анхаарах ёстой. Энэ чиглэлийн алхам тавигдаж байгаа ч хийх ёстой зүйл их байгаа гэдгийг хэллээ.
Ингээд хуулиудын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Мөн хоёр хуулийн төсөл нь зарчмын зөрүү багатай тул нэгтгэн нэг санал дүгнэлт гаргаж чуулганы хуралдаанд оруулахаар байнгын хорооны хуралдаанаас шийдвэрлэв.