Ардын намын бат илэрхийлэх шинэчлэх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Баянзүрх,Багануур, Сүхбаатараас бусад зургаан дүүргийн 84 үүр хуралдаж, гишүүдээ шинэчилсэн бат илэрхийлэхийг нь баяр ёслолын байдалтай гардуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн намын анхан шатны үүрүүдийн 64 хувь нь хурлаа хийж, гишүүддээ шинэ бат илэрхийлэх олгоод байна. Орон нутагт намын бат илэрхийлэх шинэчлэх ажил 50 орчим хувьтай явж байгаа бөгөөд намын гишүүд дэмжигчид 12 дахь удаагаа шинэчлэгдэж байгаа намын бат илэрхийлэх шинэчлэх ажилд идэвхтэй оролцож байна. Орон даяар өрнөж байгаа намын бат илэрхийлэх шинэчлэх аяны хугацаанд 5000 гаруй иргэн Монгол Ардын Намд шинээр гишүүнээр элсжээ. Ийнхүү 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин эгнээгээ бэхжүүлж, ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн холбоо нь улам сэргэж байна.
Монгол Ардын Намын гишүүдтэй уулзаж, намын анхан шатны байгууллагын хурлын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
Хан-Уул дүүргийн 79 дүгээр үүрийн дэд дарга Б.Хүрэл-Эрдэнэ:
Соёмбо бүхий бат илэрхийлэхтэй болсондоо бэлэгшээж байна
-Манай нам уугуул нэрээ сэргээж, Монгол Ардын Нам болсон нь цаг үетэйгээ хөл нийлүүлсэн алхам юм. Намын XXVI их хурлын төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу олонхын саналаар түүхэн шийдвэр гаргасан нь зайлшгүй хийх ёстой өөрчлөлт байсан.Миний хувьд, энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Намын бат илэрхийлэхийн шинэчилсэн хувилбар мэдээллийн багтаамж сайтай болжээ. Монгол Ардын Намын "Шинэчлэл манлайлал хөгжил" хэмээх уриа орон нутагт, намын анхан шатны байгууллага бүрт хэрэгжихэд нийт гишүүдийн оролцоо, манлайлал, идэвх, санаачилга юу юунаас илүү ач холбогдолтой болсон үед манай үүрийн 90 гаруй гишүүн бат илэрхийлэхээ гардаж авлаа. Үүнээс өндөр настнуудын гэр орноор орж, бат илэрхийлэхийг нь гардуулж өгсөн. Соёмбо бүхий бат илэрхийлэхтэй болсондоо бид "Төрийн минь сүлд өршөө" хэмээн бэлэгшээж байна. Монгол Ардын Нам нийгмийн ардчилсан үзэл бүхий зүүн төвийн улс төрийн хүчин учраас бидэнтэй нэгдэхийг залууст уриалъя.
Баянгол дүүргийн есдүгээр үүрийн дарга Т.Мөнхзаяа:
Бат илэрхийлэх гардуулах ажилд гишүүд маань идэвхтэй оролцож байна
-Манай үүр 141 гишүүнтэй. Тайлан сонгуулийн хуралд 81 гишүүн хүрэлцэн ирж, Монгол Ардын Намын гишүүний шинэ бат илэрхийлэхээ авсан. Манай хуралд дүүргийн Монгол Ардын Намын дарга оролцож, гишүүддээ баяр хүргэлээ. Гишүүд маань энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдсан.
Баянгол дүүргийн 13 дугаар үүрийн дэд дарга Г.Самбуу:
Ямар нэгэн бэрхшээл гараагүй
-Би намд элсээд 46 жил болж байна. Шинэчлэгдсэн бат илэрхийлэхээ сая гардан авлаа. Манай үүр 187 гишүүний 134 нь хуралд ирж бат илэрхийлэхээ авсан. Бат илэрхийлэх солих ажилд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй. Харин гишүүдийнхээ ургийн овгийг бүртгэдэггүй байсан учир түүнийг олж бичихэд багахан хүндрэл учирлаа.
Улстөрийн тойм сонин