Сонгуулийн хуулийг өөрчилнө, үгүй
2011.01.13

Сонгуулийн хуулийг өөрчилнө, үгүй

Ардчилсан 140 гаруй орон пропорциональ системтэй

songuuli_mongoliaУИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Ардчилсан намын бүлгийн зүгээс сонгуулийн холимог системтэй байх нь зөв, үүнийг оруулъя гэдгийг аль хэдийнэ шийдсэн. Гэтэл УИХ-аар огт хэлэлцэхгүй байгаа. Дараагийн асуудал нь энэ удаагийн намрын чуулган үр дүн муутай болж байна. Миний харж байгаагаар УИХ цагаан сарын өмнөх орой завсарлах байлгүй. Гэтэл Сонгуулийн тухай хууль, Төсвийн тухай багц хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гээд олон чухал асуудал байдаг. Цагийг нь тулгаж байж нэг, хоёр долоо хоногийн дотор хэлэлцсэн болоод чанаргүй хууль гардаг. Сонгуулийн тухай хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан. Уг нь холимог тогтолцоог оруулбал зүгээр байдаг. Гэтэл намыг биш хүн сонгоно гэсэн Үндсэн хуультай холбоотой маргаан гардаг. Ардчилсан засаглалтай 140 гаруй орон пропорциональ тогтолцоогоор явж байгаа. Бүгд л шууд сонгоно гэсэн үг хуульдаа оруулдаг юм билээ.

Мөнгөний сонгууль болж байна

УИХ-ын гишүүн Дрвин:

-Сонгуулийн хуулийг бүхэлдээ тогтолцоогоор нь шийдэх асуудал. Холимог пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулах нь зүйтэй гэж би бодож байна. Тэгэхгүй бол мөнгөний сонгууль болдог. Асар их мөнгө цацаад л сонгуульд ялаад байдаг. Гарч ирсэн хойноо цацсан мөнгөө буцааж олж авахын төлөө зүтгэж байна. Монголын төр улстөрчдийг мөнгөнөөс хол байлгахад холимог тогтолцоо хэрэгтэй. Эцсийн эцэст нэг хүн Монголын төрийг удирдахгүй. Бүхэл бүтэн намынхаа үзэл бодол, онолоороо л удирдана. Ганцаараа гарч ирсэн ч,*арвуулаа гарч ирсэн ч юу ч хийж чадахгүй. Тиймээс бүхэл бүтэн намын байр сууриар улс орноо удирдана. Хамгийн гол нь мөнгөний сонгуулийг л үгүй хийх хэрэгтэй. Би гурван ч удаа УИХ-д сууж байна. Мөнгө цацаж орж ирсэн гишүүд ямар байгааг мэднэ. Тиймээс албан тушаалаар төр барьж улсын хөрөнгө мөнгө иддэгийг л болиулах хэрэгтэй.

2008 оны системээр явах нь зөв

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:

-Улс орны эрх ашгийг бодвол пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоог авч үзэх нь зөв. Сонгогдсон гишүүн зөвхөн нэг аймгийн ч юм уу, жижиг тойргийн эрх ашгийг хамгаалаад байна. Хувь тэнцүүлэх концепцийг оруулж, аль болох тойргийг томруулан,улс орны бодлогын чанартай асуудалд түлхүү анхаарлаа хандуулах утгаар энэ санааг ойлгоогүй шиг байгаа юм. Үндсэн хуулийн зарим үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэсэн асуудал гардаг. Тэгэхээр үнэхээр пропорциональ тогтолцоог оруулж болдоггүй юм бол, 2008 онд явуулсан хувилбараараа сонгуулиа явуулахад болохгүй зүйл байхгүй. Тэр тал руугаа явчих болов уу гэж би харж байна. 50:26 хувилбарын хувьд би дэмжихгүй байгаа. 50 гишүүнийг намын нэрээр сонгодог, 26 гишүүн өөрийн нэрээрээ дэвшихээр УИХ-ын хоёр өөр янзын гишүүн гарч ирэх гээд байна. Иргэн бүхэн тэгш эрхтэй байна гэдэг Үндсэн хуулийн заалттай нийлэх үү гэдэг асуудал гарна. Нөгөө тэмцэж байж гарч ирдэг нь алга болчихно шүү дээ. Ний нуугүй хэлэхэд сайн буухгүй л байгаа юм.

Сонгууль будлиантуулбал төрийн албанаас халъя

УИХ-ын гишүүн Я.Батсуурь

-Ер нь Сонгуулийн тухай хуулийг дараагийн сонгуульд зориулж батлах нь зохимжгүй. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө оролцох Сонгуулийн хуулийг өөрсдөө батлах нь утгагүй. Уг нь 2016 оны сонгуульд зориулсан хуулийг баталчихвал, эсвэл одоо баталсан хуулиа 2016 оноос хэрэгжүүлбэл илүү зохимжтой. Хоёрдугаарт, сонгуулийн будлианыг хуулиар хаах хэрэгтэй. Хорин жилийн хугацаанд янз бүрийн тогтолцоог туршиж үзлээ. Туршиж үзэх тусам сонгууль улам будлиантай, маргаантай болж эхэлсэн. Үүний үр дүнд долдугаар сарын 1-ний үймээн болсон ч гэж хэлж болно. Энэ луйвар, будлианыг хаахгүйгээр сонгуулийн ямар ч тогтолцоо байгаад нэмэргүй. Сонгуулийн будлиан тогтолцоондоо байгаа юм шиг янз бүрийн зүйл турших гээд байгаа юм. Түүнийг яаж хаах вэ гэхээр сонгууль будлиантуулсан хүмүүст хэдхэн зуун төгрөгийн торгууль ногдуулдаг хууль бий. Ингэж байгаад торгуулиа төлчхөөд дараа нь албан тушаал ахидаг зүйл их байна. Тэгэхээр Сонгуулийн хэсэг, хороонд ажиллах хүмүүсийг улс төрийн намуудаас ажиллуулах биш тангараг өргөсөн төрийн албан хаагчийг сонгох хэрэгтэй. Тангараг өргөсөн хүн түүнээс татгалзах ёсгүй. Хэрэв сонгуулийн будлианд орооцолдвол шууд төрийн алба хаах эрхийг нь бүх насаар нь хасаж, эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй.

Үндэсний цөөнхийг анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Жекей:

-УИХ-аас Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох2008-2012 оны тогтоол бий. Түүнд Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох асуудал орсон. Ер нь сонгууль болохоос өмнө сүүлийн 20-иод жилийн дотор Сонгуулийн хуулийн тухай олон удаа ярьсан. Бид бүх хувилбараар сонгуульд оролцож үзлээ шүү дээ.

 

Холимог пропорциональ систем бол нэг удаа туршаад үзчих хувилбар мөн. Манай орны хувьд энэ хувилбаруудын аль нь ашигтай гэдгийг судалж байна. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль улс орныг цааш авч явахад маш их хэрэгтэй, чухал хууль. Сонгуулийн тогтолцооны аль ч хувилбараар явсан хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Үндэсний цөөнх гэж хэлж заншсан тэр хүмүүс, мөн жендерийн асуудал байна. Дээр нь сонгогчийн санал хоцрохгүй байх хэрэгтэй. Иргэн бүр өөрийн сонгох хүндээ, нам хүчнээ гаргах үйл явц нь ил тод байх ёстой.

Холимог систем төр, ард түмнийг салгана

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Нэгдүгээрт, Сонгуулийн хууль Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн байх ёстой. Үндсэн хуульд төрийн түшээг шууд сонгоно гэсэн нь намыг сонгох биш хүнээ гаргана гэсэн санаа. Одоо УИХ дахь намын бүлгүүд холимог системд санал нэгдсэн байх. Тэр хувилбарын хамгийн маргаантай нь намыг сонгох уу, хүн сонгох уу гэдэгт байгаа юм. Миний хувийн байр суурь бол манай орон өргөн дэлгэр газар нутагтай, бүс нутгийн хөгжлийн түвшин адилгүй байна. Иймээс засаг захиргаа,орон нутгийн иргэдийн төлөөллийг шууд сонгодог, можаритари систем бидний амьдралд нийцтэй юм болов уу. УИХ-ын гишүүн шиг орон нутагт дор хаяж жилдээ хоёр удаа очиж, иргэд сонгогчидтойгоо уулзан, хүрч чадаж байгаа төрийн байгууллага ховор. Пропорциональ тогтолцоогоор явчихвал төр, ард түмний холбоо тасарчих байх. Яагаад гэвэл бүс нутгийн хөгжлийн түвшин олон түмний амьдралын түвшний ялгаа их байна. Ийм үед хуучин системээ барьж явах нь хэрэгтэй. Аливаа зүйл хоёр талтай. Можаритари системийн сул тал нь сонгогчдын санал эзэнгүйддэг. Холимог систем нь тэр эзэнгүйдсэн саналыг төлөөллөөр хангадгаараа давуу юм.

 

Эх сурвалж: Өдрийн шуудан

Т.Цэвээнгэрэл

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.