Д.Дэмбэрэл: Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө гэрээ юм
2011.01.13

Д.Дэмбэрэл: Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө гэрээ юм

-ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ДЭЭР ХЭЛСЭН ҮГ-

 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Ерөнхий сайд аа!

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ!

Ард иргэд ээ!

 

demberel_05Монгол Улс төрт ёсны олон зууны түүхтэй орон билээ. Энэ түүхэн явцдаа бид Үндсэн хуульт байгуулалд шилжсээр 90 шахам жил боллоо. БНМАУ-ын Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж тунхаглажээ. Ийнхүү Азийн орнуудын дотроос хаант засгийг халж, Бүгд найрамдах Улсыг  тунхаглан зарлаж, Үндсэн хуулиа баталсан анхны  орон билээ. Үүгээрээ Монголын ард түмэн бид бахархах бүрэн үндэстэй.

 

Өнгөрсөн хугацаанд бид  улс орны оршин тогтнож хөгжихийн баталгаа болсон Үндсэн хуулиа цаг үеийн шаардлага, нөхцөл байдлыг харгалзан улам боловсронгуй болгож ирлээ.

 

Анхдугаар Үндсэн хуулийг 1940, 1960 онд тус тус шинэчилсэн бөгөөд үүнд нийтээрээ, тэгш эрхийн үндсэн дээр саналаа шууд, нууцаар гаргах сонгуулийн ардчилсан  зарчмыг тогтоож, бүрэн эрхт байдал, төрийн байгууллагыг бэхжүүлэх, хүн ардаа эрүүл, боловсрол, соёлтой болгох, улс орноо хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

 

1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурал  нийгмийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлсон Үндсэн хууль баталсан юм. Үндсэн хуульд  Монгол Улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилт, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, зах зээлийн  харилцааны зарчмуудыг тод томруун тусгаснаараа онцлогтой, түүхэн ач холбогдолтой.

 

Энэ Үндсэн хуулийг ард түмнээрээ З сар гаруй хугацаанд хэлэлцүүлэн, нийт 900 мянга гаруй хүнээс давхардсан тоогоор 200 мянга гаруй саналыг авч Улсын Бага Хурлаар 4 удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан. Ард түмний хүсэл зориг, сонголтыг ийнхүү баталгаажуулсан. Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмний хамтын бүтээл, хөгжил дэвшлийн төлөө гэрээ юм. Үүний цаана Үндсэн хуулиа дээдэлж сахих гүн утга учир бий. Чухам ийм учраас түүний зүйл, заалт нэг бүрийг төрийн удирдах дээд байгууллагаас авахуулаад иргэн бүр ягштал биелүүлэхийн төлөө хичээн зүтгэдэг.

 

Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 19 жилд манай орон улс төр, нийгэм, соёл, боловсрол, эдийн засгийн чамгүй амжилт, үр дүнд хүрлээ. Эдийн засаг бүхэлдээ тэлж, тогтвортой өсөх боллоо. Төсвийн орлого, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Эдгээр нь нийгмийн хурц асуудал болсон ажлын байр нэмэгдэх, иргэдийн мэргэжил боловсрол эзэмших, улмаар аж амьдралаа өөд татах сайхан боломжийг бүрдүүлэх нь дамжиггүй. Энэхүү ололт амжилтад тайвшрах биш, харин ч илүү ихийг бүтээхийн төлөө төр засаг, ард иргэд нийтээрээ хамтран хүчин зүтгэх хэрэгтэй байна. Монгол орны өнөө ба ирээдүйн төлөөх иргэдийн өөрсдийнх нь идэвх чармайлт нэн чухал байна.

 

Үндсэн хуулийн биелэлтийг хангах болон Үндсэн хуулийн асуудалд монголчууд бид ул суурьтай хандаж ирсэн. Үүний илэрхийлэл бол 1990 оны Үндсэн хуулийн Нэмэлтийн хуулиар дамжин одоогийн Үндсэн хуульд шилжсэн явдал юм. Энэ нь Үндсэн хуулийг тасралтгүй дагаж мөрддөг зарчмыг баттай баримталдгийн тод жишээ болсон билээ.

 

Үндсэн хуулийнхаа ийм дархлааг хангах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ч бид мөн л нухацтай хандаж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар өнгөрсөн онд Ажлын хэсэг байгуулан эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачдыг оролцуулж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг саяхан батлан гаргалаа.

 

Энэхүү хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон гол үзэл баримтлал, үндсэн бүтэц, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг   хязгаарласан юм. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулахгүй байх, төрийн эрх мэдлийг хуваарилсан зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчилсан ёс, шударга ёсыг сахих, хууль дээдлэх, Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд  нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдах, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч олон хэвшил бүхий эдийн засагтай байх, монгол хэл төрийн албан ёсны хэл мөн болох, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах зэрэг 25 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон юм.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг сахин хангасан байх ёстой.

 

Хуулиар тавигдаж буй энэ бүх шаардлагыг Үндсэн хуулийг хөдөлшгүй гэсэн утгаар нь царцанги, зогсонги байдлын илэрхийлэл мэтээр үзэж байгаа юм биш ээ.

 

Нийгмийн хурдацтай хөгжил, бодит байдлын өөрчлөлт, цаг үедээ тавигдаж буй шаардлагад зарим зүйл заалт төдийлөн нийцэхгүй болсныг нийгмийн амьдралын 20-иод жилийн үр дүн харуулах боллоо.

 

Үндсэн хуулийг нэг мөр ойлгож, онол арга зүйн хувьд улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр Үндсэн хуульд тайлбар хийх зохицуулалт байхгүйгээс сонгогчдын “шууд сонгох эрх”, хотын эрх зүйн үндэс, засаг захиргааны үндсэн нэгжийн удирдлагыг сонгох, томилох зэрэг асуудлаар маргах, өөрсдийнхөөрөө тайлбарлах явдал гарсаар байна. Түүнчлэн арван жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг судалгаа, үндэслэл муутай хийлээ гэж нийгмийн нэг хэсгийн зүгээс эсэргүүцэх явдал ч гарсаар байна. Сүүлийн үед хууль санаачлагч субъектүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэх боллоо. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах асуудлыг судлан үзэж санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг захирамжаараа  байгууллаа.

 

Энэ Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд ажиллах болно. Тэгэхдээ иргэний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амьд явах нөхцөлийг баталгаатай бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг оновчтой болгох, Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, түүнчлэн Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд, олон нийтийн зүгээс гарч буй саналыг судлан үзэж, төсөл боловсруулах үүрэгтэй юм.

 

Үндсэн хуульд нэгэнт оруулсан өөрчлөлт нь хуульд зааснаар 8 жилийн хугацаанд хөндөгдөхгүй, тогтвортой мөрдөгдөх тул Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хууль санаачлагчид тус тусдаа боловсруулах биш, гаргаж буй саналуудыг ул суурьтай судлан үзэж, нэгдсэн байдлаар цэгцлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиа дээдлэн сахих зарчмыг чанд баримтлах нь чухал. Өөрөөр хэлбэл нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцэж байх шаардлагыг ямар ч тохиолдолд сулруулах ёсгүй гэсэн үг ээ. Үндсэн хуулиа бүх нийтээрээ эрхэмлэн хүндэтгэж, сахин биелүүлснээр Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, төрийн тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг хамгаалж, хөгжил дэвшлийг хангасан үйл хэрэг болох билээ.

 

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан эрхэм хүндэт Их Хурлын гишүүд Та бүхэнд болон Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууддаа, Монголын нийт ард иргэд, сонгогчиддоо мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.