Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ
2011.01.13

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэchuulgan_pmлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн илтгэл, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан санал дүггэлтийг сонсов.

 

УИХ-ын 1988 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрт “Монгол орны экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх ажлыг эрчимжүүлж нийт газар нутгийн 30-аас доошгүй хувьд хүргэх” зорилт дэвшүүлсэн.

 

Газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын дээд хэлбэр агаад дэлхийн улс орнууд ч нутаг дэвсгэрийнхээ тодорхой хувийг тусгай хамгаалалтад авсаар байна. Экологийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьсан менежмент бүхий тогтолцоог бэхжүүлэн экологийн эмзэг орчин бүхий унаган байгалиа хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа хүн төрөлхтөний соёл иргэншлийн нийтлэг ололтоор баяжуулан хөгжүүлэх үүднээс зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэж Засгийн газар үзжээ.

Энэ үндсэн дээр Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим сумдын хэсгийг хамран оршдог Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, Дэлгэрхаан уул, Малгарын уул, Говь-Алтай аймгийн Хар Азаргын нуруу, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумдын нутгийг дамнан оршдог Бага газрын чулуу, түүний орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж байнгын хороо тогтоолын төслийг энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Ж.Энхбаяр нар зарим тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин ашигт малтмал олборлож байгааг анхаарч хамгаалалтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдвал зохих зарим газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас уг газар нутаг нь тусгай хамгаалалттай  газарт хамрагдаж чадахгүй байгааг холбогдох хууль тогтоомжийн дагуу таслан зогсоох аргам хэмжээ авах, гишүүн Д.Энхбат Горхи-Тэрэлж зэрэг тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрчимжсэний улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь ашигт малтмалынхаас ч илүү хортой байх магадлалтай байгаад анхаарал хандуулж, энэ чиглэлийн бодлогоо тодорхой болгох зэрэг санал гаргасныг төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нарийвчлан авч үзэх шаардлагатай гэж байнгын хороо үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Шинэбаяр, Л.Гүндалай, Р.Буд, Д.Зоригт нар асуулт асууж, гишүүн Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Л.Гүндалай нар саналаа хэлэв. Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 36 нь буюу 90 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэлэлцэж амжаагүй зарим асуудлыг дарааллын дагуу маргааш хэлэлцэхээр болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.