Ерөнхийлөгч “Цэвэр агаар” төсөлтэй танилцаж, хотын агаарын бохирдлыг бууруулах талаар иргэдтэй санал солилцов
2011.01.14

Ерөнхийлөгч “Цэвэр агаар” төсөлтэй танилцаж, хотын агаарын бохирдлыг бууруулах талаар иргэдтэй санал солилцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хороонд ажиллаж, Мянганы Сорилын Сангаас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төсөл,  зарим айлуудын түлш, дулааны асуудлаа шийдвэрлэсэн байдалтай танилцаж, иргэдтэй агаарын бохирдлыг бууруулах асуудлаар санал солилцлоо. agaa_presidany

Ерөнхийлөгч эхлээд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байх Мянганы Сорилын Сангийн загвар гэрт очлоо.

Монгол Улсын Засгийн газраас санал болгосны дагуу, Мянганы Сорилын Корпораци  2009 оноос судалгаа хийж, 2010 оноос эхлэн  “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.  Гэр хорооллын иргэд эрчим хүчний хэмнэлттэй сууц, бүтээгдэхүүн ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулахыг энэ төсөл гол зорилгоо болгожээ. Чингэлтэй дүүргийн 12-р хорооноос  төслийн туршилтын ажил эхэлж, эхний ээлжинд иргэдэд хөнгөлөлттэй үнээр гэрийн дулаалга олгож  эхэлжээ.

“Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах олон арга замын нэг боловч, иргэдэд шууд чиглэж эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог, үр дүн нь ч богино хугацаанд гарч байна” гэж Мянганы Сорилын Сангийн захирал С.Баярбаатар ярив.

“ Бага мөнгөөр илүү дулаан амьдрах бололцоотой болохыг бид туршиж, нэвтрүүлж байна. Төсөлд хамрагдсан иргэд гэрийн дулаалга, гонх /үүдний амбар/ худалдан авахдаа 70-80 хувийн үнийн хөнгөлөлт эдэлж байгаа юм. Одоогийн байдлаар 7 мянга орчим айл өрх гэрээ дулаалаад байна. Өрх айл сайжруулсан дулаалга, гонх хэрэглэснээр түлээ, түлшний зардлаа 30 хувь хэмнэж байгаа тооцоог бид хийсэн. Үнэхээр ч  гэр дулаанаа алдахгүй байх нь түлшний зарцуулалтыг эрс бууруулж байгааг иргэд хэлж байна.” хэмээн Мянганы Сорилын Сангийн  “Цэвэр агаар” төслийн захирал С.Мангал танилцууллаа.

Тус хорооны оршин суугч Мөнхжаргалынх “Цэвэр агаар” төслийн санал болгож байгаа дулаалга, гонх, түлшний хэмнэлттэй зуухыг хэрэглэж байна.  Гэр нь дулаахан, бас нүүрс үнэртэхгүй цэвэр байх ажээ. “ Төслөөс хөнгөлөлт үзүүлсэн учраас худалдаж авахад ч, хэрэглэхэд ч хэмнэлттэй юм.  Айл бүр манайх шиг гэрээ дулаалаад, түлшний хэмнэлттэй зуухыг хэрэглэвэл хотын утаа байхгүй болно гэж бид боддог болсон.  Гэрээ дулаалахгүй байх, нүүрс , хог хаягдал хаймар түлэх гэх мэт хэрэглээний буруу дадлаа өөрчлөөсэй гэж иргэддээ хандан хэлмээр байна” гэж гэрийн эзэгтэй Б.Хандхүү ярьж байлаа.

Энэ өрхийн хэрэглэж байгаа түлшний хэмнэлттэй зуух сайн халдаг ажээ. Өмнө нь энгийн зуух хэрэглэдэг байхад өдөрт 2-3 шуудай нүүрс түлдэг байсан бол, энэ зуухыг хэрэглэж эхэлснээр тал шуудай нүүрсээр 12 цаг халаадаг болжээ. Турк улсад үйлдвэрлэсэн “Силвер” брэндийн энэ зуух дотроо тоосонцрыг давхар шатаадаг тул утаа гарах нь бага, үнэр гарахгүй, бас сайн халдаг юм байна. Мянганы Сорилын сангийн дэмжлэгээр айл өрхүүдэд худалдаалахад бэлэн болсон бөгөөд, үнэ ханшийг  энгийн зуухтай адил байхаар төлөвлөж байна гэж төслийн мэргэжилтнүүд танилцуулсан юм.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чингэлтэй дүүргийн 12-р хорооны зарим иргэдтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулах боломжуудын талаар санал солилцсон. Цахилгааны үнийг бууруулах нь утааг багасгах хамгийн үр дүнтэй арга гэж иргэд ярьж байлаа.   Өрхүүд аль болох утаа гаргахгүй байхын тулд цахилгаан халаагуур ашиглах нь олширсон ч , эрчим хүчний үнэ өндөр байгаагаас болоод  тэр бүр цахилгаанаар халааж чадахгүй байна гэлээ. Мөн түлшний хэмнэлттэй зуухыг, гэрийн бүрээс  дулаалгыг  хямд үнээр борлуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж иргэд саналаа хэлж байлаа.

Иргэдтэй санал бодлоо солилцож, тэдний үгийг сонссоны дараа Ерөнхийлөгч иргэн М.Ариунболдынд очлоо. Эднийх цахилгаан халаагуураар дулаалгын асуудлаа шийджээ. Гэрт 0,7 квт-ын хүчин чадалтай 3 халаагуур байрлуулсан байв. “ Энэ халаагууыг хэрэглэдэг болсноор бид  нүүрс түлснээс илүү дулаан амьдрах болсон. Сард цахилгаандаа 30 мянган төгрөг төлж байна. Энэ нь нүүрс худалдаж авснаас  2 дахин хямд зардалтай болж байна гэсэн үг” гэж гэрийн эзэгтэй хэлэв. “Теплофон” нэртэй уг халаагуур хүний эрүүл мэндэд хоргүй, галын аюулгүй, 15-20 жилийн баталгаат хугацаатай болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа.

Энэ мэт айл өрхүүд утаанаас салах арга зам хайж, төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр дулаан, түлшний асуудлаа шийдвэрлэдэг болжээ. Гэсэн ч өнөөдөр жил ирэх бүр гэр хорооллын хаяа тэлж, агаарын бохирдлын 90 гаруй хувийг “үйлдвэрлэдэг” гэр хороололд амьжиргааны түвшний доройтол зонхилсоор байгаа юм.

Ерөнхийлөгчийн хэлснээр нийслэлийн агаарын бохирдлын асуудал “гамшгийн хэмээнд” хүрчихээд байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “ Цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг дахин хэлье.  Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт орчихоод байгааг олон улсын байгууллага судалж тогтоосон байна. Манай нийслэлийн дараа орж байгаа хотын агаарын бохирдлын хэмжээ Улаанбаатрынхаас бараг 2 дахин бага байгаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн байдал түгшихгүй байхын аргагүй доройтолд хүрчихээд байна. Дөнгөж төрсөн хүүхэд цоорхой уушгитай төрж байна. Утааны голомтод амьдарч байгаа хүн бүр өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай адил хэмжээнд  хордож байна. Эмнэлэгт үзүүлсэн хүн бүрийг утааны хордлоготой гэж оношилдог болжээ. Нийслэлд амьдарч байгаа иргэдийн дунд хамар, залгиурын эрхтний өвчлөл хөдөө орон нутгийнхаас 6 дахин их байна. Энэ мэт түгшүүртэй тоо баримт олон байгаа. Монгол хүний удмын сан, генийн асуудал санаа зовоож байна.

Шинэ эрчим хүчний эх үүсвэртэй болох, одоо байгаа дэд станц болон дамжуулах шугамуудаа шинэчлэх замаар хүчин чадлаа нэмэх, эрчим хүчний үнийг хөнгөлөх, түүхий нүүрс түлэхийг тодорхой бүсд хориглох, утааг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх гэх мэт цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх шаардлагатай алхамууд байна.

Бид Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр утааны асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргана гэсэн чиглэлтэй байгаа” гэж ярилаа.

Ерөнхийлөгчийг дагалдан, УИХ-ын дэд дарга Г.Батхүү , МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Л.Гансүх, УИХ-ын гишүүн ЭМ-ийн сайд С.Ламбаа болон зарим байнгын хороодын дарга нар, нийслэлээс сонгогдсон зарим УИХ-ын гишүүд, ЕТГ-ын дарга Д.Баттулга болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд , нийслэл хотын удирдлага , утаатай тэмцэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл ажиллалаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн утаа, агаарын бохирдлын байдалтай газар дээр нь танилцах ажлаа  үргэлжлүүлэх болно.

Эх сурвалж President.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.