Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг дэмжлээ
2011.01.17

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцлээ.
an_namiin_bair
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай холбогдох бусад хуулийн төслүүд болон Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өмнөх бүлгийн хуралдаанаар зарим сайд нарыг байлцуулж хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа. УИХ-аас баталсан улс орны хөгжлийн шинж чанартай томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар арилжааны нөхцөлтэй зээл авах, зээлийн баталгаа гаргах эрхийг олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилготой уг төслийг бүлгийн гишүүд зарчмын хувьд дэмжлээ. Бүлгийн гишүүд Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлж хэрэгжүүлэх асуудлыг голлон хариуцах Сангийн сайд С.Баярцогт болон Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нараас тодорхой асуултуудад хариулт авсан юм.


Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцлээ. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Д.Баттулга танилцуулав. Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг танилцууллаа. Хууль батлагдсан тохиолдолд  хувийн сонирхлын талаар төрийн болон нийтийн  албанд ажиллагсад шинээр мэдүүлэг гаргадаг болох юм. Энэ мэдүүлгийн загварыг хуулийн хүрээнд ямар байдалтай  байхыг эхний ээлжинд гаргах, хууль хэрэгжүүлэх явцад гарах хүндрэл бэрхшээл, ойлгомжгүй байдлыг урьдчилан тооцох горимын саналыг бүлгийн гишүүд гаргалаа. Ийнхүү гаргасан загварын дагуу мэдүүлэг бөглөхөд ямар асуудлуудыг гүйцэд боловсруулах шаардлагатай байхыг  харгалзан ажлын хэсгийн дүгнэлтээ эцэслэн боловсруулъя гэж шийдвэрлэв.

Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон ч асуудал танилцуулах салбарын сайдын хийх танилцуулгын цаг давхцсан тул хэлэлцэхийг түр хойшлууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.