"Оюу толгой" ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хэлэлцлээ
2011.01.18

"Оюу толгой" ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо.

oyu_tolgoi_01

Хуралдаанаар 2010 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан "Оюу толгой" ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, дүнг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

 

”Оюу толгой” төслийн Техник-эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулан ажилласан юм.

 

2010 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн АБГБ-ын байнгын хорооны хуралдаанд тус Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож байсан. Түүнчлэн  Оюу толгой ХХК, Усны хэрэг эрхлэх газраас тус бүр 1 удаа, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2 удаа тус Байнгын хороонд хариу ирүүлж байв.  Мөн Ажлын хэсгээс 2010 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн хууль гарсны дараа Байнгын хорооны тогтоол гаргахаар шийдвэрлэж байсан билээ.

 

Харин өнөөдөр 2011 оны 1 дүгээр сар 18-ны өдрийн хуралдаанд дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ш.Сайхансамбуу танилцуулга хийсэн. Тэрээр холбогдох асуудлаар Засгийн газарт хандаж чиглэл болгосон дөрвөн заалт, зүйлийн талаар гишүүдэд уншиж сонсголоо.

 

УИХ-ын гишүүн З.Энхболд,  энэхүү дөрвөн заалтын талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг сонирхож байв. Сангийн сайд С.Баярцогт, агуулгыг бол дэмжсэн, гэхдээ хэлбэржүүлэхдээ хоёр тогтоол болгох нь зүйтэй болов уу гэж байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир, Ц.Шинэбаяр, Х.Наранхүү, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нарын гишүүд тогтоолын төслийн редакцийн саналаа хэлж байв.

 

Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай санал хурааж гишүүд дэмжсэн бөгөөд Засгийн газарт хүргүүлэхээр болсон.

 

Маргааш, 2011 оны 1 дүгээр сарын 19-ний 13.00 цагт Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу дээрх асуудлаар  сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.