Д.Зоригт сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ
2011.01.21

Д.Зоригт сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын  нэгдсэн чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын  20-ны 15 цагаас үргэлжлэн хуралдлаа.

zorigt_d_sad

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд танилцуулсан. Энэ үеэр Ц.Баярсайхан гишүүн асуулт асууж, дараа нь байнгын хорооны  горимын санал буюу анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд  дэмжлээ.  Үүний хамт УИХ-ын тогтоолын төсөл ч мөн батлагдсан юм.

 

Дараагийн асуудал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Таримал ургамалын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа.

 

Энэ талаарх УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулав.

 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Ганбямба асуулт асууж, тусгай зөвшөөрөл дээр ач холбогдол өгч буйгаа дурдаад, хүссэн хүсээгүй авилга бий болгодог зүйл чинь энэ. Тэгэхээр байнгын хороо хүнд суртал, авилгыг багасгах буюу тусгай зөвшөөрлийг цөөрүүлэхэд хэр зэрэг ач холбогдол өгч ажилласан бэ хэмээн асуусан. Үүнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт хариулахдаа, энэ удаа 107 тусгай зөвшөөрөл үгүй болсон, энэ бол нэг алхам. Гэхдээ энэ нь эцсийн ажил биш. Мэдээж цаашид үргэлжлэнэ. Гэхдээ зайлшгүй байх ёстой зөвшөөрлүүд байгаа гэж хэллээ.

 

Спикер эдгээр багц хуулийн талаар анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн бөгөөд хууль тус бүрийг дурдаж батлах тухай санал хураалт явуулахад нэгдсэн чуулганд оролцож буй гишүүд дэмжсэн юм.

 

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр болов.  Энэ үеэр чуулганы хуралдаан хэсэг хүлээгдэж, Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргасан зарим гишүүнийг танхимд орж ирэх, мөн Ерөнхий сайд хүрэлцэн ирж хуралдаанд оролцохыг хүлээсэн ч цааш үргэлжиллээ.

 

Засгийн газрын гишүүнийг огцруулах саналын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ танилцуулсан юм. Тэрээр, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах санал оруулахад хүргэсэн долоон шалтгааныг дурдаж, дэлгэрэнгүй танилцуулсан.

 

Түүнчлэн  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцуулж дууссаны дараа асуулт асуухаар гишүүд нэрсээ өгч эхлэв.

 

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн асуухдаа ...усны хуулийн холбогдох заалт гээд өргөн хүрээтэй хэлэлцэх асуудал байх шиг байна. Тэрхүү тогтоосон хэмжээнд хэд хичнээн компани байгаа, тэр заагт хичнээн хайгуулын лиценз, ашиглалтын лиценз байгааг тодруулж хэлнэ үү гэв.

 

Энд сайдыг огцруулах санал оруулсан гишүүдийн нэг Ц.Сэдванчиг хариулсан, тэрээр холбогдох хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-д заасныг болон 4-ийн 5-д заасан заалтыг уншиж, хориглосон талбайд ашиглалтын зөвшөөрөл олгохгүй гэдгийг нь тодруулав. Хуульд хориглоно, хориглосон талбайд зөвшөөрөл олгохгүй гээд заасан байгаа гэж байлаа. Мөн нөхөн төлбөрийн талаар тодотгосон.

 

Энэ үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, хилийн зааг тогтоо, тэгээд олон нийтэд мэдээл гэсэн УИХ-ын тогтоол байгаа. Гэтэл үүнийг гурван сарын хугацаанд хийчих ажил биш юм билээ. Тэгээд кадастрын зураглал гаргаж байх явцад 57-р тогтоолын дагуу олон нийтэд мэдээлэх ажлыг хийж,  лицензүүд цуцлана гэдгийг зарласан гэж байв.

 

Аж ахуйн нэгжүүдээс судалгаа авсан, 4-5 их наядын хооронд нөхөн төлбөр олгоно шүү гэж тэд мэдэгдсэн. Үүнийг судалж байгаа. 380 гаруй ашиглалтын лиценз дээр Монголбанкнаас бичиг ирсэн байгаа, өр зээл их байгаа гэж. Өр, зээлийг төлүүлэх гэдэг дээр анхаарлаа хандуулаарай гэсэн байгаа гэж Д.Зоригт сайд хариулж байлаа.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба энэ огцруулах тал дээр сайд өөрөө ямар бодолтой байна вэ, ер нь тэгээд нэг сайдаар хариуцлага тооцоод явах юм уу, танхимын зарчмаар тооцоод явах юм уу. УИХ өөрөө энэ тал дээр зарчмаа тогтоод явах хэрэгтэй байна гэсэн.

 

Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулахдаа, зөвхөн оруулж ирсэн асуудлын хүрээнд асуудлыг шийдсэн гэдгээ хэлэхэд, Спикер асуудал хуулийнхаа хүрээнд явж байгааг хэлж, ерөнхий зарчмын хувьд Н.Ганбямбын хэлж байгаа нь зүйтэй. Гэхдээ сайд Д.Зоригтын хувьд гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудал ярьсан тул тэр асуудлынх нь хүрээнд л шийдэж байгаа гэлээ.

 

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, энэ бол надтай холбоотой гээд энэ 7 асуултад долууланд нь хариулт надад байгаа гэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ярихдаа, энд бас гишүүдийн тавьсан зүйлд хууль зүйн үндэстэй зүйл байгаад байх шиг байна. Сайд та материал гаргаж өгөхгүй Ц.Батбаяр сайдад “луу унжиж” байсан нь үнэн үү гэв. Мөн та Эрчим хүчний мэргэжлийн бус хүн тус салбарыг удирдах нь хэр зөв бол гэдэгт хариу өгнө үү. Судалгаа хийхгүйгээр кабинетийн зарчмаар ярилцаад зөвшөөрлийн асуудлыг шийдэв үү. Та томилсон хүмүүсийнхээ нэр хүнд, итгэлийг дааж ажиллах хэрэгтэй байх, ер нь бол, хэрэв би таны оронд байсан бол огцорсон доо, та залуу хүн ирээдүйгээ бодох хэрэгтэй гэсэн юм.

 

Асуултад Д.Зоригт сайд хариулахдаа, Ц.Батбаяр гишүүнд явуулсан албан тоотуудынхаа  талаар дурдаж, хэд хичнээн хуудас материалыг хэдэн сарын хэдний өдөр явуулснаа нэг бүрчлэн тоочиж  хэлсэн юм. Гэхдээ энд бага зэрэг цаг хугацаа ордгийг дурдаж, удаасан явдал бий, хүлцэл өчиж байна гэлээ. Тэрээр мэргэжлийн, мэргэжлийн бус хүн гэдэгт итгэл дааж ажиллахыг хичээдэг гэж байв.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Монголын ард түмний төлөө төр засаг дуугарах ёстой гэдэг үүднээс би дуугарсан. Тэрнээс бус хэдэн хуудсыг юу ч мэдэхгүй хүүхдээр өгч явуулсныг хэлээгүй ээ гээд 6-р сарын 14-ний өдрийн явуулсан хүсэлтээ   нэг бүрчлэн тоочин, бүрэн эхээр нь уншлаа. Тэнд Оюутолгой компанийн талаар хүсэлт гаргасан тов тодорхой хүсэлт бичигдсэн болохыг хуралдаанд оролцсон гишүүдэд сонсголоо.

 

Монголын эрчим хүчний систем бие даасан систем мөн гэдгийг Д.Зоригт сайд хэлээд, энэ өвлийн оргил ачаалал 700 гаруй мегаватт-д анх удаа хүрсэн гэлээ. Тэрээр энэ удаа Ц.Даваасүрэн гишүүний асуултад хариулж байв.

 

Ц.Батбаяр гишүүний асуултын хувьд хугацаа алдсандаа хүлцэл өчиж байгаагаа хэлж,  хуулийн дагуу  авч болохгүй зүйл бас байдаг гэдгийг хэлэв.

 

Энэ үеэр Засгийн газрын гишүүний асуудал яригдаж буйтай холбогдож  Ерөнхий сайд асуултад хариулж, үг хэлсэн. Тэрээр  анхаарах ёстой зүйл ч байгааг дурдаад, эрчим хүчний салбарын ажил боломжийн байгаа, гэвч болох, болохгүй зүйл байвал цаашид анхаарах хэрэгтэй нь зүй ёсных гэж байлаа.

 

Ц.Батбаяр гишүүн, зэрэгцэж суучихаад л өгсөн гэж гөрдөөд байх юм. Энийг одоо яах вэ. Өгөөгүй ээ, тэгээд л би асуугаад байгаа юм. Хариу авсан бол юу гэж дахин дахин асуугаад байх вэ гэлээ.

 

Ц.Сэдванчиг гишүүн, кадастрын зураг, солбилцлын зураг гарсны дараа хууль эхлэх мэтээр яриад байна. Хууль гарсан, батлагдсан л бол үйлчлэх ёстой гэж байв. Ойн сав, усны сан гэдэг бол маш тодорхой, гэтэл үнэн чанартаа энэ хууль гарснаас хойш голын эх болон бусад газарт ашиглалт яваад л байгаа. Ингэж мэдэн будилж болохгүй гэлээ.

 

С.Эрдэнэ гишүүн, байнгын хорооны хурал дээр ч мөн ингэж гуйвуулж тайлбарласан, одоо чуулган дээр бас ингэж байна, олон түмний толгойг буруу угааж байна. Хууль зөрчсөнөө хүлээгээч.   Гаднын хөрөнгөтэй мөнгөтэй компанийн эрх ашгийг хамгаалаад сууж байна, аудитын газар ч гаргуулж авч чадахгүй байна. Төрийн байгууллагаас илүү эрх мэдэлтэй гаднынхан их байна. Та ийм байдлаар асуудалд хандаж болохгүй, хариултаа нотлох баримттай хуулийн зүйл заалтын хүрээнд хийгээч гэв.

 

З.Энхболд гишүүн хэлэхдээ, би энэ гурван гишүүний асуудлыг дэмжиж байгаа юм. Учир нь тэдний тавьсан энэ асуудал нэлээн дээрээс эхэлсэн гэдгийг хэлээд, хууль батлагдаад, өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Элдэв шалтаг тоочсоор байгаад Д.Зоригт сайд хууль ч хэрэгжүүлсэн юмгүй, ажлаа ч хийсэн юмгүй өнөөдөр огцордог дээрээ тулж байгаа юм. Хууль хэрэгжүүлэхгүй байх бүхий л шалтагийг бодож олж байна. Цаана нь хэдэн алтны компани байдаг байх. Өнөөдөр бид хууль батлаад, тэрийг нь хэрэгжүүлэхгүй байгаа хүнийг УИХ  огцруулахгүй гээд санал гаргавал энэ хуулиа больж, цуцалж буйтай агаар нэг гэлээ. 192 лиценз байна, зөвшөөрөл олгохыг хориглосноос хойшхи. Би энэ Зоригтоос юм асуухгүй,  сонин зүйл өөдөөс яриад байдаг хүн, байгаль орчны байнгын хороогоор энэ асуудал орсон эсэх, яагаад ороогүй юм бол гэж тэрээр УИХ-ын удирдлагаас асууж байлаа.

 

Энэ үеэр бид маш том асуудлыг амжуулсан гэж БОАЖ-ын сайд Л.Гансүх ярьсан. Тэрээр бүх координатаар давхацлыг хийж, нэгбүрчлэн хийгээд Засгийн газарт танилцуулсан. Зүгээр нэг аж ахуйн тайлан гаргахад яадаг билээ. Эхний ээлжинд ашиглалтын шороон ордын лицензийг цуцлах нь зөв гэж үзсэн гэлээ.

 

УИХ-ын дарга хэлэхдээ, анх энэ сайдыг Эдийн засгийн байнгын хороогоор   томилсон. Холбогдох, харьяалах хороо нь саналаа оруулдаг энэ хуулиа барьсан гэж байв.

 

Э.Бат-Үүл гишүүн, анх түүнийг томилогдоход нь хэлж байсан үгээ давтаад тэр үгийг  ер ойлгоогүй явсан юм уу даа гэлээ. Би өөрийг чинь хууль хэрэгжүүлээд явж байна гэж бодсон чинь, үгүй юмаа. Яагаад тэгэв ээ. Та бол Оюутолгойг зүгээр нэг компанитай адил үзээд байна уу, энэ чинь стратегийн орд газар тул Монгол төрийн анхааралд нь байдаг. Тэгээд яагаад өнөөдөр ингэж асуудалд хандаад байгааг ойлгохгүй байна гэж байв. Зөвхөн тантай холбоотой яригдаад байгаа томхон хоёр асуудлаас ярья л даа, тэр тендерийн асуудал. Бараг энэ эхний 2 байхад л огцроход хангалттай гэсэн.

 

Харин Э.Бат-Үүл гишүүний захисныг санаж байгаа гэдгийг Д.Зоригт сайд хэлээд бүх газарт бүтэн жилийн турш хуулийн хэрэгжилт хийгдээд явж байгаа гэсэн. Оюутолгойн хувьд холбоотой бүх зүйлийг нь өгсөн. Гэхдээ өөрсөддөө байгаа мэдээллийг хуулийн хүрээнд л өгсөн, харин тендерийн хувьд хууль хяналтын байгууллага нь шалгасан гэдгийг хэллээ.

Э.Бат-Үүл гишүүн сайдыг асуудлаа ойлгооч, ямар чухал асуудалд орооцолдсоноо мэдрээч гээд байна л даа гэв.

 

Д.Тэрбишдагва гишүүн, өнөөдөр хамтарсан Засгийн газрын нэг сайдын асуудлыг хэлэлцэж байна. Гэтэл Оюутолгойн асуудал бол Монгол Улсын эрх ашиг, хувь заяатай холбоотой асуудал ярьж байхад Засгийн газрын гишүүд өнөөдөр энд алга байна. Тэртээ тэргүй Д.Зоригт огцрохгүй байх гэсэн бодол байгаад байна гээд энэ Оюутолгойн араас яригдаж байгаа маш олон асуудлыг та бүхэн судалж үзсэн юм уу гэлээ. Баталсан хуулийн талаар судалгаа хийгээд, сайд ямар ямар хууль зөрчсэн бэ гэж Ц.Сэдванчигаас асуулт тавиад хариулт нь маш тодорхой ирсэн гэж байлаа. Тэрээр тодорхой хуулийн зүйл, заалтыг зөрчсөн юм бол хариуцлага хүлээх хэрэгтэй шүү дээ. Санал оруулсан гишүүд энийгээ хэлээч гэв.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ асуултад хариулж, тогтоолын хэрэгжилт үнэхээр хангалтгүй байгаа, бид энд ийм зүйл ярьж байхад Монголын хамаг баялаг урсаад дууслаа, үүн дээр ЭБЭХ-ний сайд анхаардаг юмуу, эзэн байна уу гээд Таван толгойн асуудлаар жишээ авсан юм. Налайхад нас барсан 43 хүнийг яах гэж байна, та үүнд ямар чалхам хийгээгүй. Тэдний ар талыг ярихад өчнөөн хүний аж амьдрал байгаа. Ийм байдлаар асуудал яригдах уу гэсэн.

 

Ц.Сэдванчиг гишүүн хэлэхдээ, сайдыг огцруулах үндэслэлийн талаар тайлбарлан бичиж бүх гишүүдэд тараасан, зарим нь уншсан байна. Урт нэртэй хууль гээд байгаа ч маш ойлгомжтой хууль юм гэж хэлээд дахин тайлбарласан. Д.Зоригт сайд энэ хуулийг дагаж мөрдөх журам , тогтоол зэргийг хольж яриад байгаа нь санаатай эсэхийг мэдэхгүй гэлээ. Хөдөлшгүй баримт байгаад байгааг хаана ч хэлнэ гэлээ. Иргэд энэ хуулийг ойлгоод байдаг, харин төрийн албан хаагчид болохоор хуулиа мэддэггүй, ойлгосон ч өөр эрх ашиг цаана нь яваад байдаг.

 

Ц.Батбаяр гишүүн, тэр 17 тэрбумын асуудал бол нийслэлийн эрх ашиг, энд байгаа УИХ-ын эрх ашиг ч орно. Өнөөдөр Улаанбаатар  ямар их утаатай байгаа билээ, гэтэл 17 тэрбумын өртэгтэй зүйлийг тийм компани хийж чадах уу үгүй юу гэдэг асуудал бий гээд нэлээд тодорхой тайлбар хийж байлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Д.Зоригт сайдыг огцруулахад санал нэг, 100 хувь буйгаа хэлээд өөрт нь харин ч 10 үндэслэл байгаа гэж хэлээд уншиж сонсголоо.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, өнөөдөр Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэхдээ бид ямархуу байдлаар хандаж байгаагаа мэдэж байгаа биздээ, хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байдал, энэ хэвлэл мэдээлэл алга байгаа байдал зэргээс харсан ч тэр. Ер нь энэ яригдаад байдаг Оюутолгой, Таван толгой, Энержи ресурс гэхчлэн орд газрын талаар тэдэнтэй холбогдох зүйлүүдийн  талаар ч нэг мөр, тодорхой  ярилцах хэрэгтэй ш дээ гэж байсан.

УИХ-ын дарга энэ үеэр цаг сунган хуралдах тухай хэлэв.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хууль дээдлэх тухай дурдаж, огцруулах эсэх саналаас үзэхэд хангалттай шалтгаан байна гээд, Оюутолгойгоор жишээ авч ярьж байлаа.

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ерөнхий сайдаас асуулт асууж Д.Зоригт сайдыг огцруулах эсэх тал дээр ямар бодолтой байгааг нь тодруулав. Саналыг үзэхэд манай гишүүд үнэн юм хэлсэн байна лээ, тэгээд эдгээр гишшүд гүтгээд байна уу эсхүл үнэн юм яриад байна уу, маш тодорхой хариулт өгнө үү гэсэн юм.

Үүнд Ерөнхий сайд хариулахдаа гишүүд эрх, үүргийн дагуу тавьж буй асуудал тул Засгийн газраас ямар нэг тайлбар өгөх аргагүй. Харин хариулт хуулийн хүрээнд гишүүдэд хүргэгдэж байсан уу үгүй юу гэдэг асуудал. Засгийн газар дээр ярихад, мөрдөгдөж буй хуулийн хүрээнд асуудалд хариулт өгсөн боловч цаг хугацааны асуудал бас байгаа гэсэн байгаа. Үйл ажиллагаандаа зохих ёсны дүгнэлт хийсэн байгаа гэдгийг хэлье гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Засгийн газар Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг гажуудуулсан тул ард түмэн бухимдаад байгаа юм. Оюутолгой анх Монголд өр авчраагүй, гэтэл одоо өр авчраад байгаа нь Д.Зоригт гишүүний буруу үйлдэл гэлээ. Тэрээр Монгол Улсын эзэмших хувийн талаар жишээ татан ярьж, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид материал гаргаж өгөөгүй нь Д.Зоригтын буруу гэв. Энэнээс том бульхай байгаа тул материал өгөөгүй хэмээн тэрээр хэлээд Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч  Д.Лүндээжанцан нарт хандан асуулт тавив.

Харин Д.Зоригт сайд энэ төсөлд чанарын өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй буйгаа   хэлээд эх орныхоо төлөө байгаа бүх үйлдэлд хариуцлагатай ханддаг гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан асуултад хариулахдаа, бид олон талаас ярьсан, хариуцлагын тухай ярих нь зөв. Энэ сайдын тухайд үнэхээр том салбар юм. Өдий төдий олон асуудал байна. Нэг том асуудлыг шийдэх гээд яваад бид  байгаа. ТЭХ-ний хуримталсан асуудлаар сая бид тогтоол гаргалаа. Шийдэх байх. Гэхдээ бодит байдал удаан байгаа, 2014 он гэхэд утааг арилгах асуудал бий. Цаг хугацаа алдаж байгаатай санал нэг байгаа, бүлгийн хурлаар сануулга өгсөн, Их Хурлын гишүүдэд хүндэтгэлтэй хандах талаар мөн ярьсан. Хүний амь насны талаар ч ярьсан. Энэ Таван толгойн асуудлыг нэг ажил хэрэгч болгочих юмсан. Энэ хүмүүсээр эхлүүлсэн ажлыг нь хийлгэчих юмсан гэж ярилцсан.

Харин Ерөнхий сайд хэлэхдээ, энэ асуудалд МАН ганцаараа хамгаалаад шийдээд байгаа юм биш. Том бодлогын асуудал яриад тэрийгээ ярьж буй бол тэрийгээ л хүрээндээ шийдээд явах хэрэгтэй. Намын асуудлыг, улс төрийн асуудлыг  энд яриад хэрэггүй байхаа. Намын бүлэг дээр бүх асуудлыг ярьж хэлж, ойлгуулсан гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, энэ байдал нь төр, нийгмийн харилцаанд сөрөг байдал бий болгож, аливаа итгэлцлийг үгүйсгэж байгаа гэдэгтэй санал нэг байгаа юм. Энд гаргасан тоомжиргүй байдалтай хэзээ ч санал нийлэхгүй байгаа. Гэхдээ асуудлыг өргөн хүрээнд ярьж, бодлогын том стратегийн орд зэрэг рүү орох юм бол огцруулах асуудал нь арай хүрээнээсээ хальж байгаа хэрэг юм. Энэ хавсрах гээд байгаа асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх гэсэн.

Ингээд гишүүд санал хэлж, үг хэлэх болоход Ц.Батбаяр гишүүн үг хэлэв. Тэрээр өнөөдөр мөнгө зараад сайд өөрийгөө захиалгаар хамгаалуулж байгаа нь харамсалтай. Тэр мөнгөө энэ их утааг арилгахад зарцуулсан бол дээр байх байжээ гэж байлаа. Монгол Улсын хөгжлийн энэ том салбарын сайд өнөөдөр ажлаа мэдэхгүй байна, мэддэг байсан бол асуудал өөр байх байсан. Гаргаж тавьсан асуудалдаа би итгэл үнэмшилтэй байгаа гэв. Мөн зэрэгцэж суугаад худал ярьдаг занг нь ер ойлгохгүй байна гэсэн.

Мөн Ц.Сэдванчиг гишүүн хэлэхдээ, сайдыг огцруулах асуудалдаа итгэл үнэмшлээрээ л нэгдсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаас харахад асуудлыг олонхиороо аваад лгарах юм байна. Гэхдээ төр, иргэний асуудал дунд нь хэцүү болоод л өнгөрнө. Д.Зоригтыг огцруулах асуудал олон буйгийн зөвхөн 7-г нь л гаргаж тавьсан гэж хэлээд нэлээдийг нь тоочив. Иргэд гаргасан баталсан хуулийг ойлгоод байдаг, харин манай төрийн албаны нөхдүүд мэддэггүй юм байна гэсэн.

Э.Бат-Үүл гишүүн хэлэхдээ, ард түмэнд хуулийг зөв ойлгуулах тал дээр ажиллаагүй тул Д.Зоригт сайдыг огцруулах талд би кноп дарна гэж байсан. Одоо тайлбар тавих биш цагт нь тайлбарлаад явах байсан гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Засгийн газраас хариуцлага, сахилга гэдэг үгийг огт тоохгүй байх уриатай ажиллаж байгаа, хэн дээр ч тооцож амжихгүй. Чадахгүй байгаа бол Ерөнхий сайд өөрөөсөө эхэл.  20 жил нэг хэвээр явлаа, одоо өөрөөр байх цаг болсон, шинэчлэгдэх хэрэгтэй.  Одоо бүгд огцруулахгүй тал дээр байгаа юм шиг байна, би лав огцруулах саналтай байна гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хууль хэрэгжүүлээгүй хэд хэдэн хуулийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн байгаа, тийм учраас төр нэг хариуцлага, хяналтаа хүлээлгээд явбал. Энэ асуудалд эмзэг ханддаг байдал энэ Засгийн газарт байна гэсэн.

УИХ-ын гишүүн Х.Наранхүү, асуудлыг тэнцвэржүүлэх үүднээс асуудалд хандаж байв. Тэрээр бид өөрсдөө хэр зэрэг хууль гаргадаг билээ, хөрөнгийн эх үүсвэрийн хувьд ямар билээ, хуулийг хэн яаж хэрэгжүүлэх ёстой билээ. Тэгэхээр салбарын бүх асуудлыг нэг хүн дээр тохсон зэргээр ярьсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, асуудалд хандахдаа зохион байгуулалттай, нэр хүндээ хувийн байдлаар өсгөх гэсэн зохион байгуулалттай дайралт болж байна. Би хувьдаа залуу хүнийх нь хувьд Д.Зоригт сайдыг өмөөрч байна. Сонгууль дөхсөн үед хувийн рейтенгээ өсгөх гэж мэрийж байна. Ингэж болохгүй, ажил хийдэггүй, гавьяагүй гай болсон олон хүн байна. Яагаад энэ залууг боорлоод байгаа юм, ажил хийснийхээ төлөө буруу даа юу гэлээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан ч сайдыг огцруулахгүй байх бодолтойгоо хэлж байсан.

Харин УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ хэрэгждэггүй хууль гаргадаг бол өөрсдөө таръя, хууль хэрэгжүүлж чадахгүй бол сайд Д.Зоригт огцор гэсэн юм. Засгийн газар УИХ руу нулимаад байх юм бол ийм байдалтай байгаа нь бидний буруу гэсэн. Тэрээр гишүүдийг кнопдоо хариуцлагатай хандаарай гэж байсан. Энэ сайд үлдвэл дахиад л хууль бус лиценз гаарна гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, улс орны хэмжээнд хууль хэрэгжүүлэх Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол ийм байдалтай бид хэр удах бол гэж байсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу үг хэлж, бид шударга ёсны талаар их ярьдаг, гэтэл одоо хамгийн шударга юм бол энэ Засгийн газар огцрох явдал юм гэж байсан.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Зоригттой хариуцлага тооцохгүй бол ард түмэн юу гэх бол, үүнийг сайн бодож, намын эрх ашгаас илүү эх орныхоо эрх ашгийг бодож, гишүүд минь саналаа өгөөрэй гэж байв.

Харин хамгийн сүүлд үг хэлсэн Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газар хариуцлага хүлээж болно. Үүнийг би Ерөнхий сайдын зүгээс хэлж байгаа ч боломжийг Монгол Улсынхаа төлөө ашиглах цаг хугацааны таатай үе бүрдээд байна. Бид энд яригдсан бүх асуудлыг ярьсаар л олон жил болсон. Маргалдаад л байдаг. Ингээд хийж бүтээх нь хоцроод байна. Хөгжлийн бодлого ярих хэрэгтэй байна. Хамтарсан Засгийн газар бий болсноор гацааг хөдөлгөж чадсан. Алдсан оносон нь байгаа л байх. Энэ асуудалд гишүүд зарчмаараа л хандах хэрэгтэй. Огцруулах тухай асуудал байгаа бол би өөрөө бариад ороод ирнэ. Д.Зоригтод огцрох асуудал байхгүй гэж үзэж байна гэлээ.

Ингээд эцэст нь санал хураалт явуулсан юм. Яг энд байгаа гишүүний тоотой яг наана чинь байгаа кнопны тоо таарах ёстой гэж Спикер анхааруулж байсан. УИХ-ын чуулганы танхимд 56 гишүүн сууж байсан бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан юм. Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй хэмээн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 хувь нь үзсэн байлаа. 56 гишүүний 14 нь энэ саналд татгалзаж, кноп дарсан бөгөөд ЭБЭХ-ний сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн байв.  Хуралдаан орой 20 цаг өнгөрөөж тарсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.