Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн талаар УИХ-ын 24 гишүүн санал нэгдлээ
2011.01.21

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн талаар УИХ-ын 24 гишүүн санал нэгдлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  24 гишүүн Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.chuulga_32

 

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох зорилгоор 2009 онд анх санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай энэ хууль нь өнгөрөгч 2010 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч олонхийн санал аваагүй бөгөөд гишүүд дахин боловсруулж, багц хуулийн төсөл болгон  УИХ-д өргөн барихаар  бэлтгэсэн байна.

 

Бүс нутгийн хөнгөлөлт, нэмэгдлийн тухай энэхүү багц хууль хэрэгжсэнээр алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны өртөгийг бууруулах, иргэдийн орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад тустай юм. Мөн  нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөлийг ч сааруулахад нөлөөлөх аж.

 

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын тэлэлт, хэт ачааллаас үүдэлтэй агаарын бохирдол, утаа, замын түгжрэл, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал /эмнэлгийн ор олдохгүй коридорт нь хэвтдэг, сурагчид нэг ширээн дээр гурваараа сууж, 3 ээлжээр хичээллэдэг г.м /, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон асуудлыг шийдэх эдийн засгийн нэг хөшүүрэг болно гэж хуулийн төсөл санаачлагч гишүүд үзжээ.

 

Алслагдсан болон говийн бүс нутагт багш, эмч нар болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тухайн бүс нутагт иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжрана. Нийслэлийг зорьж ирээд ажил олдохгүй, хашаа хатгах газар ч олдохгүй, ядууралд улам өртдөг байдал буурч хөдөөгийн иргэд  нутаг орондоо тогтвор суурьшилтай ажиллаж амьдрана гэж хуулийн төслийг санаачилсан гишүүд ярьж байна.

 

Мөн өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын  зах хязгаарын бүс нутаг эзэнгүйрэхгүй байхад дөхөмтэй, амьжиргааны өртөг өндөр, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй, нийгмийн үйлчилгээ сул хөдөө орон нутагт ард иргэдийг амьдрах нөхцлийг нь дэмжиж өгснөөр нийслэл хотын төвлөрөл саарч, хотын иргэд  ч ая тухтай, сэтгэл хангалуун амьдрах болно хэмээн УИХ-ын гишүүд үзсэн байна.

 

Алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгуудыг Улсын Их Хурал тогтоохоор тусгасан аж.  Нийслэлээс алслагдсан байдал, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтоожээ.

 

Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 91 сумдыг, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн 87 сумдыг оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

 

Хуулиар зохицуулах заалтууд

 

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20%-ийн нэмэгдэл олгох, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах,

 

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж байгаа 1-р зэргийн гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 5 жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийн тухайд онцгой албан татваргүй байх зэргээр тусгаад байна.

Энэхүү багц  хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ, П.АЛТАНГЭРЭЛ, Р.АМАРЖАРГАЛ, Х.БАДАМСҮРЭН, Х.БАДЕЛХАН, Д.БАЛДАН-ОЧИР, Ж.БАТСУУРЬ, Я.БАТСУУРЬ, Г.БАТХҮҮ, Ц.ДАВААСҮРЭН, Ц.ДАШДОРЖ, Х.ЖЕКЕЙ, Д.ЗОРИГТ, Х.НАРАНХҮҮ, Д.ОДБАЯР, Д.ОЮУНХОРОЛ, Р.РАШ, Ш.САЙХАНСАМБУУ, Ц.СЭДВАНЧИГ, А.ТЛЕЙХАН, Ц.ЦЭНГЭЛ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ц.ШИНЭБАЯР, Ж.ЭНХБАЯР нарын 24 гишүүн санаачилсан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.