Тавантолгойн хувьцааг иргэдэд энэ оны эхний хагаст тараана гэв
2011.01.22

Тавантолгойн хувьцааг иргэдэд энэ оны эхний хагаст тараана гэв

-Нэг иргэнд 550 ширхэг нэгж хувьцаа оногдоно-

uul_uurhaiМонгол Улсын Тэргүүн шадар сайд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Н.Алтанхуяг Тавантолгойтой холбогдуулан хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр Тавантолгойн хамгийн сайн судлагдсан, баттай нөөц нь баталгаажсан Цанхийн талбай, Тавантолгойн ордыг ашиглах, үүнд оролцох үндэсний аж ахуй нэгжийн оролцоо, гадаадын хөрөнгө оруулагч, гадаад орны компани, консорциумтай хамтран ажиллах тухай, Эрдэнэс Тавантолгой компани, түүний хувьцааны асуудлын талаар "Эрдэнэс МГЛ"-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Төрийн өмчийн хороон дарга Д.Сугар нар мөн тодорхой мэдээллүүдийг өгсөн юм.

Уг ажлыг хэсгийг өнгөрсөн оны наймдугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын таван гишүүн багтсан байна. Тодруулж хэлбэл, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын сайд Ч.Хүрэлбаатар нар багтаж байгаа юм. Тавантолгойн нийт хувьцаанаас Монголын ард түмэн 10 хувь, Үндэсний аж ахуй нэгж 10 хувь, Монголын төр 50 хувь эзэмшиж олон улсын хөрөнгийн бирж дээр 30 хувийг нь байршуулах юм байна.

Үндэсний аж ахуй нэгжийг дэмжих үүднээс 2010.06.30-ны өдрөөс өмнө үйл ажиллагаа явуулж байсан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуй нэгжид арван хувийг нь нэрлэсэн үнээр нь өгөх юм байна. Үндэсний аж ахуй нэгж гэдэгт нь 100 хувь монголчууд хөрөнгө оруулсан эсвэл гадаадын хөрөнгө оруулалт 25 хувиас илүүгүй байх аж. Тавантолгойн гол тоглогчид нь Орос, Хятад, Япон, Солонгос байна гэдгийг шадар сайд Н.Алтанхуяг хэлж байв. Тавантолгойн ордын зүрхэн хэсэг болсон Цанхи нь хамгийн сайн судлагдсан бөгөөд 46 жилийн өмнө энэ орд нээгдэж, иж бүрэн судалгаа хийгджээ.

Цанхийн хэсгийг баруун болон зүүн гэж хоёр хувааж байгаа. Тэр дундаа зүүн Цанхи нь хамгийн их буюу 1 тэрбум 78 сая тонн коксжих нүүрсний баттай нөөцтэй. Харин баруун Цанхи нь нэг тэрбум гаруй сая тонн коксжих нүүрсний бодитой нөөцтэй. Тавантолгойн бүхэлдээ 16 давхаргатай бөгөөд үүний 3, 4, 8, 9 дүгээр давхаргуудад коксжих болон хагас коксжих нүүрсүүд нь баттай байна гэж судалжээ. Тавантолгойгоос нэг хүнд оногдох нэгж хувьцаа нь 550 ширхэг бол Үндэсний аж ахуй нэгжид 30 мянга орчим оногдох юм байна.

Тавантолгой нийт 15 тэрбум хувьцаа гаргах бөгөөд иргэд 550 ширхэг нэгж хувьцаагаа үнэгүй авах бол аж ахуй нэгжүүд өөрийн нэрлэсэн үнээрээ худалдаж авах юм. Энэхүү хувьцааг ард түмэнд тараах бүх бэлтгэлийг нэгдүгээр улирлын сүүлч гэхэд хангаж дуусах аж. Ингэснээр энэ оны эхний хагаст хувьцаагаа тараах нь нэгэнт тодорхой гэдгийг Төрийн өмчийн хороон дарга Д.Сугар дуулгалаа. Судалгаагаар үндэсний 43 мянган аж ахуй нэгж бий гэсэн судалгааг гаргасан байна. Эдгээр аж ахуйнуудад тус бүр 30 мянган ширхэг хувьцааг анхны нэрлэсэн үнээр авах эрхтэй юм байна.

Б.Энхжаргал
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.