Хүн ам өсвөл үндэсний аюулгүй байдал төдий чинээ бэхжинэ
2011.01.22

Хүн ам өсвөл үндэсний аюулгүй байдал төдий чинээ бэхжинэ

Аливаа улс орны хөгжил хүн амынх нь өсөлттэй салшгүй холбоотой байдаг аж. Хүн амынх нь бүтцэд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь өндөр, энэ хүчийг зөв залуурдаж чадах аваас улс орны хөгжил хурдсах боломжтой гэж үздэг. Энэ нь улс орны хүн ам зүйн бодлоготой нягт уялдаатай хөгжих нь тодорхой юм.
niigem_01_thumbГэтэл манай улсын хүн ам зүйн бодлого алдагдаад багагүй хугацааг үдлээ. Учир нь ид хөдөлмөрийн насны залуус гадаадад ажиллах нэрийдлээр жил бүр олноороо хилийн дээс алхаж байна. Монголын төр засгаас хүн ам зүйн бодлогодоо хайнга хандаж буйн бэлээхэн жишээ энэ. Малаа малийнд явуулдаг байсан шигээ хамгийн эрүүл чийрэг, ид хөдөлмөрийн насныхныг шилж сонгон олноор нь хилийн дээс алхуулахаа зогсоох хэрэгтэй.

Зогсоохоо байг ээ гэхэд ядаж квот тогтоох хэрэгтэй байна. Гадаадад ажиллах хүч олноороо гарч байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж, гэр бүл салалтыг хөхиүлэн дэмжсээр байгааг мэдэхгүй хүн ховор. Тэгсэн ч үүнд хандуулж буй анхаарал тун бага байгаа нь нууц биш. Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд хоцрогдсон гэж болох ч дахин сэргээхэд болохгүй гэх газаргүй нэгэн бодлого баримталдаг байжээ. Тэр нь насанд хүрсэн бүх хүмүүсээс "Нөхөргүй, эхнэргүй, хүүхэдгүйн татвар" авах явдал байлаа.

Энэ нь тухайн үед хүн амаа өсгөх талаар төрөөс баримталж байсан бодлого нь юм байна. Одоо ч бидний дунд энэ татварыг төлж байсан хүмүүс бий. Хэрэв үүнийг анх удаа сонсож байгаа бол ээж, ааваасаа асуугаарай. Тэд цалингийнхаа тэдэн хувийг хүүхэдгүйн татварт төлдөг байлаа гэж ирээд л хуучилна. Хошин урлагийн жүжигчин С.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа "Миний цалингаас янз бүрийн татвар авдаг байсан. Би хүүхэдгүйн татвар төлөхгүй гээд хүүхэдтэй болчихсон юм" гэж хошигнодог хэмээжээ.

Нээрээ ч тэр үед хүүхэдгүйн татвар төлөхөөс төвөгшөөж залуус эрт гэр бүл болдог байж. Гэтэл өнөө цагт 25-аас дотогш насны залуус гэр бүл болохыг төдийлөн чухалд тооцохоо больжээ. Энэ байдал нь бас л хүн амын өсөлтийг удаашруулж буй нэг хэлбэр гэнэ. Бусад орнуудын жишгээс харахад ч хүн ам зүйн бодлогоо татвар авах журмаар зохицуулж ирсэн байх юм. Тодруулбал, Румынд Чаушеску төрийн эрхэнд гармагцаа Хятад маягаар хүн амаа огцом өсгөх бодлого барьсан байна.

Тэрээр үр хөндөлтийг хориглож, хүүхэдгүй гэр бүлээс цалингийнх нь 20 хувийг татварт суутгаж байсан аж. Мөн хүн амын өсөлтийг хурдасгахын тулд арван хүүхэд төрүүлсэн эхэд баатар цол олгож байсан ч баримт байна. Хэдийгээр ардчилал хөгжсөн улс оронд хүн гэр бүлтэй болох, хэдэн хүүхэд төрүүлэх нь тухайн хүний эрх. Гэвч улс орны хөгжил хувь хүний эрхээс дээгүүрт тавигдах учиртай. Монголд одоо гурван хүүхэдтэй айл олон хүүхэдтэй гэж хэлэгдэж байна.

Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон олгож, мөнгө дагалдуулан, өгч байгаа билээ. Энэ онд гэр бүл хүүхдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төсвийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэхээр болсон. Мөн эхчүүдийн нэг хоёрдугаар одонг хүртэх хүүхдийн тоонд өөрчлөлт орлоо. Өмнө нь 5-8 хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон, наймаас дээш хүүхэдтэй бол нэгдүгээр зэргийн одон олгодог байсан.

Тэгвэл энэ тоог 4-6 хүүхэдтэй бол хоёрдугаар зэргийн, зургаагаас дээш бол нэгдүгээр зэргийн одон олгож байхаар тогтсон билээ. Хүүхдийн тооноос нь хамаарч хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд жилд 50 мянга, нэгдүгээр зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийг төрөөс дэмжлэг болгон үзүүлдэг байв. Харин энэ жилээс одонгийн мөнгийг тус бүрт нь хоёр дахин өсгөөд байна. Хэдийгээр энэ нь хүн амын өсөлтөд нөлөө үзүүлэхүйц ч гэлээ энэ мөнгийг цаашид нэмэгдүүлэх боломж бололцоог судлах хэрэгтэй байна.

Монгол Улс Уул уурхайн салбараас мөнгө босгож, иргэддээ хишиг хувь хүртээх хэлбэрээр тараагаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Гэвч хүн амынхаа өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн салбараас олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд дахин мөнгө болгож болно. 2008 оны УИХ-ын сонгуулиар намууд энэ мөнгийг 500 мянга, нэг сая төгрөгт хүргэх санал дэвшүүлээд Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үндэслэлээр унаж байсан. Тэгвэл өмнө нь одонгийн мөнгө авч байсан эхчүүд дээр шинээр авах эхчүүдийг тоог нэмбэл 230 мянган эх байна гэсэн албан бус тоо байна. Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийг орхиж болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд ч ялгаагүй төр засгаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Айлын дөрөв дэх хүүхдийн ч юм уу сургалтынх нь төлбөрийг төрөөс дааж болно. Энэ нь тухайн айлд үзүүлж буй дорвитой дэмжлэг болж чадна. Манайх шиг хүн ам багатай улс төрийн цогц бодлого баримтлах нь нэн чухал байна. Хэрэв богино хугацаанд Монгол Улсын хүн амыг өсгөж чадах бодлого шинээр гаргаж ирж чадахгүй бол хүүхэдгүйн татварыг сэргээсэндээ ч яах вэ. Улс орондоо хүн бэлэглэхээс "харамлаад" байгаа хүмүүсийн татвараас олсон мөнгийг олон хүүхэд төрүүлсэн эх юм уу, шинээр мэндэлсэн хүүхдүүдэд зарцуулж яагаад болохгүй гэж.

Хүн ам зүйн бодлогыг улс орныхоо нэгдүгээр бодлого болгоё. Тэгээд эхчүүдэд эрүүл хүүхэд төрүүлж өсгөх нөхцөлийг нь хангаж өгье. Улс орондоо хүн бэлэглэснийх нь хариуд тэдэнд ажил хийж олох мөнгөнөөс нь илүү мөнгө олгоё. Ингэвэл Монголын хүн ам хэдхэн жилийн дотор хурдацтай өсөх магадлалтай. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ. Үүнийг дагаад улс орны хөгжил ч урагшлах нь тодорхой. Монголын хүн ам өсч л байвал Үндэсний аюулгүй байдал төдий чинээ бэхжинэ.

Ж.Тагтаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.