Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, олон нийтийг хүчирхийлэлд уриалахыг хориглоно
2011.01.22

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, олон нийтийг хүчирхийлэлд уриалахыг хориглоно

УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Э.Бат-Үүлийн санаачлан өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.chuulga_32

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслөө энэ сарын 6-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

 

Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн танилцуулгадаа, УИХ-ын гишүүний үндсэн үүргийн нэг нь өөрийн үйл ажиллагаанд Үндсэн хуулийг удирдлага болгож нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс Үндсэн хуульд харш аливаа үйл ажиллагаа явуулахгүй байж, үг хэлэх, санал, дүгнэлт гаргахдаа хариуцлагатай хандах учиртай. Ялангуяа төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалах нь нийгмийг тогтворгүй байдалд хүргэх туйлын аюултай юм. Ийм байдалд хүргүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх, төрийн зүтгэлтний нийтлэг болон УИХ-ын гишүүний хувьд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг сахин Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “гишүүн” гэсний дараа “төрийн эрх барих мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, хүмүүсийг хооронд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэхэд чиглэсэн үг хэлэх, аливаа хүч хэрэглэхийг уриалах” гэж нэмэхээр хуулийн төсөлд тусгаснаа тайлбарлав.

 

Учир нь УИХ-ын гишүүнийг хариуцлагаас чөлөөлөхгүй байх хуулийн заалтад төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг хүчирхийлэлд уриалахыг Үндсэн хуулиар хориглосон энэ үзэл санаа тусгагдаагүй орхигдсон тул хуулийн цоорхойг нөхөх үүднээс эрхэм гишүүн ийм төсөл санаачилснаа хэлэв.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэхэд олонхи нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна.

 

Дараа нь гишүүд уг хуулийн төслийн талаар төсөл санаачлагч болон байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авлаа. Тухайлахад энэ хуулийн төсөл нь гишүүний бүрэн эрхэд халдсан төсөл болсон юм биш үү, ер нь төр, засгийн үйл ажиллагааг шүүмжилж болохгүй юм уу гэсэн гишүүн Ц.Шинэбаярын асуултад төсөл санаачлагч: Энэ хуулийн төсөл нь Эрүүгийн хуульд нэмэлт оруулах төслийн хамт цогцоороо байгаа. Үндсэн хууль, Эрүүгийн хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглосон байдаг. Түүнчлэн тайван замаар жагсаалт цуглаан хийх эрхийг хуулиар хориглоогүй. Харин төрийн эрх мэдлийг хууль бусаар авах үйлдэлд хөтлөхгүй байх, ард иргэдийг эвдрэлцүүлэхгүй байх нь УИХ-ын гишүүний ч, жирийн иргэн хүний ч үүрэг байх ёстой гэсэн хариулт өгөв. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар: Хуулийн төслийн энэ заалт нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн баталгааг сулруулж байна уу, үгүй юү гэдгийг байнгын хороо нягталж ярилцаад тийм зүйл алга гэж үзсэн. Эрүүгийн хуулийн зохицуулалтын асуудал нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэх байх гэлээ.

 

Гишүүн Ч.Сайханбилэг хуулийн төслийн энэ заалтад цаашдаа хуулийн тайлбар гаргах шааардлагатай байх гэдгийг хэлээд ийм үйлдэлд хүлээлгэх хариуцлага нь хэрхэн зохицуулагдах талаар тодруулахад төсөл санаачлагч гишүүн Э.Бат-Үүл: Энэ ойлголтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу зохицуулах юм. Эрүүгийн хуулийн тусгай ангиар нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл хийгдээгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй. Тиймээс ёс зүйн асуудал, эрүүгийн хариуцлагын асуудлыг ялгаж ойлгох учиртайг хэлэв. Мөн гишүүн З.Энхболд ёс зүйн болоод эрүүгийн хариуцлагын зааг нь яг хаанаас эхэлж хаана дуусч байгаа юм бэ, энэ УИХ тарвал таарна гэвэл би буруутан болох уу гэхэд төсөл санаачлагч: УИХ-ыг тар, Засгийн газрыг огцор гэж шаардах нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн ойлголт тул УИХ-ын гишүүн ч, жирийн иргэн ч хэлж болно. Харин тарахгүй байна, огцрохгүй байна гээд санаатайгаар, зохион байгуулалттайгаар дайрч давшилж уриалж болохгүй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглосон Үндсэн хуулийн энэ заалтыг УИХ-ын гишүүнийг хариуцлагаас чөлөөлөхгүй байх үндэслэлд хамруулж хуульд тусгах замаар хуулийн дутууг нөхөх үүднээс ийм төсөл боловсруулсан юм гэлээ. Өнөө маргаашдаа зайлшгүй шаардлагатай биш ч гэлээ хуульд ийм заалт оруулах хэрэгтэй юм гэдгийг байнгын хорооны дарга ч онцолж байлаа.

 

Ингээд асуулт хариулт дуусч, хуулийн төслийг дэмжих эсэх талаар гишүүд саналаа хэлэв. Гишүүн Ц.Мөнх-Оргил одоо мөрдөж хуулиар бол гишүүний бүрэн эрхийн хүрээнд хийж байна гээд Үндсэн хуулийн эсрэг үйлдэл гаргавал хуулиар хамгаалагдах гээд байгаа тул хуульд ийм заалт оруулах нь зүйтэй. Олон нийтийг хүчирхийлэлд уриалах, өдөөн турхирах явдал сүүлийн үед эрээ цээрээ алдаж, газар авах хандлагатай болоод байхад тагнуул, цагдаагийн байгууллага нь ч ажил үүргээ бүрэн гүйцэд хийхгүй, прокурорын байгууллага нь ч хяналт тавихгүй байна гэж байв. Мөн гишүүн Н.Батбаяр, Х.Тэмүүжин, Х.Жекей нар хуульд өргөн утгаараа ач холбогдолтой заалт орох гэж буйг дэмжиж байгаа, хэлэлцүүлгийн явцад төслийн заалтын агуулгыг сайн нягталж, цогц байдлаар нь гаргахад анхаарах нь зүйтэй гэдгийг хэлэв.

 

Харин гишүүн Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүд аливаа асуудлыг тов тодорхой, баримт эзэнтэй биш тойруулж хамж ярьдгаас болж үнэнээс холдож үл ойлголцол, хардлага сэрдлэгэд хүрэх нь их байна. Энэ талаас харвал хуулийн төсөлд хүний хэлж ярихыг хааж боох гэсэн санаа цухалзаж байгаа учраас төслийг дэмжих боломжгүй гэсэн бол гишүүн Ц.Шинэбаяр нийгэмд сөрөг ойлголт төрүүлэх, гишүүдийг дарамтлах гэсэн бас нэг хууль гаргах нь гээд ардчиллаас ухарсан, хүний эрхийг хязгаарласан иймэрхүү хуулийн хэлэлцүүлэгт цаашид оролцохгүй гэлээ.

 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 27 нь буюу 69.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.