“Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай тогтоолын төсөл өргөн байлаа
2011.01.22

“Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай тогтоолын төсөл өргөн байлаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өчигдөр Засгийн газраас санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Дэмбэрэлд өргөн барилаа.

zg_tug

Эхнийх нь “Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай тогтоолын төсөл байлаа. Ой тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаар зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой, Эх орончдын өдөр, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг орон даяар тэмдэглэх, зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.

 

1921 онд Монгол Улсад улс төрийн намыг байгуулж, түүхэн үйл явдлын үйл хэргийг санаачлан улмаар Хаант засгийг халж, улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, энэ тэмцлийн үр дүнд Монгол орон тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хөгжлийн шинэ замыг сонгон хөгжиж эхэлсний дээр, дэлхийн улс орнуудтай адил тэгш эрхтэйгээр харилцах боломжтой болсон.

 

Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж амжилт гаргасан олон арван хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.

Энэхүү  1 медаль хайрцгийн хамт 3600 төгрөгийн өртөгтэй бүтээгдэх бөгөөд нийт  50.000 ширхэгийг хийлгэхэд 180.0 сая төгрөг, медалийн үнэмлэх нэг бүрийг 1000 төгрөгөөр хэвлүүлэхэд 50.0 сая төгрөг, нийт 230.0 сая төгрөг шаардагдах юм байна.

 

“Ой тэмдэглэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 163 дугаар зарлигийн дагуу энэ түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ““Тусгаар тогтнол-90” медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан ажээ.

 

Үүний дараа  Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл арган барив. Зургаан бүлэгтэй энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчин бий болно гэж ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн. Хуулийн төсөлд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, иргэн хуулийн этгээдэд мэдээлэл өгөх журмын тухай, зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглох талаар тусгасан байна.

 

Засгийн газраас өргөн барьсан удаахь төсөл нь Мянган зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын 2001 оны 9 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл байв. Мянганы зам төслийн хэвтээ тэнхлэгийг барих ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар баруун чиглэлд Өндөрхаан, зүүн чиглэлд Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоод байгаа бөгөөд шинээр Дашинчилэн Орхоны гүүр чиглэлд 80 км, Хануйн гүүр-Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 165 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил явагдаж байгаа аж.

 

Монгол Улсын Засгийн газар нь Азийн авто замын сүлжээ байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2004 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрээр Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 гэсэн чиглэлүүд дайран өнгөрч байгаа юм байна. Монгол Улсын авто замыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон бусад эдийн засгийн тооцоо, судалгаанд үндэслэн АН-32 чиглэлийн одоо мөрдөгдөж байгаа Засгийн газруудын хооронд байгуулсан хэлэлцээрт нэгдэн орсон чиглэлийг баримтлах замаар Мянганы зам төслийн хэвтээ тэнхлэгт дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Мянганы замын хэвтээ тэнхлэгт зүүн талаас Улсын хил-Сүмбэр гэсэн чиглэл нэмэх, хэвтээ тэнхлэгийн Дашинчилэн-Өгийн доод гүүр-Батцэнгэл-Хануйн гүүр гэснийг Дашинчилэн-Өгийнуур-Батцэнгэл-Ихтамир болгон өөрчлөх саналыг тогтоолын төсөлд тусгасан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.