АНДП-ын чуулганы Гүйцэтгэх хороо хуралдлаа
2011.01.24

АНДП-ын чуулганы Гүйцэтгэх хороо хуралдлаа

Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулган өчигдөр Төрийн ордонд Гүйцэтгэх хорооны хуралдаанаар үйл ажиллагаагаа эхэллээ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж  байгаа энэхүү чуулганы үйл ажиллагаа энэ сарын 27-н хүртэл үргэлжилнэ.apec Хуралдаанд Гүйцэтгэх хорооны гишүүн орон болох БНХАУ, Япон, Индонези, Малайз, Канад, Чили, Австрали, зохион байгуулагч Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо. АНДП-ын чуулганы хуралдаанд 19 орны 260 гаруй парламентын төлөөлөгчид оролцохоор бүртгүүлснээс өнөөдөр төлөөлөгчдийн 80 хувь нь хүрэлцэн иржээ. Одоогийн байдлаар чуулганы хуралдаанд  Австрали, Камбож, Малайз, Микронез Улсын парламентын дарга нар хүрэлцэн ирээд байна. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга С.Миронов мөн хүрэлцэн ирж чуулганы хуралдаанд оролцох юм байна.

АНДПЧ-ны сүүлчийн 18 дугаар чуулган 2010 оны 1 дүгээр сард Сингапур Улсад зохиогдож уг хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Ази, Номхон Далайн бүс нутгийн орнуудын парламентын бүлгийн дарга Д.Загджав тэргүүтэй Монголын УИХ-ын төлөөлөгчид оролцсон юм. Тус хуралдааны үеэр ээлжит 19-р чуулганыг Монгол Улсад 2011 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

АНДП-ын 19 дүгээр чуулганы Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Гүйцэтгэх хорооны хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлаа танилцууллаа. Хуралдаанаар АНДП-ын 19 дүгээр чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, чуулганы хөтөлбөр, чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар гишүүн орнуудаас ирүүлсэн тогтоолын төслүүдийн тухай, Бүгд хуралдаануудыг даргалах дарга нарыг томилох, баримт бичиг боловсруулах хорооны дарга, орлогч даргыг томилох, Гүйцэтгэх хорооны гишүүнчлэлийн асуудал, АНДП-ын 20 дугаар чуулганыг зохион байгуулах орныг товлох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бөгөөд Гүйцэтгэх хорооны гишүүд хэлэлцэх асуудлыг санал нэгтэйгээр батлав. АНДП-ын 19 дүгээр чуулганаар дөрвөн бүгд хуралдааныг зохион явуулах юм байна. Нэгдүгээр бүгд хуралдаанаар Ази Номхон далайн  улс төр, аюулгүй байдлын асуудлууд, хоёрдугаар бүгд хуралдаанаар Ази Номхон далайн эдийн засаг худалдааны асуудал, гуравдугаар бүгд хуралдаанаар Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа, дөрөвдүгээр бүгд хуралдаанаар Ази Номхон далайн парламентын чуулганы цаашдын үйл ажиллагааны талаар тус тус хэлэлцэх юм байна.

 

01_apecЧуулганаар 11 гишүүн орноос ирүүлсэн 37 тогтоолын төслийг хэлэлцэнэ. Монгол Улс 6 тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Чуулганы нэгдүгээр бүгд хуралдааныг УИХ-ын дэд дарга Н.Энхболд, хоёрдугаар бүгд хуралдааныг УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гуравдугаар бүгд хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун, дөрөвдүгээр бүгд хуралдаан, хаалтыг ажиллагааг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл удирдан явуулна. Чуулганы баримт бичиг боловсруулах хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, дэд даргаар Гүйцэтгэх хорооны гишүүн Канад, Малайз улсын төлөөлөгчид ажиллахаар тогтлоо.

 

АНДП-ын 20 дугаар чуулганыг Япон Улс зохион байгуулахаар АНДП-ын 17 дугаар чуулганы үеэр ярилцсан бөгөөд Токио хотноо 2012 оны нэгдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах болсныг Японы төлөөлөгч уламжлав.


Ийнхүү АНДП-ын 19 дүгээр чуулганы Гүйцэтгэх хорооны хуралдаан амжилттай болж өндөрлөлөө.

 

Ази-Номхон далайн парламентын чуулган (АНДПЧ) Япон Улсын Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачлагаар 1993 онд анх байгуулагдаж, тус хуралдаанаас Токиогийн тунхаглалыг баталсан байна.  Токиогийн тунхаглал нь АНДПЧ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, баримтлах зарчим, АНДПЧ-ны гишүүнчлэл, оролцооны журам, тус чуулганы бүтэц зохион байгуулалтыг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ. Монгол Улс анх 1994 онд АНДПЧ-ны 2 дугаар хуралд оролцсоноор тус байгууллагын гишүүн болж түүнээс хойш АНДПЧ-ны жил бүрийн ээлжит чуулганд тасралгүй оролцож иржээ.  Өнөөдөр АНДПЧ нь тус бүс нутгийн парламент хоорондын томоохон байгууллага бөгөөд Ази тив, далайн орнууд, хойт, төв болон өмнөд Америк, мөн Евроази тивийг төлөөлсөн 28 орны парламент тус байгууллагын гишүүн, ажиглагчаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.