АНДП-ын чуулганы төлөөлөгчид эмгэнэл илэрхийллээ
Манай улсад зохиогдож буй Ази Номхон Далайн Парламентын арванесдүгээр чуулганы үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр өглөө Төрийн ордны Их танхимд хуралдаанаа эхэллээ.
Тус чуулганы хоёрдугаар салбар хуралдаан өнөөдөр эхэлж буй бөгөөд хурал даргалагчаар Монгол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Гаваагийн Батхүү ажиллаж байгаа юм.
Хоёрдугаар салбар хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Г.Батхүү хуралдааны эхэнд, ОХУ-ын Домодедово нисэх онгоцны буудалд террорист халдлага үйлдэгдэж, олон хүний амь нас үрэгдсэн эмгэнэлт явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлэн, төлөөлөгчдөд энэ тухай товч дуулгасан юм.
АНДПЧ-ны хоёрдугаар салбар хуралдааны төлөөлөгчид энэ гэмт халдлагад өртөгсдийн төлөө эмгэнэл илэрхийлэн нэг минут толгой гудайлган босч зогслоо. Энэ үеэр ОХУ-ын төлөөлөгч тус хуралдааны төлөөлөгчдөд хандан, өчигдөр болсон террорист халдлагын тухай мэдээлэл мөн хийсэн.
Чуулганы хуралдаанд үг хэлж буй орон, улсуудын төлөөлөгчид бүгд л тэрхүү террорист халдлагыг буруушаан зэмлэж байгаагаа хэлж, ОХУ, энэ чуулганд хүрэлцэн ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөд эмгэнэл илэрхийлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн байдал, чөлөөт худалдааг дэмжих асуудал, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.