Хүний хөгжил сангаас 2011 онд олгох хишиг хувийн тухай асуулт хариулт
Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөгийг хэзээнээс эхлэн авах вэ?
Энэ оны нэгдүгээр сарын 17-оос эхлэн Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгийг иргэн бүрт өгч банкаар дамжуулан олгож эхэлнэ.
Ямар бичиг баримт бүрдүүлж хаана хэнд хандах вэ?
Энэ мөнгийг авахдаа өмнө нь 10 мянган төгрөг авч байсан иргэд болон иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээд халамжийн байгууллагад нэр нь ирсэн хүмүүс ямар ч нэмэлт материал шаардахгүйгээр хишиг хувийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хамт хуучин үйлчлүүлж байсан банкны салбар нэгжээс сар бүр авна. Харин бусад иргэдийн хувьд заавал шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, нэр нь хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд уг мөнгийг авна.
Иргэн бүр эх орны хишиг гэж нэг сая таван зуун мянган төгрөг авах учиртай. Үүний хэдийг нь бэлэн мөнгөөр авах вэ?
Өнгөрсөн жил иргэд 120 мянган төгрөгийг бэлнээр авсан бол энэ жилээс эхлэн 21 мянган төгрөг буюу 252 мянган төгрөг авна. Харин бэлэн бусаар оюутны сургалтын төлбөрт 500,0 мянга, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт Засгийн газраас тогтоосны дагуу сард 670 төгрөг буюу жилдээ 8040 төгрөгийг өгөхөөр болсон байгаа.
Ямар иргэнд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мөнгийг нь төлөх вэ?
Хүний хөгжил сангаас хишиг хувийг 2011 онд бэлэн мөнгө хэлбэрээр авахаас гадна эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртэж болно. Өөрөөр хэлбэл иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан малчин, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2011 оны төлбөрийг төлнө.
Эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх хүсэлтэй дээр дурдсан иргэд хаана хэнд хандах вэ?
Иргэд суманд нийгмийн даатгалын байцаагчдаа, аймаг дүүрэгт нийгмийн даатгалын хэлтэстээ эрүүл мэндийн даатгалын дэвтрээ аваачиж, шимтгэл төлүүлсэн тухай бичилт хийлгэнэ. Мөн сум, хорооны нийгмийн ажилтан дээрээ очиж Хүний хөгжил сангийн дэвтэртээ бичилт хийлгэх шаардлагатай байгаа юм.
Асрамжийн газар асруулж байгаа хүүхдийн хишиг хувийг яаж олгох вэ?
Тодорхой хаяггүй, гэр оронгүй, асран хамгаалагч нь тогтоогдоогүй болон асрамжийн газарт байгаа 16 хүртэлх насны хүүхдэд хишиг хувийг олгохдоо тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд байршуулна. Хадгаламжийн дэвтрийг нь тухайн хүүхдийг асарч байгаа асрамжийн газар болон аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.
Засан хүмүүжүүлэх газарт байгаа иргэдийг хэрхэн хамруулах вэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа иргэдийг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулсан байх шаардлагатай. Энэ ажлыг Иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран зохион байгуулах шаардлагатай. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ял эдэлж байгаа хүний хишиг хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүүгээр дамжуулан тухайн хүний нэрийн дансанд нь хишиг, хувийг шилжүүлэхээр журамд тусгагдсан байгаа.
Өнгөрсөн онд иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн хэр нь мөнгөө авч чадаагүй байгаа иргэд нөхөн авч болох уу?
Иргэний шинэчилсэн бүртгэл хамрагдаж бичиг баримтын зөрчилгүй, баталгаажсан иргэд энэ онд мөнгөө авч болно. Одоо банкууд өмнөх оны хишиг хувийн мөнгийг өгч байгаа. Харин бичиг баримтын зөрчилтэй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд хэзээ зөрчилгүй болж, баталгаажина тэр үедээ мөнгөө авах бүрэн боломжтой.
Гадаадад амьдарч байгаа иргэд хишиг хувиа хэрхэн авч болох вэ?
Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэний дараагаар хишиг хувиа авч болно. Хишиг, хувийг нь олгохдоо тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн хүнд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ.
Хишиг хувийн 500,0 мянган төгрөгийг ямар оюутан хүртэх вэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид дипломын, бакалавр, магистр, докторын шатлалд өдрийн ангид 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутнууд Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө хэлбэрээр сар бүр олгож байгаа 21000 төгрөгөөс гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх боломжтой байгаа.
Суралцагч энэ мөнгийг авахын тулд хаана хандаж хүсэлт гаргах вэ?
Суралцагч сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Нэмж сургуулиас тодорхойлолт гаргуулах зэрэг өөр бусад материал шаардлагагүй. Харин дараа нь 21000 төгрөгийн хишиг хувиа авахдаа сум, хорооныхоо нийгмийн халамжийн ажилтан дээр нэг очиж, “Хүний хөгжил сан” дэвтэртээ бичилт хийлгэх юм.
Хүсэлтэд яг юу, юуг тусгаж өгөх вэ?
Суралцагчийн овог нэр, регистрийн дугаар оршин суугаа хаяг иргэний үнэмлэхт бичигдсэнээр, нас, хүйс, суралцаж байгаа сургуулийн нэр тухайн сургууль нь салбар сургуультай бол бас дэлгэрэнгүй нэр болон суралцаж байгаа мэргэжил, хэддүгээр дамжаа зэргийг тодорхой бичнэ. Мөн тухайн сургуульд бакалавр, магистр, дипломын зэрэг шатлалаас алинд нь суралцдаг болохоо бас бичнэ.
Орон нутгаас нийслэлд ирж суралцаж байгаа оюутнууд хүсэлтээ заавал харьяалалтай аймаг, сумандаа очиж гаргаж өгөх үү?
Хөдөө орон нутгийн оюутнуудын хувьд хэрвээ өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өргөдөл бичиж өгнө. Өргөдөл гаргасан гэр бүлийн гишүүн нь мөн өргөдөлдөө дээр дурьдсан мэдээллүүдийг бичихээс гадна өөрөө тухайн оюутны гэр бүлийн ямар гишүүн болох болон овог нэр, регистрийн дугаараа бичсэн байх шаардлагатай.
Тухайн сум хорооны нийгмийн ажилтан нь тусгай маягтын дагуу мэдээллийг нэгтгэн аймаг дүүргийн халамжийн газартаа хүргүүлэх юм. Харин дараа нь Хүний хөгжил сангийн программын мэдээлэлд үндэслэн оюутнуудын Хүний хөгжил сан дэвтэрт нь нэг бичилт хийх шаардлагатай байгаа.
Их, дээд сургуулийн зүгээс ямар ямар материал бүрдүүлэх вэ?
Тухайн сургуулийн зүгээс 2010-2011 оны хичээлийн жилд суралцаж байгаа суралцагчийн нэрсийн жагсаалт, бусад мэдээллийг аймаг, сум, дүүрэг, хороогоор үнэ зөв дэлгэрэнгүй гаргаж баталгаажуулан Сургалтын төрийн санд цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлэх юм. Сургуулиудаас гаргах оюутны нэрсийн жагсаалт, маягтыг БСШУЯ болон сургалтын төрийн сангаас их, дээд сургууль, коллежүүдэд хүргүүлж байгаа.
Хэдий хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой вэ?
Өргөдлөө гаргасан оюутан болон жагсаалтаа ирүүлсэн сургуулийн мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нэгтгэн Сангийн яаманд хүргүүлж, Сангийн яамны төрийн сангийн газар санхүүжилтийг Сургалтын төрийн сангаар дамжуулан Их, дээд сургууль, коллежийн харилцах дансанд шилжүүлнэ.
Тэгэхээр оюутнууд өргөдөлөө, сургуулиуд жагсаалтаа хэзээ гаргаж өгнө, гаргаж өгсөн сарынх нь дараа сард мөнгийг нь шилжүүлнэ гэсэн үг.
Хэзээнээс сургуулиудын дансанд мөнгө нь орох вэ?
Ер нь 2 дугаар сарын дундаас эхлээд сургуулиудын дансанд мөнгө орж эхэлнэ. Нэгдүгээр улиралдаа багтаж мөнгийг шилжүүлж дуусах байх.
21000 бөөнөөр авбал яаж авах вэ?
УИХ-аас 2010 онд баталсан 67 дугаар тогтоолд иргэд өөрсдийн санаачлагаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор хишиг хувиа ашиглахаар бол Засгийн газраас баталсан журмын дагуу бэлэн бусаар олгож болно гэсэн байгаа.
Засгийн газраас “Монгол Улсын иргэнд хишиг хувь олгох” журмыг 2010 оны 12 дугаар сарын 29-нд баталсан байгаа.
Журамд иргэд сар бүр хүртэх хишиг, хувиа өөрсдийн санаачилгаар ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор бэлэн бусаар авах тохиолдолд иргэд нэгдэж, хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулах, оруулах хөрөнгийн хэмжээ 10,0 сая төгрөгөөс доошгүй байхаар зохицуулсан болно. Түүнчлэн иргэд аж ахуй эрхлэх туршлагагүй бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн дагуу аж ахуй эрхлэх сургалтанд хамруулахаар зохицууллаа. Ингэснээр иргэдийн бий болгосон ажлын байр нь тогтвортой байх, хөрөнгө оруулалт нэрийн дор их хэмжээний мөнгө цацагдаж инфляци хөөрөгдөхөөс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Хүний хөгжил сангаас 2011 онд сар бүр бэлэн мөнгөөр хүртэх хишиг, хувийг ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэх санаачлага гаргасан иргэд хамтран ажиллах гэрээ байгуулж, хэрэв шинээр хоршоо, нөхөрлөл, жижиг, дунд үйлдвэр байгуулсан бол энэ тухай албан ёсны шийдвэрээ гаргасан байх ёстой. Хэрэв материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлсийг худалдан авах бол нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бэлэн бусаар хийхээр журамд тусгасан болно.