Японы засгийн газартай хийх зээлийн хэлэлцээрийг дэмжлээ
2011.01.27

Японы засгийн газартай хийх зээлийн хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл"-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

chuulgan_pmХууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд С.Баярцогт танилцуулсан юм. Асуудлыг хэлэлцэх үед Н.Ганбямба гишүүн өмнө авч байсан зээлийн үр дүнгийн талаар асууж, зээлийг арилжааны банкаар дамжуулж өгч болохгүй юу хэмээн асуусан. Хариуд нь Сангийн сайд өмнө авч байсан зээл ашигтай, үр өгөөжөө өгсөн тул Япон улс дахин өгч байгаа гэдгийг дурдаад, арилжааны банкны хариуцлагын асуудал өндөрт тавигдсан нөхцөлд мөн бусад холбогдох эрсдэлийг дагуулахгүй гэсэн нөхцөлд зээлийг тэдгээр арилжааны банкаар олгож болох тухай ярилаа.


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, зээл ер нь яг үнэн мөнөөрөө юм хийх гэсэн эрмэлзэлтэй хүмүүст очиж чадаж байгаа эсэхийг тодруулсан. Сангийн сайд хариуд нь энэ бичил зээл бол өөрөө өөрийгөө аваад явдаг дундаж давхаргыг бий болгох, тогтвортой ажлын байр бий болгох зорилготой зээл юм гэлээ. Д.Тэрбишдагва гишүүн дахин асуухдаа, үнэхээр оюуны чадавхитай, зээл авах шалгуураа харуулсан хэрнээ баталгаа хөрөнгөгүй иргэдэд зээл олгох боломж ер нь ямар байна вэ, энэ бол их чухал зүйл шүү дээ. Жишээ нь, насаараа бичгийн ажил, багш хийчихээд одоогоор хараахан ажил төрөл эрхлээгүй ч оюун сэтгэлгээ, хүч чадварын хувьд үнэхээр боломжийн хүмүүст барьцааны хөрөнгөгүйгээс болоод зээл олддоггүй. Үүнийг л шийдэх арга замын талаар яриад байна гэж байв.


Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир зээлийн хүүгийн талаар асуусан, тэрээр хүү өндөр байгаа нөхцөлд хүмүүс эргэн төлөхдөө хүндрэлтэй байгаа бусуу гэж байлаа. Тэрээр арилжааны банкнаас өөр эрсдэлийн сан байгуулах боломжийн талаар мөн асуусан юм. Гишүүн Д.Дамба-Очир саналаа хэлэхдээ, нэгэнт л УИХ-ын чуулганаар оруулж ирж байгаа бол зээлийн хүүг бууруулах боломжийн тухай санал тавина гэж байв.


УИХ-ын гишүүн Д.Арвин хэлэхдээ, энэ зээлийн асуудлыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг арилжааны банкаар дамжуулж, байгаль орчин, агаарын бохирдлын талаарх чигтэйг нь Хөгжлийн банк руу татаж авчирвал ямар вэ гэсэн санал дэвшүүлсэн.


УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газрын хооронд байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл"-ийн төслийн хоёр дахь шатны Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.