Компанийн удирдлагын ёс зүйтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд оруулж өгчээ
Эдийн засгийн байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд гишүүд сонирхсон асуудлаар төсөл санаачлагч болоод байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Монгол Улсад бүртгэлтэй хэчнээн компани байдаг вэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаа хийдэггүй. Хувьцаа эзэмшигчдээ үл ойшоодог компанийн удирдлага олон бий. Энэ асуудлыг цэгцлэх талаар хуульд тусгаж өгсөн үү. Нэг хүн хэд хэдэн компани байгуулаад түүгээрээ дамжуулан банкнаас их хэмжээний зээл авчихаад дампуурчихдаг. Улсын бүртгэлийн газар энэ талаар мэдээлэл байгаа юу. Эдийн засгийн хямралд өртөн үүдээ барьсан компани бий юу. Бүртгэлд өөрчлөлт орсон асуудал байгаа юу хэмээн асуусан.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын хариулснааар 60 гаруй мянган компани Монгол Улсад бүртгэлтэй байдаг ажээ. Тэдгээрийн 10 гаруй мянга нь татвараа төлж, тайлан баласнаа гаргаж өгдөг гэсэн тооцоо байдаг гэнэ. Компанийн удирдлагын ёс зүйтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд оруулж өгсөн бөгөөд энэ хүмүүс компанийн ажилтнууд болоод хувьцаа эзэмшигчдийн өмнө ямар үүрэг хүлээх, үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан ажээ. Харин Эдийн засгийн хямралтай холбоотойгоор бүртгэгдсэн компанийн тоо буураагүй юм байна.
Нэг этгээд хэдэн компанитай байхыг хуулиар хязгаарлаагүй бөгөөд олон компани байгууллаа гэхэд бүртгэхгүй гэж хориглох боломжгүй ажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд компанийн үүсгэн байгуулагчийн ерөнхий мэдээлэл байдаг бөгөөд татвар төлсөн мэдээлэл, бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр зээлийн талаархи мэдээлэл байдаггүй юм байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Хөрөнгийн биржид хувьцаа гарган хөрөнгө төвлөрүүлчихээд дампуурсан үзэгдэл хэд хэд гарсан. Үүнийг нэг талаас луйвар гэж ойлгож болно. Хөрөнгийн зах зээлд хувьцаа эзэмшигчдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Компанийн тухай хууль заалт оруулах ёстой байх. Энэ талаар хуулийн төсөлд тусгасан уу гэж лавласан.
Д.Зоригт гишүүн, Хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах компани хэр зэрэг нээлттэй байх вэ. Засаглалын хэлбэр нь хэр зөв бэ гэдэг нь хамгийн чухал зүйл. Хоёр банк хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлээд дампуурсан. Зөвхөн энэ хоёр банкаар хязгаарлагдахгүй. Олон компани бий. Хурлаа хийдэггүй, хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл өгдөггүй. Цөөхөн хүний эрх ашгийг хамгаалсан шинжтэй ТУЗ нь ажилладаг. Энэ асуудлыг цэгцлэх заалтууд хуулийн төсөлд оруулсан хэмээн хариуллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 87.2 хувь нь дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.