Шинэ төр
2011.01.28

Шинэ төр

МАХН-ын Түр штабын ерөнхий зохицуулагч,УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын МАХН-ын Онц их хурал дээр тавьсан илтгэл

 

Эрхэм хүндэт Их Хурлын төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо!

Манай орны бүх аймаг, орон нутгаас ирсэн төлөөлөгчид та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж байна. Монгол оронд сүүлийн хэдэн жилд иргэний нийгмийн шинэ харилцааг бүрдүүлэх замыг эргэлт буцалтгүй сонгож авсан билээ. Гэхдээ энэ нь тийм амархан шийдэгдэх зорилт биш гэдэг нь одооноос эхлэн ойлгогдож байна.shinabayarhuraldeer

 

Хэдхэн сарын өмнө хуралдсан МАХН-ын XXYI Их хурал нь монгол оронд улс төрийн цоо шинэ нөхцөл байдал үүсгэлээ. Улс төрийн нам өөрөө ардчиллын шинжийг ханган, намын гишүүдийнхээ үзэл бодлыг чөлөөтэй сонсон, тэднийхээ дуу хоолой нь болж, өмгөөлөн хамгаалж байх ёстой билээ.

Гэтэл намын гишүүдийнхээ үнэт зүйл болох санал өгөх эрхийг нь урвуулан ашиглаж, өөрсдийнхөө бодол санааг тулган хүлээлгэх, үзэл бодлоос нь хүнийх гэж, тэдний итгэл үнэмшлийн системийг үнэгүй болгох үйл ажиллагааг ээлж дараалан явууллаа. Улс төрийн ийм нөхцөл байдлын үр дүнд МАХН-ын гишүүд дэмжигчдийн хүсэл, шаардлагын дагуу "МАХН-ын түр штаб"-ыг байгуулсан.

"МАХН-ын түр штаб" анх байгуулагдсан гол зорилго нь Монгол орныг хөгжил дэвшлийн замд нь хөтлөн жолоодон явсан, өөрийн баялаг түүхтэй, бүтээн байгуулалтын арвин их туршлагатай улс төрийн ууган хүчин болох "МАХН"-аа сэргээн авч, намын гишүүдийнхээ итгэл үнэмшлийг эргүүлэн авчрах явдал юм.

 

МАХН нь энэ 90 жилийн хугацаанд нийгмийн амьдралын бүх хүрээг ха-марсан улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлох цэгцтэй бодлогыг явуулж, ялангуяа олон зууны туршид дэлхийн хоёр том гүрний хооронд газарзүйн өвөрмөц байршилтайгаар Монгол орон оршин тогтнохдоо тусгаар тогтнол.

төр улс, үндэс угсаагаа бүрэн бүтэн байдлаар нь хамгаалж ирсэн.

 

МАХН нь монгол хүнийг эрүүл саруул, тайван ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэн, хүн ардаа 100 хувь бичиг үсэгтэй болгон, эрхэлсэн ажилтай, хүн бүр адилхан эмнэлэгт үзүүлэх, адилхан сургуульд сурах, адилхан ажил хөдөлмөр эрхлэх шударга ёсыг нутагшуулж чадсан.

Монгол улс ардчилалд шилжээд 20 жилийн н үүрийг үзлээ. Улс төрийн ардчилсан зарчмууд, үнэт зүйлсийг өөрийн орны хөрсөнд нутагшуулан соёолуулах багагүй оролдлого хийсэн. Энэ хугацаанд хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлалд тулгуурласан Үндсэн хуультай болж, эрх зүйт төр, иргэний нийгмийн талаар шийдвэртэй алхам хийсэн. Чөлөөт, бүх нийтийн сонгуулиар УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн ИТХ-ыг сонгодог болсон нь ардчиллын давуу талын нэг билээ. Түүнчлэн Парламентат ёс, түүний институт бүрэлдэн тогтож, засаглалыг хуваах зарчим биелэлээ олж, иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөг бодитой эдлэх улс төр, эрх зүйн үндэс тавигдсан.

Ийнхүү ололт байгаа хэдий ч монголд ардчилал бэхжиж дуусах шатандаа орсон гэвэл эртэдсэн дүгнэлт болохоор байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Өнөөдөр ардчилалд учирч буй гажуудал, тэр дотроо улс төрийн хүрээнд ашиг сонирхлын зөрчилтэй ялгарал, зохиомол улс төржилт ардчиллын хөгжилд ноцтой хохирол учруулж байна.

Төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын хүрээнд ардчилсан тогтолцоог бүрдүүлэх талаар алхам хийсэн ч хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн үзэл санаа, түүнийг амьдралд хэрэгжүүлсэн практикийн хооронд үүссэн зөрчил эрх зүйт төр, ардчиллын хөгжилд чөдөр тушаа болж байна. Ялангуяа Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч зэрэг тээврийн эрх барих байгууллагуудын хоорондын уялдаа, харилцаанд урьд өмнө нь гарч байгаагүй ойлгомжгүй мухардмал байдал үүслээ.

 

Хууль ёсыг дээдлэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх хүрээнд хууль, түүний хэрэгжилт хоёр хоорондоо ихээхэн зөрүүтэй болсон явдал нь ардчиллын хөгжилд ноцтой саад болж байна. Өнөөдөр, монголын нийгэмд хуулиас гадуур амьдрал цэцэглэсэн байдал газар авч байна. Тодруулж хэлбэл хуулиас дээгүүр эсвэл хууль зөрчсөн аргаар хэрэгцээгээ хангаж, ажил хэргээ бүтээдэг ёс нэгэнт тогтсон нь хэвийн үзэгдэл болсон байна. Энэ нөхцөл байдал нь эргээд нийгмийн шударга ёсыг гутааж, олон түмнийг улам ихээр бухимдуулсаар байна. Үүний тод илрэл нь бол авилгал юм.

 

Авилга нь олон улсын байгууллага болон дотоодын судлаачдын үнэлэлт дүгнэлтээр төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулахаас гадна улс орны хөгжлийг бүхэлд нь хаан боогдуулсан нийг-мийн хорт хавдар болж байна.Авилгыг бууруулах талаар монголын төр "Авилгатай тэмцэх хууль", "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлан, 2007 оноос "Авилгатай тэмцэх газар" байгуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч авилга үүсэх суурь хүчин зүйл болсон сонирхлын зөрчил, түүний хэлбэр болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар судлан үзэж, холбогдох бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаар дорвитой ахиц гарсангүй. Улмаар НҮБ-ын "Авилгын эсрэг конвенци"-д нэгдсэн 140 орноос Монгол орон нь 116 дугаар байрт орж байгаа нь монголын төр авилгад хүчин мөхөсдөж буйн бодиг жишээ юм.

 

Төрийн албан тушаалтны үйлдэлд түүний хувийн сонирхол нөлөөлж, ажил үүргээ зохисгүй биелүүлсэн, иргэдэд чирэгдэл учруулсан, хүнд суртал газар авч буй явдал нь хэвийн үзэгдэл боллоо. Иргэдийн зүгээс төрийн үйл хэрэгт оролцох, хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал, төлөөллийн механизм ажиллахгүй байна.

 

"Үндсэн хуулийн өндөр шаардлагын хүрээнд авч үзвээс төрөөс иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна" гэсэн Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын дүгнэлт бодитой үнэлэлт юм.

Ялангуяа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлыг харуулсан үзүүлэлтэд дорвитой ахицгүй, мэдээллийн чөлөөт орчин Монголд бүхэлдээ тэгш бус байдалтай байгаа нь иргэдийн хүсэл зоригоо илэрхийлэх чадамжид сөргөөр нөлөөлж байна.

 

Төрийн удирдлага, түүний үр нөлөө боловсон хүчний бодлого, удирдлагын арга барил, нам, төрийн болон нам хоорондын харилцаа зохистой хэлбэрт орж чадахгүй байна.

Парламент нь сөрөг хүчингүй болсноос үүдэн гүйцэтгэх засаглал, иргэний нийгмээс засаг төрд тавих хяналтын тогтолцоо байхгүй болсноос шалтгаалж хатуу төвлөрсөн удирлагат шилжих хандлага нүүрлэлээ. Энэ нөхцөл байдал нь төрийн албан хаагчдын залгамж чанар алдагдах, хариуцлагагүй ажилласан тохиолдолд хариуцлага хүлээх боломжгүй болгож, улмаар төрийн үйл ажиллагааны үр нөлөөг бууруулаад зогсохгүй, ардчилалд итгэх монголчуудын итгэл, сэтгэлийг мохоож байна.

 

Ялангуяа мөнгө улс төрд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд энэ нь тэгш бус эдийн засгийн эрх мэдлийг улс төрийн давуу тал болгон хувиргаж байна.

Үүнээс шалтгаалж баялгийн тэгш бус хуваарилалт нь ажилгүйдэл, ядуурлыг улам ихээр нэмэгдүүлж, цөөн тооны хүмүүсийг баяжих хэрэгсэл болж байна. Үүний тод жишээ нь "Монгол улсын хүн амын хөгжлийн төлөв байдал"-ын 2009 оны судалгаагаар ядуурлын хамралтын хүрээ 38.7%, ядуу хүн амын тоо 1.041 мянгад хүрсэн байна.

 

Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд ихээхэн тэлж байгаа боловч ажилгүйдэл, ядуурал хэт өсөж байгаа явдал нь Монгол дахь ардчиллын гаж үзэгдэл юм. Ардчиллыг боомилж байгаа өөр нэг тод жишээ нь "Долдугаар сарын 1"-ний үйл явдлыг шударга шүүхээр шийдвэрлэхгүй орхигдуулж байна. Улмаар "Долдугаар сарын 1"-ний үйл явдлыг "Оюу толгойн" төслийн гэрээг хурдан шийдвэрлүүлэхийн тулд үүсгэсэн айдас болгон хувиргаснаар монголын ард түмний эрх ашгийг хохироолоо.

 

Баялаг бүтээж мэдлэгийг мөнгө болгодог эдийн засгийн орчин үеийн хөгжил Монгол оронд орж ирэхийг зориуд хаан боогдуулсан төв банкны бодлого зөвхөн цөөн хүмүүсийн банкнуудад үйлчилж, инфляци нэрээр ард түмний мөнгийг шамшигдуулж байна. Энд ярьсан олон бэрхшээлүүдийг даван туулж улс төр бизнесийн бүлэглэлүүдийг цэвэрлэхийн тулд дараах хэдэн зорилтуудыг энд нэрлэе. Улс төрийн зорилт Монгол оронд зөвхөн монгол хүн эрхэм байхыг үндсэн хуулиар баталгаажуулна. Монголын төр зөвхөн монгол хүний төлөө байх төрийн ариун зорилгыг Үндсэн хуулинд суулган, хүн бүр дагаж мөрдөнө.

Монгол оронд зөвийн ойлголтыг сэргээн нутагшуулж, Монгол хүний эрх чөлөө, тэгш байдал болон шударга ёсыг хэрэгжүүлж "олигарх"-ийн ардчиллыг устгаж ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлнэ.

Нийгмийн хорт хавдар болох авилгалыг устгаж монгол хүний эрх чөлөө, шударга ёсыг сэргээнэ.

 

Эдийн засгийн зорилт Намуудын болон компаниудын бүлэглэлүүдийн нийлсэн тогтолцоог бүрэн устгах зорилгоор төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслийг зөвхөн монгол үндэстний сайн сайхны зорилгод үйлчилдэг монгол хүн бүрийн нийг-мийн институт болох олон нийтийн хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дунд тендер зарлуулж гүйцэтгүүлнэ.

 

Монгол хүн бүр баян чинээлэг амьдрах боломж бүхий мэдлэгт тулгуурласан эдийн засгийг монгол орны бүс нутгийн хөгжилтэй холбон нэгэн зэрэг хөгжүүлж дэлхийн эдийн засгийн салшгүй нэгэн хэсэг болгох зорилгыг хэрэгжүүлнэ.

Бид "МАХН" намаа сэргээн шинэчилж, төрөө бэхжүүлж, Монгол орны эрх ашгийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байна.

МАХН-ын их хурлын төлөөлөгчид, журмын нөхөд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол хүн эх орондоо эзэн нь болж Монгол улс минь цэцэглэн хөгжиж Мандан бадрах болтугай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.