Өнгөрсөн ба ирэх жилийн Монголын эдийн засгийн тойм
2011.01.29

Өнгөрсөн ба ирэх жилийн Монголын эдийн засгийн тойм

-ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ИНФЛЯЦИ 20 ХУВЬД ХҮРЭХИЙГ АНХААРУУЛАВ-

ЭДИЙН ЗАСАГ ӨСӨХ БОЛОВЧ, ҮР ДҮН МУУТАЙ БАЙНА

mongol_tugrugЛхагва гаригт Дэлхийн банкныхан өнгөрсөн жилийн эдийн засгийг хэрхэн дүгнэсэн тухайгаа сэтгүүлчдэд танилцуулав. Дэлхийн банкныхны үзэж буйгаар Монголын эдийн засаг 2009 онд 1.3 хувиар буурсан бол 2010 онд 6.1 хувиар өсчээ. Гэхдээ мал аж ахуйн салбарт зудын аюул нүүрлэснээр энэ салбарт багагүй хэмжээний бууралт гарлаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод 12 хувьтай байсан инфляци 14 хувьд хүрсэн тухай, мөн цаашид бараа, үйлчилгээний үнэ өснө гэж дэлхийн банк мэдэгдэв. Хөрш орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь манай улсад гаднаас хүнсээр дамжин инфляци орж ирж болзошгүйг харуулж байна. Дотоодын эдийн засгийн нөөц, чадамж муу байгаа нь махны үнэ хөөрөгдөх боломж олгож байна. УИХ-аас баталсан Төсвийн тухай хуульд их хэмжээний бэлэн мөнгө тараах заалт орсон нь инфляци үүсэх хөрсийг тавьсан гэнэ. Америк долллартай харьцуулсан төгрөгийн ханш өмнөх онтой харьцуулахад 15 хувь, өмнөх сартай харьцуулахад гурван хувиар чангарав.

Монгол Улсын төсөв санхүү, эдийн засаг ашигт малтмалын үнэ өссөнтэй уялдан сайжирч байна. 2010 оны төсвийн тэнцэл сайжирсан боловч ирэх жил түүхэндээ хамгийн их буюу ДНБ-ий арав шахам хувийн алдагдалтай байхыг баталлаа. Эдгээр шалтгаануудыг тооцсоноор Дэлхийн банкныхан ирэх жил инфляци 20 хувьд хүрэхийг сануулж байна. Үүн дээр ДНБ-ий хагасаас илүүтэй тэнцэх дөрвөн триллион төгрөг жинтэй хувь нэмэр оруулна. Зардлыг ингэж үнийн мөчлөг дагасан хэлбэрээр өөрчлөх нь Төсвийн тогтвортой байдлын хуулийн үзэл санаатай зөрчилдөнө. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас илүүгүй байх төсвийн хүрээний мэдэгдэл хэрэгжихгүй гэсэн үг юм. Харин гадаад худалдааны баланс өнгөрсөн оноос нааштайгаар эргэв. 2009 онд тэрбум гаруй ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдаа 2010 онд 380 шахам ам.долларын ашигтай гарч цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлж эдийн засгийг тэлээд зогсохгүй, тэр хэрээр импорт нэмэгдэнэ. Энэ хэрээр гадаад худалдааны алдагдал 2010 оны гуравдугаар улирлын байдлаар 10 шахам хувьд хүрчээ. Өнгөрсөн онд банкны чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 16 хувийг эзэлж байгаа нь ч муу үзүүлэлтэд тооцогдоно. Ам.долларын хадгаламжийн хүү өндөр байгаа нь (жилийн 14 хувь) зах зээлийн эрсдэл өндөр байгааг харуулж байна. Үүний хариуд хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авах нь эрс нэмэгдэв. Энэ нь Төв банкийг мөнгөн урсгалд хатуу хяналт тавих шаардлагыг үүсгэнэ. Учир нь тус зээлүүд ямар ч хамгаалалтгүй, зээлдүүлэгч зээлээ гэнэт татсан тохиолдолд зээлдэгч нар эрсдэлд орох өндөр магадлалтай юм.

Банкуудын үзүүлэлтийг сайжруулахын тулд банкны тухай хуулиудад цаг алдалгүй, зоригтой өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Албан бус хөдөлмөрийн зах улирлын чанартай байдгаас  түр ажилчдын тоо өнгөрсөн есдүгээр сараас хойш 40 хувиар буурчээ. Мөн тэдний цалин 30 хувиар буурсан гэнэ. Өсч буй инфляцитай хамсан өвлийн улиралд ажиллах боломж алдсан нь нийгмийн эмзэг бүлэгт хүнд тусч байна. Монгол Улс төсвөө ил тод болгох талаар ахиц гаргасан боловч хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах талаар илүү анхаарал тавих хэрэгтэй гэнэ. Нэгдсэн төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох зэрэг чухал хуулиудыг батлах нэн хариуцлагатай үе тохиож байна.

Хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөвлөх системийг боловсронгуй болгох талаар Дэлхийн банкны техник туслалцааны баг Монгол Улсад зөвлөмж өгчээ. Түүнчлэн 2011 онд Хөгжлийн банк байгуулахаар төлөвлөж байна. Энэ банк урт хугацааны зээлээр дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ. Дэлхийн банк Хөгжлийн байгуулахад олон улсын туршлагын үндэслэн заавал анхаарах зарчмын талаар мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

СОНГУУЛИЙН АМЛАЛТ БИДНИЙ ЗӨВЛӨМЖИЙГ АВАХАД СААД БОЛЖ БАЙНА

Өчигдөр хэвлэлийн хүрээлэнд Дэлхийн банк, Валютын сангийнхан хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэв. Дэлхийн банкныхан өмнөх өдрийн мэдээллээ дэлгэрэнгүй тайлбарласан бол Валютын сангийн төлөөлөгч ирэх жилийн банк санхүүгийн талаар урьдчилан авах хэмжээний талаар төсөөллөө танилцуулав. Өнгөрсөн жил зургаан хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг энэ онд арван хувиар өснө. Гэвч инфляци хорин хувьд хүрэх магадлал өндөр байгаа тул зайлшгүй хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай. Төсөв эдийн засагт муугаар нөлөөлж байгаа учир төсвийн зардлыг эрс бууруулах шаардлагатай. Мөнгөний бодлогыг хатууруулж, валютын ханшийн уян хатан бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ хамгийн муу арга гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч байна. Харамсалтай нь манай төсвийн хууль эдийн засагт үүнээс өөр зам үлдээгүй гэнэ. Дээрх бодлогыг үр дүнд дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд үндсэн хөрөнгө худалдан авах нь бүү хэл эргэлтийн мөнгө ч хомсдож эхэлнэ. Мөн импорт их хэмжээгээр орж ирнэ. Гэсэн ч өөр гарц байхгүй тул төсөв, мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр зам байхгүй аж. Олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөж байгаагаар бол банкны хуулинд ихээхэн хэмжээний өөрчлөлт орно. Банкууд заасан хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Түүнээс гадна банкны Удирдах зөвлөлд хараат бус төлөөлөгч оруулах бөгөөд тэд банкны хуулийн биелэлт, хадгаламж эзэмшигч, зээлдэгч нарын эрх ашигт үйлчилнэ. Энэ бүх арга хэмжээ өндөр инфляциас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэнэ. Өндөр инфляци нь дотоодын бараа үйлчилгээг л үнэгүйдүүлнэ. Нэгэнт тараагдах нь тодорхой болсон бэлэн мөнгө инфляци хөөрөгдөхгүй байх гарц бий эсэхийг сэтгүүлчид сонирхов.

Чилийн жишээгээр бол гадаадад суралцах, эмчлүүлэх сонирхолтой иргэддээ тэр их бэлэн мөнгийг өгчихөж болно. Тэгээд эх орноосоо гараад явсан их мөнгө дотоодод инфляци үйлдвэрлэгч болохгүй байх боломжтой гэнэ. Яагаад заавал төсөв баталсны дараа энэ бүхнийг ярьж байна гэсэн асуултад "Бид өмнө нь олон удаа танай Засгийн газар, УИХ-д сануулж байсан. Анх Засгийн газар бидний саналыг хүлээж аваад УИХ-д оруултал тэр нь унаад одоогийн төсөв батлагдсан" гэж хариулж байна. Бас энэ бүхнээ эрхэм гишүүдэд ойлгуулж болоогүй юм уу гэсэн асуултад "Гишүүд ойлгож байгаа. Харамсалтай нь сонгуулийн амлалтдаа баригдаад ийм төсөв хийсэн" хэмээн хариулж байна.

Эндээс харахад их хэмжээний бэлэн мөнгө инфляци хөөрөгдөнө. Хариуд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулна. Завсарт нь дундаж орлоготой иргэд, аж ахуй нэгжүүдийн орлого буурна. Дэлхийн санхүүчдийн зөвлөлгөөг үйл ойшоосны гор нь жирийн иргэдийн нуруун дээр буух нь. Хувийн хэвшлийнхэнд ч таатай жил болохгүй. Учир нь нэг талаас Монголын төрийн асар том компаниуд байгуулагдаж байна. Нөгөө төлөөс аль ашигтай эдийн засгийн өндөрлөгүүдэд гадны хөрөнгөтэй компаниуд байр сууриа бэхжүүлж чадсан. Энэ байдал хувийн хэвшлийн орон зайг хумиад зогсохгүй иргэд төрийн албанд шургаж байж л амьдралаа авч үлдэх замд оруулна.

Харин нэг сайн мэдээ бол ойрын аравхан жилийн дотор манай улсын ДНБ дөрөв дахин томорно гэнэ. Энэ нь нэг хүнд ноогдох ДНБ одоо 1700 ам.доллараас 6800 болж өснө. Дээрх хурлуудыг Дэлхийн банкны тэргүүлэгч эдийн засагч Рожер ван ден Бринк, Валютын сангийн Ази Номхон далайн бүсийг хариуцсан захирал Стивэн Барнетт нар хийлгэсэн юм. Удахгүй буцах тэднээс зарим зүйлийг тодруулав.

СТИВЭН БАРНЕТ: ВАЛЮТЫН НӨӨЦӨӨР ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ

-Сүүлийн үед Монголбанкны нөөц болох хоёр тэрбум ам.долларыг эргүүлж ашиг олох тухай ярьдаг болсон. Олон улсын жишигт нөөцийг хэрхэн ашигладаг вэ?

-Дэлхийн санхүүгийн хямралын үеэр Азийн орнууд хямралд арай бага өртсөн. Хэдийгээр хямралыг даван туулсан үндсэн шалгаан валютын нөөц биш боловч, түүнийг даван туулахад томоохон дэмжлэг нь валютын нөөц байсан.

-Тэгэхээр валютын нөөцөөр оролдох хэрэггүй гэсэн үг үү?

-Тийм. Валютын нөөцийг шаардлагатай тохиолдолд бэлэн байлгах хэрэгтэй. Түүнийг эргүүлж ашиг олох гэх мэт нь хэрэггүй санаа.

РОЖЕР ВАН ДЕН БРИНК: ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ МАШ ШААРЛАГАТАЙ, ЦАГ ҮЕЭ ОЛСОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

-Та дахин Монголд хэзээ ирэх вэ?

-Эдийн засгийн форумын үеэр ирнэ.

-Тэр тийм чухал форум уу?

-Монголын эдийн засгийн форум маш шаардлагатай цаг үеэ олсон арга хэмжээ болно.

Х.БАТТӨГС

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.