“ Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г хүртэгч анхны бүтээл тодров
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Монгол Улсын түүх, соёл, газар зүйн өргөн мэдээллийг хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг мэдээлэл хэлбэрээр түгээн дэлгэрүүлэгч дэлхийн хамгийн нэр хүндтэй “Британника” ширээний нэвтэрхий толийн танин мэдэхүйн санд анх удаа нэгтгэж, уг толийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэж, монгол түмний оюун санааны хөгжилд шинэ хуудас нээсэн “Британника ширээний нэвтэрхий толь” бүтээлд 2010 оны “Үндэсний бүтээмжийн дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г олголоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн гэрэгэ” шагналын цом, гэрчилгээг уг толийг монгол хэлээр бэлтгэн хэвлэх ажлын төслийн ерөнхий редактор Г.Цогтод өнөөдөр гардуулж баяр хүргэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол түмний Үндэсний их баяр-цагаан сарын шинийн нэгний өмнөхөн Монголын “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгож байгаадаа би баяртай байна.
Өнгөрсөн жил Монгол оронд байнгын ажиллагаатай ардчилсан парламент байгуулагдсаны 20 жилийн хүндэтгэлийн чуулганд би үг хэлэхдээ “Монголчууд бүтээдэг ард түмэн” болох тухай санааг дэвшүүлсэн юм. Жил бүр, газар бүр шинэ байгуулалт бий болгохын төлөө эрмэлзэх, шинийг бүтээж байгуулах, уг бүтээл, бүтээн байгуулалтыг бүтээж бий болгосон хамт олон, айл өрх, иргэдийг засаг захиргааны түвшин бүрт урамшуулж байх санал ч олон нийтээс гарсан юм. Эдгээрийг үндэслэн би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс олгож ирсэн Үндэсний бүтээмжийн шагналын уламжлалыг өргөжүүлэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгохоор шийдвэрлэсэн юм. Мөн уг зарлигт Монгол Улсын засаг захиргааны нэгж бүрийн удирдлагууд өөрийн удирдаж буй сум аймаг, дүүрэг хороо, нийслэлд бий болсон шилдэг бүтээн байгуулалтаа жил бүр шалгаруулж, иргэддээ мэдээлж урамшуулж байхыг уриалсан юм. Энэ ажил зарим аймаг сумдад эхэлж, уг санаачилгыг манай иргэд хамт олон дэмжиж байгаад баяртай байна. Хойшид Монгол Улсын нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороодын шилдэг бүтээн байгуулалтууд шил шилээ даран шалгарах нь ойлгомжтой.
Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналыг ерөөл бүрдсэн энэ цаг мөчид анх удаа олгож байна. Өнөөдрийн энэ шагнал анхных учир цаашид жишиг болох юм. Жил бүр 3 хүртэлх байгууллага, хамт олон, иргэдийн бий болгосон бүтээн байгуулалт, шинэ бүтээлийг нь үнэлж шагнах юм. Энэ жил нэг бүтээн байгуулалт журмын дагуу шалгарч байна. Ирэх жилээс Үндэсний хэмжээний энэ шагналыг хүртэгчдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ шагналын босго шалгуур нь тодорхой. Монголын ард түмний оюун санаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авч ирсэн Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн, дэлхийн стандартад хүрсэн бүтээл, бүтээн байгуулалт байх учиртай юм. Энэ жилийн анхны шагналын эзэн-бүтээл нь мөн л энэ шалгуурт нийцсэн байхыг уг шалгаруулалтыг явуулсан байгууллага, албаныхан ч хичээсэн нь тодорхой байна.
Энэ шагналын эзнээр анх удаа монгол хэлээр бүтээгдсэн Британника ширээний толь 8 ботийг нэрлэж байна. Монголд бий болсон, анхны, монголын гэх онцлогтой дөрвөн мянга гаруй нэршил тайлбараар дэлхийн толь бичгийн энэ охь бүтээл туурвил баяжиж байна. Монгол Улс, Монгол хүн, Монголын ард түмэнтэй холбогдолтой байгаль газар зүй, соёл зан заншил, түүх шашдир, анагаах гүн ухааны ололт, олон бүтээл туурвилууд төрөл зүйлээрээ Британникагийн сонгодог стандартын дагуу тайлбарлагдан хүлээн зөвшөөрөгдөж хүн төрөлхтний хүртээл болох үүд хаалга ийнхүү нээгдлээ.
Энэ нөр их бүтээл нь монгол хүмүүсийн оюун ухаан, хэл соёл, хүч хөдөлмөрөөр дамжин дэлхийн сонгодог жишигт хүрсэн учраас монгол түмний бахархалд зүй ёсоор багтаж байгаа юм. Энэ бол Монгол хүмүүс зуу зуугаараа олон жилийн нөр хөдөлмөрөө зориулж дэлхийн жишигт хүрсэн нэвтэрхий толийг эх хэлээрээ орчуулж, нэмэн баяжуулж, хянан тохиолдуулж, бэлтгэн гаргасан түүхэн бүтээл, бүтээн байгуулалт юм. Монгол хүний бахархалт, оюуны энэ их бүтээн байгуулалтыг өнөөдрийн билэгт сайн өдөр үнэлж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г олгож байна.
Монголчуудын бүтээсэн Төрийн гэрэгэ бол дэлхийд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл, даган биширдэг дэглэм журам, хүндэтгэл байсныг та бүхэн сайн мэднэ. Манай иргэдийн бүтээлч санаачилга онцгой гавъяа зүтгэлийн үр дүн болсон энэхүү Монгол Британника ширээний нэвтэрхий толь бичиг нь Монголыг мэдэх, хүндэтгэх бусдын хүндэтгэлд баттай байр суурь эзэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.
Энэ жилийн үндэсний бүтээн байгуулалтын дээд шагналд Монголчуудын олон шинэ бүтээл, бүтээн байгуулалт, бахархлууд нэр дэвшсэн. Үүнд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэлээс эхлээд, шинээр баригдсан бурхан шашны төв, спортын ордон, бааз, Цонжин болдог дахь түүхэн цогцолбор, олон улсын санхүүгийн зах зээл дээр босгосон хөрөнгө оруулалтууд гээд олон арваараа нэр дэвшжээ. Эдгээрээс бүтээгдсэн цогц байдал, иж бүрдэл, хамрах хүрээгээрээ болон Монголчуудын оюун санааны хөгжилд шинэ жишиг болж дэлхийн стандартад хүрсэн түвшинг нь харгалзан, “эдийн дээд эрдэм ном” гэж үздэг Монгол хүний билэг ёсны дагуу энэхүү Монгол “Британника толь”-ийг шалгаруулж зарлигаар тогтоогдсон нэр хүндтэй бүрэлдэхүүн надад ирүүлжээ. Би энэ саналыг өнөөдөр ёсчлон баталж Төрийн Гэрэгэ-дээд шагналыг олгож байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж улам ихийг бүтээн туурвихын ерөөл дэвшүүлье. Одоо энэ түүхэн бүтээлийг бүтээхэд онцгой хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн алдар цол, одон медаль хүртээснийг гардуулж өгье” гэлээ.