Бохирдлын хэмжээ төвийн бүсэд өссөн үзүүлэлттэй байна
2011.02.04

Бохирдлын хэмжээ төвийн бүсэд өссөн үзүүлэлттэй байна

Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг дүүрэг, хороогоор нь ангилж, түүнд чиглэсэн тодорхой арга хэмжээ авах боломжтой аж. utaa_ub

Тухайлбал, агаарыг бохирдуулагч эх үүсвэрээс хуримтлуулсан хөрөнгийг хамгийн их утаатай байгаа дүүрэг, хороодод зарцуулах замаар зохицуулах юм. Жишээ нь тухайн бүс нутгийн хүн амыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хорт бодисын үйлчлэлийг сааруулах хүнс, бусад зүйлсээр хангах, мөн утаагүй түлшний хэрэглээг нэмэгдүүлэх байдлаар ашиглаж болно.

Өнөөгийн нөхцөлд хамгийн их бохирдолтой байгаа цөөн хороодыг сонгон авч “Утаагүй түлш” хөтөлбөр хэрэгжүүлж байгааг эс тооцвол агаарын бохирдол хамгийн өндөртэй бүс нутгийн иргэдийг дэмжсэн ажил алга байна. Оршин сууж буй дүүрэг, хороо нь агаарын бохирдол өндөртэй байх тусам хүн амын эрүүл мэнд тэр хэрээр эрсдэлд орно гэсэн үг.

Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээнээс харахад агаарын бохирдол, тоосжилт хамгийн багатай хэсэгт Хан-Уул дүүрэг багтаж байна. Тодруулбал, 120 мянгат, цаашлаад Зайсан, Үйлдвэр, Яармагт утаа харьцангуй бага байгаа юм.

Энэ нь гэр хорооллын айл өрх цөөн, мөн Туул голыг дагаад жавар гүйдэгтэй холбоотой аж. Харин 100 айл, Баруун дөрвөн зам, Офицеруудын ордон, “Хархорин” зах, Нэгдүгээр хороолол орчим агаарын бохирдол хамгийн өндөр байна. Энэ хэсгүүдэд азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоос хүлцэх хэмжээнээс 22-30 дахин өндөр байгаа аж. Ялангуяа, 32-ын тойрог орчим, Баруун дөрвөн зам, “Хархорин” зах гэсэн хэсгүүдэд агаарын бохирдол өглөө, оройн цагт, мөн эрс хүйтэрсэн болон тогтуун өдрүүдэд маш их хэмжээгээр нэмэгдэж байна.

Хотын төвийг бохирдуулж буй гол эх үүсвэр нь Гандангийн гэр хорооллын өрх аж. Энд албан ёсоор 800 гаруй өрх байгаа гэх боловч нэг байранд маш олон өрх түрээсээр суудаг, тус тусдаа гэрээ галладаг гэж үзвэл утаа үйлдвэрлэгч эх үүсвэр 1000 хол давах боломжтой аж.

Нийслэлийн агаарын чанарын албанаас тус хэсгийн айл өрхийг “Утаагүй түлш” хөтөлбөрт хамруулсан ч үр дүн гарсан гэж хэлэхэд төвөгтэй байгаа талаар XVI хорооны Засаг дарга ярьж байна. Учир нь шахмал түлшээр өвлийг давж байгаа нэг ч өрх байхгүй аж. Харин шахмал түлш, нүүрсийг хослуулан хэрэглэж байгаа цөөн тооны өрх бий гэнэ. Энэ нь ч Ус цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр батлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус бүсэд агаарын бохирдол өмнөх онтой харьцуулахад буурах бус харин ч өссөн байна.

Ер нь шахмал түлш шууд хэрэглэхийг шаардах төвөгтэй. Түүний оронд Гандангийн гэр хорооллыг төв шугаманд холбож өгвөл агаар, хөрсний бохирдлоос салах бүрэн боломж бий. Бидний тооцоогоор нэг өрхөөс сая гаруй төгрөгийн зардал гарна. Энэ мөнгийг гаргаад гэртээ халуун, хүйтэн устай болох хүсэлтэй олон өрх бий. Гол нь энэ эрхийг өгөх хэрэгтэй хэмээн ярьж байна.

Г.Батзориг http://www.niigmiintoli.mn/
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.