Нийтийн эзэмшлийн тухай хуультай болъё
2011.02.12

Нийтийн эзэмшлийн тухай хуультай болъё

Бултаараа эзэмших ёстой газарт шатахуун түгээх станц, машины зогсоол, барилга байгууламж барих гэж байна, хэдийнэ хашаа хатгачихаж гэх иргэдийн гомдол тасардаггүй. Нийтийн эзэмшлийн талбайд санаархагчид оршин суугчдыг нэг өглөө сэрэхэд барих барилга байгууламжийнхаа суурийг хэдийнэ цутгаад эхэлчихсэн байдаг тул иргэд дорвитойхон эсэргүүцэж болиулбал эз. Чадахгүй бол хүүхэд хөгшид нь нарлаж, салхилах газаргүй болж хоцорно.hog_ub

Иргэдийн эзэмшилд байх ёстой гудамж, талбайг зарим нэг нь мөнгө болгож хардаг бол дийлэнх нь "шоовдорлоно". Хамгийн наад захын жишээ дурдахад өвлийн гурван cap эдгээр газрын цас мөсийг нь арилгах эзэд олддоггүй. Өөрөөр хэлбэл, "эзэнгүй" талбар болж хувирдаг.

Тохижилт үйлчилгээний компанийн 270 гаруйхан үйлчлэгч нийслэлийн сая гаруй иргэний тарьсан хог шороог цэвэрлэх гэж багагүй ачаалал үүрдэг. Нэг үйлчлэгч өдөрт 7000-13000 метр квадрат талбайгаас 100-150 кг хог хаягдал цэвэрлэдэг гэсэн тооцоо бий. Үйлчлэгч нар энэ их ажлын хажуугаар нийслэлийн бүх гудамж, талбай нийтийн эзэмшлийн газрын мөс цасыг арилгана гэвэл үлгэр. Тэд ямар робот биш. Түүний оронд нийтийн эзэмшлийн эдгээр газруудыг хариуцсан эзэнтэй болгочихвол амьдралд илүү өгөөжтэй хэмээн иргэд ярьдаг юм билээ. Хэрэв хариуцах эзэнтэй болчихвол ядаж л мөс цасыг нь арилгаагүй гудамж талбайд иргэд хальтирч унан явганаас бэртэж гэмтэх нь багасна. Эзэнтэй болгоно гэхээр зүгээр л нэг журам, тогтоолоор зохицуулаад яваад байх биш. Манай сонин энэхүү нийтлэлээрээ Нийтийн эзэмшлийн тухай хуультай болох санал дэвшүүлж байна.

Урд нь нийтийн эзэмшлийн газарт СӨХ болон иргэдийн зөвшөөрөлгүй нэг ч барилга бариулахгүй хэмээн холбогдох албан тушаалтнууд амлалт өгсөн удаатай. Тухайлбал, 2005 онд УИХ-аас нийтийн эзэмшлийн газрыг СӨХ ашиглах тухай тогтоол гарсан билээ. Уг тогтоолд "Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, орчны газрыг нь баталгаажуулах ажлыг 2005 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Мөн дээрх ажлыг улсын хэмжээнд дуусах хүртэлх хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад орчны газарт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэр гаргахгүй байхыг газрын харилцааны асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг дарга нарт үүрэг өгсөн байдаг.

Гэвч энэхүү тогтоол амьдрал дээр хэрэгжээгүй. Эдүгээ нийтийн эзэмшлийн гэх тодотголтой бүхнийг зохицуулах хууль яах аргагүй үгүйлэгдэж байна. Хэрэв Нийтийн эзэмшлийн тухай хуультай болчихвол газрын наймаа хумигдаж, бүгдээрээ эзэмших ёстой гэх нэрэн дор "шоовдорлогдсон" газрууд эзэнтэй болж, аливаа асуудал буух эзэнтэй буцах хаягтай болно гэсэн үг. Уг зохицуулалтын ачаар хот хогноосоо ч салж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ариун цэвэр, тохижилтод нэг стандарт мөрддөг болохыг үгүйсгэх аргагүй. Түүнчлэн нийслэлд газар эзэмших, ашиглах зориулалттай таван бүс байдаг аж. Эдгээр таван бүсийг газар эзэмшилт, ашиглалтын зориулалтаар нь 15 хуваадаг. Нийтийн эзэмшлийн талбайг ашиглах түрээс гэж бий. НИТХ-ын тогтоолоор эдүгээ 440 төгрөг төлөхөөр тогтоосон юм билээ.

Энэ нь томоохон аж ахуйн нэгжээс гадна автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлж буй ТҮЦ, гутал засварын газарт хамаатай аж. Гэвч нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй газар эзэмших асуудлыг бууруулах ач холбогдол бүхий энэхүү шийдвэрийг хуулиар бус тогтоол төдийгөөр зохицуулж буй нь учир дутагдалтайг иргэд хэлдэг. Монголын газар доорх баялаг ард түмний өмч. Гэтэл эдүгээ ард түмэн өмчөө "идэх" гэхээр манайд нийтийн эзэмшлийн хууль байдаггүйгээс алсдаа багагүй асуудал үүсч мэдэхээр байна. Өнөөдөр орон сууцны гаднах талбайд байшин барилаа гэхэд зөвшөөрлийг Засаг дарга өгсөн хэмээн бөөн маргаан үүсдэг. Гэтэл өнөөх байшин босох гээд буй газар нь нийтийн эзэмшлийн талбай гэсэн нэртэй. Ийм нэртэй газар атлаа Засаг дарга шийдвэр гаргадаг нь утгагүй. Тиймээс манай улс Нийтийн эзэмшлийн тухай хуультай болох зайлшгүй шаардлага байна.

Т.Сэлэнгэ
НИЙСЛЭЛ ТАЙМ сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.