Нарийн сухайтын нүүрсний орд
Нарийн сухайтын нүүрсний орд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт бий. Аймаг, сумын төвүүдтэй ердийн шороон замаар холбогддог. Газрын хөрсний байдал, ургамал амьтны аймаг нь жинхэнэ говь цөлийн бүтэцтэй. Хулан, хар сүүлт зэрэг ан амьтад ховордож, сухай, зээрийн ундаа зэрэг устаж алга болж байгаа ургамал тэнд буй. Говь цөлийн ширүүн уур амьсгалтай өвөл нь 15-20 хэм хүйтэн, зун намрын саруудад маш их халуун, агаарын температур 30-35 хэм, зарим үед 40 гаруй хэмд хүрдэг.
Нарийн сухайтын ордыг 1971 онд Д.Дашцэрэн, С.Жагар нар судалж, 100 м гүнд 125 сая тоннын нөөцтэй гэж тогтоожээ. Үүнээс хойш 1991 онд геологи шинжил-гээний "Улаанбаатар" нэгдлийн хайгуулын 15 дугаар анги дахин судалж, ил аргаар ашиглах боломжтой, энгийн бүтэцтэй, зузаан нь тогтвортой, уул геологийн нөхцөлөөрөө бусдаасаа илүү гэсэн дүгнэлт хийсэн байна.
7-19.8 хувийн үнсжилттэй, 6435-6935ккал/кг илчлэгтэй чулуун нүүрс юм. "Монголын алт" /МАК/ ХХК-ийн хайгуулын анги Нарийн сухайтын орд дээр 2002 оны гуравдугаар сараас хайгуулын ажил хийсэн аж. Тэгээд уг ордын чулуун нүүрсний нөөцийг 229 сая тонн гэж шинэчлэн тогтоожээ. Тус ордод "Монголын алт (МАК)", "Чинхуа-МАК-Нарийн сухайт", "Саусгоби сэндс" ХХК одоо олборлож буй юм. Эдгээр компанийн нэг нь л гэхэд жилд дунджаар хоёр сая тонн нүүрс олборлож буй аж. Тэд олборлосон нүүрсээ Шивээхүрэнгийн боомтоор урд хөрш рүү гаргаж байна. Нүүрсээ хүнд даацын авто машинаар зөөдөг. Иймээс говийн эмзэг хөрс гэмтэж шороо тоос их боссоор байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд авто зам тавих болсон. Одоогийн байдлаар Шивээ хүрэнгийн боомт хүртэлх автозамд 10 орчим тэрбум төгрөг, Хятадын хилээс Нарийн сухайтын уурхай хүртэлх 35 кВт, уурхай-гаас Овоотын хилийн отряд, Гурвантэс сум хүртэлх өндөр хүчдэлийн шугамд 2.8 тэрбум төгрөг зарцуулаад байна