Өмнөговь аймагт мөнгөн усны нөлөөллийг судлах судалгаа хийгдэнэ
Уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хүн органик бус мөнгөн усны нөлөөлөлд өртөх бөгөөд хүний биед нэвтрэн орсон органик, органик бус мөнгөн ус нь цусанд шимэгдэж бөөр, нөхөн үржихүй, мэдрэлийн тогтолцоонд хортойгоор нөлөөлдөг. Гадаадын орнуудад хийгдсэн зарим судалгаанаас харахад жирэмсэн эмэгтэйчүүд метил мөнгөн усаар хордсон тохиолдолд ургийн мэдрэлийн тогтолцооны эрхтнүүдэд гаж хөгжил үүсэх төдийгүй зарим тохиолдолд ургийн үхэлд хүргэдэг байна. Түүнчлэн зарим туршилт судалгаагаар мөнгөн усны органик болон органик бус аль ч хэлбэр нь эхийн сүүгээр ялгардаг болохыг тогтоосон бөгөөд ургийн мэдрэлийн хордлого үүсгэх гол шалтгаан болдог. Мөнгөн усны өртөлт нь ургийн жинд нөлөөлдөг байна.
Монгол улсад мөнгөн ус хэрэглэн хууль бусаар алт олборлож байгаа иргэд хэрэглэж байгаа химийн бодисынхоо (мөнгөн ус, цианид) хор аюулын талаар мэдэхгүйгээс гадаад орчныг бохирдуулаад зогсохгүй өөрсдийн болон үр хүүхэд, хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байна. 2008 онд Байгаль Орчны Яамны хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг тогтоогоод байна. Түүнчлэн Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдсэн бөгөөд үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлах хандлага гарч байна. Иймээс Өмнөговь аймагт хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх мөнгөн усны нөлөөллийн түвшинг нарийвчлан тогтоох судалгааг нөхөн үржихүй болон хүүхдийн оюун ухааны хөгжлийн байдалтай уялдуулан судалж, хүний цус, шээс, үсэнд мөнгөн ус тодорхойлох, генетикийн шинжилгээг хийх зорилгоор тус ажлын хэсэг ажиллах болно.