Эдийн засгийн чуулга уулзалт Монголын хөгжлийг хурдасгана
Монголын эдийн засгийн чуулга уулзалт ирэх гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд болно. Энэхүү чуулга уулзалт олон улсын санхүү, эдийн засгийн салбарын томоохон мэргэжилтнүүд, судлаачид, нэр нөлөө бүхий компани, корпорациудын анхаарлыг татсаар байна.
Энэхүү чуулга уулзалт өмнөх жилийнхээс цар хүрээ, агуулгын хувьд өргөжиж, Монголын эдийн засгийн олон тулгамдсан асуудлуудыг цогцоор нь авч үзэж, шийдэл, гарцыг нь тодорхойлохоороо онцлог юм.
Чуулга уулзалтын үеэр арван таван салбар хуралдаан болохоор төлөвлөжээ. Үүнд иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавхи, засаглал, компанийн засаглал, төр, хувийн хэвшлийн түншлэл, санхүүжилт, төрийн албаны шинэчлэл, бизнесийн таатай орчин, хот болон орон нутгийн хөгжил, өрсөлдөх чадвар ба кластер, инноваци, санхүүгийн зах зээл, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, мэргэжлийн боловсролын чанар, санхүүжилт, нийгмийн хамгааллын шинэчлэлт, төсөв, төлөвлөлт гэсэн сэдвүүдийг хөндөж ярилцах юм байна.
Засаглал, хөгжлийн бодлого, хүний хөгжил, дэд бүтэц, уул уурхай гэсэн үндсэн агуулгад зангидагдаж буй эдгээр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх салбар хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд болон харьяалах яам, тамгын газрын мэргэжилтнүүд, эдийн засагч, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцохоор болжээ.
Бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн манлайллыг оролцуулсан Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй эдийн засгийн чуулга уулзалт нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах эрхэм зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй, манлайлагчдыг урин оролцуулж хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм.