Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гуравдугаар сараас хэрэгжиж эхлэнэ
Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Байгаль орчны аюулгүй байдлын бодлогын зөвлөх Э.Зоригт нар хэвлэлийн бага хурал өнөөдөр “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч он гараад Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалтай биечлэн танилцсаныг Та бүхэн мэдэж байгаа. Нийслэлийн агаарын бохирдлын тухай ҮАБЗ хуралдаанаараа хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ асуудлаар хууль боловсруулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсныг байнгын хороодоор хэлэлцээд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгдсэн чуулганаар эцэслэн баталлаа. Энэ хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болно. Бид одооноос хэрэгжүүлэх ажилдаа орно. Агаарын бохирдлыг бууруулах талаар урьд нь Засгийн газрын тогтоол, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, УИХ-аас баталсан хөтөлбөрүүд нэлээд бий боловч яг энэ асуудлыг зохицуулсан хууль байгаагүй юм.
Энэ хуулийн дагуу гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээгээ сайжруулна. Гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, стандартын шаардлага хангасан зуух, нар, салхины эрчим хүч, байгальд ээлтэй хямд халаалтын шийдлүүдийг хэрэглэнэ. Ингэсний үндсэн дээр эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын систем тогтоох бодолтой байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи, санаачилгыг нэвтрүүлнэ. Хамгийн гол нь энэ хууль, тогтоомжийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Өөрөөр хэлбэл хуулиар үүрэг хүлээгээд биелүүлээгүй зөрчил хоёр удаа гаргавал албан тушаалаас халагдах хүртэл хариуцлага тооцох юм. Ийм гол үндсэн зарчмуудыг энэ хуульд тусгасан.
Хязгаарлалтын бүсийг нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар батална гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүс энэ хязгаарлалтын бүсийг ойрын хугацаанд тогтоох байх. Хамгийн гол нь Улаанбаатар хотын төв хэсэг рүү орж ирдэг утааны эх үүсвэр болсон 3-4 хорооллын эцэс, телевиз, Тасганы овоо, Дэнжийн 1000, Зуун айл, Сүхбаатар дүүргийн 9-10 хорооны айлуудыг хязгаарлалтын бүсэд багтаах юм. Стандартын шаардлага хангасан зуух, цахилгаан дулааны хэмнэлттэй технологи, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглаж хотын утааг багасгах талаар 2011-2012 оны өвөл тодорхой хэмжээний үр дүн гаргая гэж бодож энэ хуулийг хийсэн. Энэ хуулиар Засгийн газарт нэлээд том үүрэг өгөгдсөн. Хуулиар агаарын бохирдлыг бууруулахаар хийж байгаа ажлуудыг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог бүтэц бүрэлдэхүүний хамт тогтоон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар заасан байгаа. Үндэсний хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийн байгууллагуудтай хамтраад боловсруулж байна. Нар, салхи, газрын гүний дулаан болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагууруудыг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Үүнийг Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар шийднэ. Утааг бууруулахаар стандартын зуух, гэрийн бүрээс авсан, байшингийнхаа дулаалгыг хийсэн тэр айл өрхийн хүмүүсийг хувь хүний албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж байна. Бас утааг бууруулах ажилд тодорхой хандив өгсөн аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэр хэмжээгээр нь орлогын албан татвараас чөлөөлөх болно. Хууль энэ маягаар хэрэгжинэ. Асуулт байвал хариулая гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга хэллээ.
Сэтгүүлчид “Тав дугаар цахилгаан станц хэзээ баригдах вэ? Жилийн жилд зун мартаад өвөл болохоор утаа ярьж эхэлдэг, Үндэсний хороо ингэхгүйгээр ажиллах уу? Хэзээнээс цахилгааны үнийг тэглэх вэ? Амины орон сууц, гэрийн дулаалгын стандарт гэж байдаг уу? Хэдэн онд утаагүй болох юм бэ, 2014 онд гэж хуульд заасан уу? Утаагүй зуух үйлдвэрлэвэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх үү?” гэсэн асуултууд тавьж байв.
-Тавдугаар цахилгаан станцыг барих ажлыг энэ онд багтаан эхлэхээр, мөн зургадугаар цахилгаан станцын асуудлыг ч шийдэх талаар Засгийн газарт үүрэг өгсөн байгаа. Цахилгааны асуудлыг нэн даруй шийдэх шаардлага ч байгаа. Утаатай тэмцэх ажил гуравдугаар сараас эхлэх ёстой. Айл өрх, нэг яндангийн утааг яаж багасгах вэ гэдэг шийдлийг гуравдугаар сараас эхэлж боловсруулна. Үндэсний хороо ингэж ажиллах байх гэж бодож байна. Цахилгааны шөнийн хэрэглээний үнийг тэглэх тухай асуудал байхгүй. Харин оройн 18 цагаас өглөөний 09 хүртэл цахилгааны үнийг 50 хүртэл хувиар бууруулах урамшууллын тухай л ярьж байна. Хуулийн төслийн танилцуулгад 2014 онд утаагүй болгох тухай дурдсан. Үүний төлөө л ажиллана. Гуравдугаар сарын 15 гэхэд Засгийн газар энэ хуулийн хүрээнд 2011 онд шаардагдах хөрөнгийг тооцоолон төсөв, хөтөлбөрөө УИХ-д өргөн барих ёстой. Орон сууц, гэрийн дулааны стандарт манайд байхгүй. Зуухны стандарт ч байхгүй. Эдгээрийг яаралтай боловсруулна. Хязгаарлалтын бүсийг ч гуравдугаар сард багтаан тогтоох учиртай. Дотоодын аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн, утаагүй зуух үйлдвэрлэвэл татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж Д.Баттулга хариуллаа.
-Бид хүн бүр, байгууллага бүр хувь нэмрээ оруулах үүрэг хүлээнэ. Ялангуяа цонх, хаалга, дээвэр, шалаар дулааны 50 гаруй хувийг алддаг. Тиймээс дулаалгын стандартыг тогтоохоор энэ хуульд заасан байгаа. Энэ стандартыг хангасан айл өрхүүдэд цахилгааны үнийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Орон сууц авах хүн ч гэсэн метр квадратын үнийг биш нэг шоо метрийг халаах зардлыг асууж дулаалгын стандартад нийцсэн эсэхийг сонирхож байж сонголтоо хийх болно гэж ахлах зөвлөх П.Цагаан нэмж хэлэв.
-Үндэсний хорооны бүтэц, төсөл үндсэндээ гарчихсан. 5 хүртэлх орон тоотойгоор ажиллана. Гадаад орнуудын ижил төстэй байгууллагын талаар судалж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрүүдийг энэ хороо зохицуулах болно гэж зөвлөх Э.Зоригт хэллээ.