Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ онд зарцуулах эрхгүй
Төсвийн байнгын хорооны хувьд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай, Хүний хөгжлийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад гол үүрэг хүлээж ажилласан байна. УИХ-аас Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 3 их наяд 304.6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 4 их наяд 84.1 тэрбум төгрөгөөр тооцсон. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 779.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болж, өмнө өргөн барьсан төсвийн төслөөс алдагдлыг хэмжээ 1.3 хувиар нэмэгдсэн. Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор энэ онд нийт иргэддээ бэлэн болон бэлэн бусаар 805 тэрбум төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэж байнгын хорооны дарга хэллээ.
Хэдийгээр дотоодод инфляци есөн, хүндхэн саруудтай нүүр тулах болж байгаа ч гадаад орчинд таатай үзүүлэлтүүд гарч буй. Тухайлбал, төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлж ирсэн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн тутамдаа 10 мянган ам.доллараас буухгүй ханш нь тогтвортой хадгалагдаж буй нь Монгол Улсад ашигтай аж. Нэгдсэн төсвийг батлахдаа зэсийн үнийг тонн тутамд 8425 ам.доллараар тооцсон. Ингэхдээ УИХ-аас өнгөрсөн оны зургадугаар сард Төсвийн тогтворжуулалтын сангийн тухай хуулийг баталж, нэг тонн зэсийн үнийг 5900 төгрөгөөр тооцож, зөрүүг нь санд төвлөрүүлэхээр болсон. Энэ дагуу Төсвийн тогтворжуулалтын санд энэ онд 183 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Тус санд одоогоор зэсийн үнийн зөрүүг оруулаагүй байна гэсэн мэдээлэл цацагдаад эхэлсэн ч, түүнийг өөр зүйлд зарцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюун хэлсэн юм.
Тухайлбал, Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт 500 мянган төгрөг олгоход жилд 702.5 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Энэ мөнгөний бараг талынх нь эх үүсвэр хаанаас бүрдэх нь тодорхойгүй ч, Хүний хөгжлийн сангийн мөнгө дутаж байна гэдэг шалтгаанаар Төсвийн тогтворжуулалтын санд орж ирсэн мөнгийг шилжүүлчихье гэж Засгийн газар дураараа дургих ёсгүй. Улс орнууд байгалийн баялгаас олсон мөнгөнийхөө тодорхой хувийг тогтворжуулалтын санд хуримтлуулж, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үедээ авч ашигладаг бэлээхэн жишиг бий. Энэ жишгийн дагуу Монгол Улс ажиллах ёстой гэдгийг онцоллоо.
Ер нь УИХ-ын хувьд бэлэн мөнгөний амлалтаас сургамж авсан бололтой. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд төсвөөс давсан мөнгийг ард иргэдэд амлахгүй байх заалтыг тусгасан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд популист амлалтаас татгалзах заалтуудыг тусгачихсан. Эдгээр хуулиуд батлагдах нөхцөлд дээрх заалтууд тусгалаа олох нь чухал байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюун онцлон хэлсэн юм.
МОНЦАМЭ