МАХН нэрээ авах өргөдлөө 1206 хуудас материалын хамт дээд шүүхэд өгөв
МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр Онц их хурлын шийдвэрийн дагуу намыг үүсгэн байгуулсан тухай бүх материалыг хуулийн дагуу бүрдүүлж хуулийн хугацаанд хүргүүлж байгаа талаараа илэрхийлсэн юм. Намын дарга Н.Энхбаярын гаргасан улс төрийн намыг бүртгэж авах тухай хүсэлтэд «Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн найм, есдүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын иргэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр миний бие үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн иргэдийн захиа даалгаврын дагуу Улсын дээд шүүхэд өөрийн намыг бүртгүүлэхээр хандаж байна. Хуульд заасан бичиг баримтыг зохих хэм хэмжээнд нийцүүлэн бүрэн бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул дээрх хуулиудыг үндэслэн албан ёсоор Улсын дээд шүүхэд хүргүүлж байгаа болно. Иймд та бүхэн бидний бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн хууль тогтоомжийн дагуу улс төрийн намыг улсын бүртгэлд бүрдүүлж өгнө үү» гэжээ. Уг хүсэлтийг Дээд шүүхийн Намын өргөдөл, гомдол хариуцсан иргэний танхимын тэргүүн бүртгэж, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэндээ шилжүүлж, Улс төрийн намуудын тухай болон бусад хууль журмын дагуу сарын дотор хариу өгөх аж.
МАХН 20 гаруй мянган гишүүнтэй
Энэ үеэр намын дэд дарга Ц.Шинэбаяраас зарим зүйлийг тодруулав.
-МАХН-ын гишүүдийн тоо хэд хүрч байгаа вэ?
-Дээд шүүхэд жагсааж өгсөн гишүүдийн тоо 1200 гаруй байна. Хуулийн дагуу нам бүртгүүлэхэд 801 хүний бүртгэл гаргаж өгөх ёстой. Сая бүртгүүлэхэд Онц их хуралд ирсэн төлөөлөгчид дээр нэмээд түр штабынхан материалаа өгсөн. Нийлбэр дүнгээрээ МАХН 20 мянган гишүүнтэй.
-Сая найман хавтас материал өглөө. Энд юу байгаа вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу бүрдүүлэх ёстой бүх бичиг баримт бий. Хуулийн хугацаанд бүх бичиг баримтыг бүрдүүлж хүлээлгэж өглөө. МАХН-ын Онц их хурлаас гаргасан гол шийдвэр бол өмнөх дүрэм журмаа нарийн судалж, шинэ нөхцөл байдалд уялдуулан дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталсан явдал. Бүртгүүлэх ажил хуулийн дагуу байх ёстой гэж үзэж байна. МАХН-ыг их хүндрэл бэрхшээлийг давж байгуулсан, харин бүртгүүлэх нь хүндрэлтэй асуудал биш гэж бодож байна. Учир нь хуулийн дагуу бүх зүйлээ хийсэн.
-МАН-ынхан МАХН-ын туг, далбаа, бэлгэ тэмдгээс эхлээд бүгд МАН-д хамаарна гэж мэдэгдэж байгаа. Та бүхэнд намаа бүртгүүлэхэд хүндрэл, бэрхшээл тулгарах байх даа?
-МАХН-ын Онц их хурлаар бэлгэ тэмдэг, дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчилсэн. Бусадтай хуваалцах тухай маргаан үүсэх учиргүй. Бид маш их бэрхшээлийг даван туулж МАХН-ыг байгууллаа. Одоо нам бүртгүүлэх нь тийм их хүндрэлтэй асуудал биш. Бичиг баримтаа бүгдийг хуулийн дагуу бүрдүүлсэн тул Улсын дээд шүүхээс хариугаа хүлээх л үлдлээ
-Та бүхэнд Монгол Ардын Хувьсгалт Нам гэдгээс өөр нэрийн хувилбар байгаа юу?
-Бид МАХН гэдэг нэрийг авах хууль зүйн бүх гаргалгааг хуулийн зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад Онц их хурлаараа олонхын саналаар баталсан. Олонхын саналаар их хурлаас шийдвэр гаргасан. МАХН гэдэг нэрийг авах бүрэн бололцоо бий. Улс төрийн намуудын тухай хуулийн зөвхөн нэг хэсгийг тасалж ярьж байгаа биш, хуулийг бүхэлд нь авч үзэхэд агуулгаараа МАХН гэдэг нэрийг авах боломжтой байна.