УИХ-ын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ
Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл, цахим сайтаар Улсын Их Хурал 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа хагас дутуу шийдвэрлэсэн, чуулганы эцсийн өдөр олон хууль бөөндөж баталсан, гол хуулиудаа батлаагүй гэх зэргээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, Улсын Их Хурал хангалтгүй ажилласан, хууль тогтоох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа мэтээр бичиж байна.
Хэвлэл, мэдээллийн зарим байгууллага, сэтгүүлчид хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй нь ардчилсан нийгмийн харилцааны хэм хэмжээний асуудал хэдий ч бодит тоо баримтад түшиглэхгүйгээр хоосон шүүмжлэх, хий хардаж сэрдэх, таамаг байдлаар, мөн өөрийн хувийн бодол, сэтгэлийн хөөрлөөр өнгөц үнэлэлт дүгнэлт хийх нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн зарчимд нийцтэй асуудал биш төдийгүй сонгогч олон түмэнд буруу ташаа ойлголт төрүүлэх сөрөг үр дагавартай юм.
Иймээс 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлсэн талаар зарим тоо баримтыг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж Улсын Их Хурлын Тамгын газар үзэж байна.
Үүнд:
1. Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд 26 асуудлыг хэлэлцэхээр нэр зааж оруулснаас 11 асуудлыг нь хэлэлцэж шийдвэрлэсэн, 10 нь хэлэлцүүлгийн шатанд байгаа, таван асуудлыг нь хэлэлцэж эхлээгүй байна. Харин намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын “Бусад” гэсэн асуудлын хүрээнд 144 асуудал хэлэлцэж шийдвэрлэснийг хувиар тооцвол Улсын Их Хурал намрын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлынхаа 90 гаруй хувийг хэлэлцэж шийдвэрлэсэн дүнтэй байна.
2. Улсын Их Хурал намрын чуулганы хугацаанд нийтдээ 152 хууль, тогтоол хэлэлцэж баталсан нь хууль тогтоох үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлснийг нотлох баримт юм. Тухайлбал, энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай зэрэг улс орны хөгжил, иргэдийн аж амьдралд чухал ач холбогдолтой бие даасан 12 хууль баталж, 81 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ хууль, хуулийн хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай 10 хууль баталжээ.
Түүнчлэн олон улсын гэрээ, конвенц, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 6 хууль, Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай зэрэг чухал ач холбогдол бүхий Улсын Их Хурлын 43 тогтоол баталсан байна.
3. Харин Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлэгт бэлэн болсон ч Улсын Их Хурлын 2010 оны намрын чуулганаар хэлэлцэж амжаагүйд олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагууд шүүмжлэлтэй хандах нь зүй ёсны асуудал юм. Гэхдээ сонгуулийг мөнгөний эрхшээлд явуулдаг байдлыг арилгах, сонгуулийн бүх шатанд нэр дэвшигчидтэй холбогдсон авилгалын аливаа хэлбэр илэрвэл түүнийг эгүүлэн татдаг хариуцлагын тогтолцоог бий болгох, сонгуулийн тогтолцооны зохистой хувилбарыг сонгох, бусад хуультай нийцүүлэх зэрэг нарийвчлан авч үзэх асуудлууд байна. Түүнчлэн санал тоолоход цахим техникийг ашиглахтай холбоотой хуулийг сонгуулийн хуультай хамт гаргах шаардлага ч гарч байгаа нь сонгуулийн хуулийг Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганаар батлахаар хойшлуулахад хүргэснийг Улсын Их Хурлын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн билээ.
4. Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр хүмүүсийн саналыг авч Улсын Их Хурлын гишүүдийг сайн, дунд, муу, маш муу гэсэн үзүүлэлтээр дүгнэхийг оролдож байгаа нь тийм ч зохимжтой үнэлэлт биш гэж үзэж байна. Учир нь хууль тогтоох үйл ажиллагаа нь ихээхэн цаг хугацаа, нарийн судалгаа тооцоо шаарддаг, хэн нэг гишүүний хүсэл, санаа зорилгоос үл хамааралтай, олонхиороо шийддэг онцлогтой. Иймээс хууль тогтоох үйл ажиллагаанд сонгогчид л эцсийн үнэлэлт дүгнэлтийг өгөх учиртай юм.
Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганаар нэр зааж 17 асуудал болон “Бусад” асуудал хэлэлцэхээр Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэхээр заасан юм.
Улсын Их Хурал 2011 хаврын ээлжит чуулганаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Төсвийн тухай /Шинэчилсэн найруулга/, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай, Газрын тухай /Шинэчилсэн найруулга/, Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэрэг хуулийн төслүүд, ”Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”, ”Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого батлах тухай” зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Иймээс чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийг олон нийтэд хүргэж сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг өргөн далайцтай зохион байгуулах, улмаар Улсын Их Хурлын 2011 оны хаврын чуулганы бэлтгэлийг хангахад Улсын Их Хурлын Тамгын газар гол анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно.
Улсын Их Хурлын Тамгын газар
2011 оны 02 дугаар сарын 17