“Эцэг” хуульд гар хүрэх хоёр шалтгаан
2011.02.17

“Эцэг” хуульд гар хүрэх хоёр шалтгаан

undesen_huuliҮндсэн хуулийг хөдөлгөх боломжийг УИХ-ын намрын чуулганаар бүрдүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталж "Эцэг" хуулийн аль хэсэгт гар хүрч болохыг тодорхойлсон. Уг хуульд зааснаар УИХ-ын сонгууль явуулахын өмнөх зургаан сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй. Мөн "Эцэг" хуульд гар хүрснээс хойш найман жилийн дотор дахин нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй аж. Тиймээс гишүүдийн олонх нь УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө амжиж Үндсэн хуулиа өөрчлөх хуулийн төсөлд ухаан зарцуулж, гараа чилээж байгаа гэх. Н.Батбаяр, Ц.Батбаяр, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Д.Энхбат, З.Алтай нарын 15 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван зүйл бүхий хуулийн төсөл боловсруулсан.Үүнтэй зэрэгцэн Д.Дамба-Очир, Ж.Сүхбаатар нарын найман гишүүн Үндсэн хуулийн тодорхой заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөл боловсруулж байгаа аж. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй тэдгээр хуулийн төслийн талаар санаачлагчдаас нь тодрууллаа.

Д.ДАМБА-ОЧИР: Засаглалын тухай заалтуудыг өөрчлөхгүй

 

Хууль санаачлагчид Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Дээр дурьдсан гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын үйл ажиллагааны зарчимтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бол Д.Дамба-Очир нарын гишүүд "Эцэг " хуулийн ямар хэсэгт гар хүрч байгааг тодрууллаа.

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж УИХ-д сонгогдсон үеэсээ ярьсан. Тухайн үед ийм саналтай гишүүдийг "Эцэг" хуульд л гар хүрч болохгүй. Та нар засгийн эрх авахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар дайрч байна" гэх зэргээр шүүмжлэх хүн цөөнгүй байлаа. Бүр Үндсэн хуулийг хамгаалах холбоо хүртэл байлаа. Үндсэн хуульд амьдралд нийцэхгүй олон заалт байгаа нь үнэн. УИХ-ын гишүүдэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь байгаа учраас хуулийн төсөл боловсруулсан. Гэхдээ бид Үндсэн хууль дахь засаглалын тухай заалтуудад өөрчлөлт оруулахгүй. Харин засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахаар "Эцэг" хуулийн зарим заалтыг өөрчлөхөөр ажиллаж   байна.   Одоо   мөрдөж   байгаа хуулиар зарим хот нь гэхэд баг болчихсон байх жишээтэй. Бор-Өндөр баг гэхэд 30 мянган иргэнтэй. Тэгсэн хэрнээ 600 хүнтэй суманд харьяалагдаж байна.Говьсүмбэр аймгийн хувьд урд талын хороолол нь нэг сум,хоёр алхаад хойд талынх нь хоёр дахь сум. Засаг захиргааны иймэрхүү хуваарилалтыг Үндсэн хуульд нийцүүлэх гэж хийсэн. Үүнийг л цэгцлэх үүднээс засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Бид хуулийн төслөө  ажлын хэсгийн бүх  гишүүнд хувилаад өгчихсөн.

-Д.Энхбат нарын гишүүдийн боловсруулсан хуулийн төслийг та нарын төсөлтэй нэгтгэх боломжтой юу?

-УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Монголын нөлөө бүхий хуульчид, төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөлөл орсон байгаа. Ажлын хэсэг хоёр, гурван хуулийг нэгтгэж хэлэлцээд УИХ-д өргөн барих юм. Тиймээс хуулийн төслөө эхлээд ажлын хэсгээр хэлэлцүүлнэ. Гэхдээ өөрчлөлт оруулах зүйл ангиуд нь өөр учир нэгтгэж болохгүй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Хаврын чуулганаар хэлэлцэж амжих байх гэж найдаж байна.

 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

СЭТГҮҮЛЧ

УЛСТӨРИЙНТОМ


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.