Даргын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг гишүүдэд танилцуулав
Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгагдсан ч хэлэлцэж амжаагүй, хойшлогдсоор байгаа хэд хэдэн хуулийн төсөл дээр онцгой анхаарал тавьж ажиллахыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргажээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар гишүүдэд мэдээлэл хийсэн юм.
Сонгуулийн тухай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Бэлчээрийн тухай, ХАА-н биржийн тухай,ЭМД-ын тухай, Компанийн тухай гээд онцгойлон авч үзэхүйц 10-аад хуулийн төсөл байгаа юм. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө сайтар боловсруулж, тухайлбал бэлчээрийн тухай зэрэг хуулийн төсөлд тойргоороо явж байхдаа малчид, иргэдээс санал авч тэдний санаа оноог мэдэж ирэхийг даалгасан байна. Мөн чуулганаар баталсан хуулиудын талаар гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа нэрийг нь дурдаад өнгөрөх биш тухайн хуулийн ач холбогдол, өөрчлөгдсөн зүйл заалтуудыг нарийн тайлбарлан иргэдэд сурталчилж байх хэрэгтэй талаар ярьсан байна. Түүнчлэн чуулганы үеэр гишүүдийн ирц бүрдэхгүй хурал сунжрах асуудал их байдаг тул энэ тал дээр анхаарч ажиллахыг бүлгийн дарга нар гишүүдэд дуулгалаа. Дараа нь гишүүд зарим нэг асуудлаар асуулт тавьж хариулт авсан юм.
УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын албаны хэвлэл мэдээллийн хэсэг