Нотариатчид хариуцлагын даатгалд заавал даатгуулахаар болов
2011.02.19

Нотариатчид хариуцлагын даатгалд заавал даатгуулахаар болов

-Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад 25 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаархи танилцуулга-

Монгол Улсын Засгийн газраас Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад 25 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2010.11.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон бусад 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг 2010.10.29-ний өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

law_law

Улсын Их Хурал дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн 2011.02.10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

 

Сүүлийн үед төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага нотариатаар гэрчлүүлсэн баримт бичиг авчрахыг иргэн, хуулийн этгээдээс шаардан олон шат дамжлага үүсгэж байсныг цэгцлэх, нотариатын үйлдлийг хуульчилсан актаар зохицуулж байсныг өөрчилж, нотариатын үйлдлийн хүрээ хязгаар, хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн.

 

Шинээр батлагдсан хуулиар зайлшгүй нотариатаар гэрчлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн хуулиар тогтоож, бусад харилцааг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчлэхээр боллоо.

 

Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллага, албан тушаалтан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх шийдвэр гаргахыг хязгаарласан бөгөөд тухайлбал, холбогдох бусад 25 хуульд төрийн захиргааны байгууллага болон бусад албан газарт хандахад баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шаарддаг байсныг  хүчингүй болгосон.

 

Ингэснээр тухайн баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган өөрсдөө үнэ төлбөргүй “хуулбар үнэн зөв” гэсэн тэмдэглэгээ хийхээр болов.

 

Үл хөдлөх эд хөрөнгө, өв залгамжлал, гэрээслэл, итгэмжлэл, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаатай холбоотой мөнгөн хөрөнгө захиран зарцуулах, хүүхэд үрчлэх, гэрлэгчдийн эд хөрөнгийн эрх зэрэг эрх зүйн үр дагавар бүхий харилцааг нотариатаар гэрчилж байсныг хэвээр үлдээв.

 

Шинэчлэн найруулсан хуулиар нотариатчийг хариуцлагын даатгалд заавал даатгуулахаар болсон бөгөөд энэхүү даатгал нь нотариатын үйлдлийг буруу хийсэн, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон болон бусад буруутай үйлдлийн улмаас үйлчлүүлэгчдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилготой юм.

 

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ нь нийслэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуу дахин нэмэгдүүлсэнээс доошгүй, орон нутагт нэг зуу дахин нэмэгдүүлснээс доошгүй байхаар хуульчилсан байна.

 

Нотариатын тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсанаар нотариатаар заавал гэрчлүүлэх болон өөрийн хүсэлтээр гэрчлүүлж болох харилцааг зааглаж, нотариатын мэргэжлийн үйл ажиллагааг нарийвчлан зааснаас гадна нотариатын буруутай үйлдлээс иргэн, хуулийн этгээдэд учирч болох эрсдлээс хамгаалах арга хэмжээг тусгаж өгснөөрөө чухал ач холбогдолтой хууль боллоо.

Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн

зөвлөх Э.Түвшинжаргал

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.