Утааг бууруулахад эхний ээлжид 105 тэрбум төгрөг хэрэгтэй
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, Агаарын төлбөрийн тухай зэрэг утаа тойрсон хуулийн хэрэгжилттэй УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны дарга нар өчигдөр танилцлаа. Холбогдох яамдын төлөөлөл тэдэнд мэдээлэл өгөв.
Гэр хороолол жилд 10 мянган өрхөөр тэлдэг
УИХ-аас Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулсан төдийгүй 15 заалт бүхий тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хугацаатай үүрэг даалгавар хэр хэрэгжиж байгаа талаар албаны хүмүүс байнгын хорооны дарга нарт танилцууллаа.Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайханы мэдээлснээр, нийслэлийн гэр хороолол жилээс жилд тэлж байгаа бөгөөд 2009-2010 онд л гэхэд 5,8 хувиар буюу 10 мянган орчим өрх нэмэгджээ. Тиймээс утаа бууруулах гол анхаарлыг гэр хорооллынхонд хандуулж, утаа бага гаргадаг түлшээр хангах, эрчим хүчний хямд эх үүсвэр бий болгох, цаашлаад гэр хорооллыг барилгажуулахад хөрөнгө мөнгө гаргахгүй бол агаарын бохирдол энэ хэвээр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус албанаас томилогдсон ажлын хэсэг хуульд заасны дагуу эхний ээлжийн хязгаарлалтын бүс тогтоох ажлыг эхлүүлсэн байна.
Төлөвлөж байгаагаар бол хоёр дүүргийн 9 хорооны 20 орчим мянган айлыг хязгаарлалтын бүсэд хамруулж тэнд түүхий нүүрс огт оруулахгүй, түлүүлэхгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Баянгол дүүргийн 9, 10, 11, 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж, гурав дөрөвдүгээр хорооллын арын гэр хорооллын айлууд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9,10,11-р хороо буюу Зурагт хавьд, мөн Зуун айлыг хязгаарлалтын бүсэд хамруулжээ. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэрээс шалтгаалан хязгаарлалтын бүсийг бүхэлд нь цахилгаанаар халааж чадахгүй юм байна.
Ямартаа ч хязгаарлалтын бүсэд хамрагдсан айл стандартад нийцсэн түлш түлээд цахилгааны шөнийн тарифаа хоёр дахин хөнгөлүүлнэ. Мөн зургаан төрлийн урамшуулал хүртэх аж. Тухайлбал хагас кокжсон нүүрс, утаа бага гаргах үртсэн түлшээр хангагдах бөгөөд айл бүрийн хашаанд 10-16 ширхэг мод суулгац тарих, зүлэгжүүлэх, зам тавих зэрэг ажлыг зохион байгуулах аж. Хорин мянган айлыг утаа бага гаргадаг болгохын тулд 84 тэрбум төгрөг, мод тарьж дэд бүтэц барьж байгуулахад 21 тэрбум төгрөг, нийт 105 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог нийслэлийнхэн хийсэн байна.
Хуульд заасан үүргийнхээ дагуу Сангийн яам шаардлагатай хөрөнгийг санхүүгийн олон талт боломжийг ашиглан бүрдүүлэх үүрэгтэй ч ная, зуун тэрбум гэдэг бол том тоо учраас түүнээс өмнө дахин тооцоо судалгаа хийх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийллээ.
САНГИЙН ЯАМ МӨНГӨ ОЛОХ ЁСТОЙ
Тэдний энэ мэдээллийг сонссоны дараа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхон ойрын хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд болоод Сангийн яамныхан уулзаж, эхний ээлжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодитой тооцоолж гаргаж ирэхийг үүрэг болголоо.
Сангийн яамныхан 100 тэрбумыг 2011 оны төсөвт тодотгол хийх байдлаар шийдэхээс өөр арга байхгүй, гэхдээ татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа болохоор нарийн тооцоо, судалгаатай хандах ёстой хэмээн учирласан бол УИХ-ын гишүүд мөнгө байхгүй гэдгээр шалтаглан баталсан хууль, гаргасан тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандав.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл "Сангийн яам мөнгө олох ёстой. Жилийн жилд баахан цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулж, бодлого боловсруулдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх болоход хөрөнгөгүй гээд суучихдаг алдааг дахин давтмааргүй байна. Хоорондоо ярилцаад үнэхээр үндэслэлгүй төлөвлөсөн байвал хасаж танаад хэд болсон тэр мөнгийг Сангийн яам ол. Төсвийн тодотгол дээр үүнийгээ оруулж ир. Өөр яриа байхгүй" гэсэн юм.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуульд ямар нэг албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаасаа буух хүртэл арга хэмжээ авах тухай заасан байгаа. Тиймээс өчигдрийн уулзалтаар Сангийн яам болон нийслэлийн удирдлагууд гуравдугаар сарын 15 гэхэд авах арга хэмжээнийхээ тухай төсөл боловсруулж дахин хэлэлцүүлэх үүрэг хүлээлээ.
Э.Адъяа