Үндсэн хуулийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахаар болов
2011.02.23

Үндсэн хуулийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахаар болов

Монгол Улсын Үндсэн хуульд "захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулж болно" гэж заасныг иш үндэс болгон Улсын Их Хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай", "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуулиудыг батлан улмаар 2004 оны 6 дугаар сарын
 1-нээс эхлэн дагаж мөрдүүлсэн юм.

Хүний эрхийг нийтийн захиргааны хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах чиг үүрэгтэй ийнхүү шүүхийн тогтолцоог 21 аймагт тус бүр гурван гишүүнтэй анхан шатны шүүх ажиллах, мөн нийслэлд ерөнхий шүүгч, 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй тусдаа анхан шатны шүүх байхаар хуульчилсан билээ. Улмаар Улсын дээд шүүхийн бүтцэд 5 шүүгч хийгээд тэргүүн шүүгч бүхий Захиргааны хэргийн танхим ажиллан давж заалдах шатны  үүргийг гүйцэтгэж, Улсын дээд шүүх нь бүрэлдэхүүнээрээ хяналтын шатны үүргийг гүйцэтгэхээр тус тус тогтоож байв.

Ийнхүү байгуулагдсан цагаас хойш давж заалдах болон хяналтын шатны журмаар 2004 онд 15, 2005 онд 240, 2006 онд 261, 2007 онд 409, 2008 онд 615, 2009 онд 780, 2010 онд 762 захиргааны хэрэг хянан шийдвэрлэжээ. Дээр дурдсан тоо баримтаас үзэхэд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ачаалал жил бүр өсөн нэмэгдэж байна.

Иймд шүүхийн эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуулийн заалттай уялдуулах зорилгоор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Улсын Их Хурлаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баталсан хуулиар Улаанбаатарт байршилтай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах бөгөөд уг шүүхийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж байх юм. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн Улсын Их Хурлаас захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн орон тоо,цалингийн хэмжээ баталсан болно.

УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.