Чоно хамгаалах асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл нээж удирдан явууллаа. Сүүлийн хэдэн жилд зээрийн цагаан буюу Дорнод монголын цагаан чоныг агнаж устгах үйл ажиллагаа идэвхжсэнээс байгалийн тэнцвэрт байдал алдагдах, шүлхий өвчин ихсэх хандлага газар авч байна.Чоно бол амьтны сэг зэмээр хооллож байгалиа цэвэрлэж явдаг амьтан. Монгол орны зүүн өмнөд нутагт зээрээр дамжин гарч буй шүлхий өвчнийг уг үндсээр нь устгая гэвэл талын саарал чоныг хамгаалах асуудлыг чухалчлах хэрэгтэй гэдгийг байнгын хорооны дарга хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Тал хээрийн бүсийн саарал чонын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр ШУА-ийн Биологийн хрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Лхагвасүрэн, “Дорнод Монголын хялганат хээрийн саарал чоныг хамгаалах шаардлага, түүнийг агнахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийн байдал” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Саарал чонын хорогдлын шалтгаан нь арьсыг нь худалдаалах, бүх эрхтэнг ардын эмнэлэгт ашигладгаас ихээхэн агнах болсонтой холбоотой гэлээ. 2004 онд 20-30 мянган чоно агнаж устгасан судалгаа гарсан байна. Дэлхийн улс орон 1970-аад оноос саарал чоныг хамгаалах ажлыг эхлүүлэн сэргээн нутагшуулж энэ арга хэмжээнд асар их хөрөнгө зарцуулж байгаа аж. Хэлэлцүүлэгт оролцогчид талын саарал чоныг хамгаалах асуудлаар экологи, хууль эрх зүйн талаас ямар арга хэмжээ авч ажиллах нь үр дүнтэй болох талаар ярилцаж, асуулт хариулт өрнүүлэв. Талын саарал чоныг хамгаалах урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж хариуцах эзэнтэй болгох, шүхий өвчний голомттой аймагт цагаан зээрийн өвчлөлийг тандан судлах, өвчнөөс сэргийлэх зорилготой нэгж байгуулах асуудалд анхаарах хэрэгтэй гэсэн саналуудыг оролцогчид гаргаж байлаа. Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээний улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр чонын эд эрхтэн худалдан авах, худалдах зар сурталчилгаа ихээр явуулж байгаа, “Анчин” нэвтрүүлгээр чоно агнах талаар тусгай нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
Хэлэлцүүлгээс саарал чонын тогтвортой, эрүүл популяцийг хадгалж үлдэх, Монгол орныг гадаад дотоодод танилцуулах, жуулчид, эрдэмтдийг татах зорилгоор цаашид бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх Зөвлөмж гаргасан юм.Үүнд:
-Холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн Нэн ховор, ховор амьтан хамгаалах үндэсний хороо шинээр байгуулах,
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тал хээрийн 31 сумын нутгийн саарал чонын тархац, нөөцийн судалгааны ажлыг зохион байгуулж, үнэлгээ дүгнэлт өгөх,
-Дорнод Монголын хялганат тал хээрийн саарал чоно хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, саарал чонын популяцийн мониторингийн үр дүнг хянах тогтолцоог бүрдүүлэх талаар анхаарал тавьж ажиллах,
-Саарал чоно, түүний идэш тэжээл бологч амьтад, амьдрах орчныг хамгаалах арга хэмжээг орон нутгийн оролцоо, нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
-Саарал чоно элбэг тархсан газрууд, ялангуяа Тусгай хамгаалалттай газруудад саарал чоно хүн хёорын хооронд гардаг зөрчлийг багасгах арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх,
-Шүлхий өвчний голомттой Сүхбаатар, Дорнод аймагт цагаан зээрийн өвчлөлийг тандан судлах, өвчнөөс сэргийлэх зорилготой нэгж байгуулах, тухайлбал, аймгийн мал эмнэлгийн газарт зэрлэг амьтны өвчлөлийг судлах тасаг байгуулан ажиллуулах,
-Зүүн бүс нутагт саарал чонын агналтыг хориглосон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, тухайлбал, саарал чонын хууль бус агналтыг таслан зогсоох зорилгоор чоно агнасан зөрчлийг урамшуулах механизм бүрдүүлэх замаар энэ ажилд малчдын бүлэг, ард иргэдийн оролцоог эрс нэмэгдүүлэх /амьтны аймгийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгодог/ зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзжээ.