Шагналын хур буув
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, зарим хүмүүсийг цол, одон, медалиар шагнав.
Улс эх орныхоо, хөгжил дэвшил, нийгэм, улс төрийн шинэтгэлд оруулсан онцгой хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Гомбожавын Очирбатад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, Сүхбаатарын одон, алтан соёмбо тэмдгээр шагналаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй болон спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв. Монгол Улсын гавьяат багш цолоор нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Цэвэгсүрэнгийн Гүррагчаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Лүмбэнгийн Лүгээбаатар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн багш Мунтагийн Сүхбаатар нарыг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Биеийн тамир, спортын газрын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашзэвэгийн Ганзоригийг, Монгол Улсын гавьяат хуульч цолоор Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, ахмад хуульч Зундуйн Сааралыг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн, ахмад тамирчин Банзрагчийн Зундуйг, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Цэргийн дуу, бүжгийн чуулгын дарга Чойжилжавын Гансүх, “Эртний сайхан” чуулгын туульч Дандарын Өлзий нарыг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Айзам” хамтлагийн ахлагч Ишжамцын Болоож, “Арвангуравдугаар зуун” төвийн гүйцэтгэх захирал Дамдингийн Жамъяан, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын концертмейстр, багш Дүгэржавын Нарангэрэл нарыг тус тус шагнав.
Мөн улс төр, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хууль эрх зүйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын одон, медалиар шагнасан юм.
Монгол ардын намын зөвлөх, доктор Бүдрагчаагийн Даш-Ёндон, Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Жамбын Түмэнжаргал нарыг Сүхбаатарын одонгоор, нийслэлийн Монгол ардын намын хорооны тэргүүлэгч Дугаржавын Баасансүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны ахлах мэргэжилтэн Намсрайжавын Батсэлэнгэ нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Даваасүрэнгийн Энхжаргал, Улсын клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн эмч Лхамжавын Хандсүрэн нарыг Алтан гадас одонгоор, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч Жамсрангийн Баяртогтохыг Цэргийн гавьяаны одонгоор, Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Буриадын Нарангэрэл, “Соёмбо принтинг” ХХК-ийн үйлдвэрийн мастер Батсуурийн Даариймаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, дээд түрүүч Пүрэвжавын Дэлгэрсайханыг Цэргийн хүндэт медалиар, Онцгой байдлын албаны аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбарын аврагч, жолооч, дээд түрүүч Лхагважавын Нямдавааг Шударга журам медалиар тус тус шагнажээ.