БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхлэлээ
2011.02.24

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхлэлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи манай оронд албан ёсны айлчлал хийхээр энэ 24-ний өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Түүнийг Чингис хаан нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар,БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун болон албаны бусад хүмүүс хүндэтгэлтэйchina_asasasгээр угтан авлаа.

Ян Жэчи сайд ийнхүү манай оронд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд тэрээр 2007 онд Гадаад хэргийн сайдын хувьд гадаадад хийсэн анхны айлчлалынхаа хүрээнд манай улсад ирж байсан юм. Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябаог дагалдан 2010 онд Монголд айлчилсан билээ.Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын ГХЯ-нд Г.Занданшатар, Ян Жэчи нарын албан ёсны хэлэлцээ найрсаг байдалд болж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцлаа.

Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн замаа өөрөө сонгох эрхийг тууштай хүндэтгэж ирснийг монголын тал өндрөөр үнэлж байдгийг Г.Занданшатар сайд тэмдэглээд, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байдгийг цохон дурдав. Энэ бүгдэд суурилан хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх асуудал хэлэлцээний гол агуулга байв. Мөн ойрын үед хэрэгжүүлэх өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалууд хоёр талаас ярилцаж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудал, төслүүдийг урагшлуулах талаар, түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухайд тодорхой ярилцав. Бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо.

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун нар, “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх Журамд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун нар тус тус гарын үсэг зурж, БНХАУ-ын ЗЗТБ Гонконгд Монгол Улсын Ерөнхий консулын газар байгуулах тухай ноот бичгийг хоёр талын Элчин сайд нар солилцов.Өнөөдөр, маргааш хоёрт үргэлжлэх энэхүү айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар Ян Жэчи сайдыг тус тус хүлээн авч уулзах болно. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хүндэтгэлийн зоог барих юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.