Мал аж ахуйн салбараас энэ онд 1,5-2 тэрбум доллар босгоно
Монголын ард түмний шавхагдашгүй баялаг болсон мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, ашиг шим, чанарыг өсгөж өрсөлдөх чадварыг сайжруулж, стандартын шаардлага хангахуйц баталгаат хүнс, түүхий эд нийлүүлэх, гадаад зах зээл дэх экспортыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол мал" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас өнгөрсөн онд баталсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан "Монгол мал" хөтөлбөрийн үндэсний хорооны өргөтгөсөн хурлаа өнгөрсөн баасан гаригт хийлээ. Тус хуралд үндэсний хорооны гишүүдээс гадна, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг байгууллага, холбогдох албан тушаалтнууд оролцож, салбарын яамнаас бодлогын болон зохион байгуулалтын чиглэлээр хийж өнгөрсөн есөн сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай үндэсний хорооны даргын хувьд хурлыг нээж үг хэллээ. "Монгол мал"хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таван тэргүүлэх чиглэл, 17 зорилтод хамаарах нийт 84 багц ажлыг мал аж ахуйн салбарт хэрэгжүүлжээ. Тухайлбал, 329сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд гурван хүний орон тоотой "Мал эмнэлэг, үржлийн тасаг" байгуулж, үүндээ 878 мал аж ахуйн мэргэжилтэнг томилж, сургалтад хамруулсан байна. Сум бүрт байх Мал "эмнэлэг, үржлийн тасагт мал зүйч, малын эмч зэрэг мэргэжилтнүүд байх бөгөөд тэд мал эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, мал"эмнэлгийн чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг бүхэлд нь зангидаж хэрэгжүүлэх, малын хээлтүүлэг, бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ гээд бүхий л асуудлыг гардаж хариуцахаар болсон байна. Өнгөрсөн жил улсын төсвөөс 9,5 тэрбум төгрөгийг мал аж ахуйн салбарт тусгасан. Үүнээс сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн гурван сарын үйл ажиллагааны зардалд 1,9 тэрбум, зүүн гурван аймаг, Говьсүмбэр, Төв аймгийн нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, өвчлөлийг зогсоох ажилд улс орнуудын тусламжаар 331.2 мянган доллар зарцуулж, 340-460 гаруй хүнийг ажиллуулсны хүчинд тархалтыг зогсоожээ. Зүүн гурван аймгаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд нийслэлд оруулахыг хориглох тухай Засгийн газрын тогтоол ирэх сард цуцлагдана.
Түүнчлэн аравдугаар сард Хан-Уул дүүргийн XIII хороонд байрлах "Ниошель" ХХК-ийн шувууны аж ахуйд гарсан шувууны гоц халдварт ньюкасл өвчнийг богино хугацаанд зогсоож, халдвартай 5000 тахиаг устгаж, халдваргүйжүүлсэн билээ. Харин Архангай, Завхан аймгийн малыг бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх, вакцинжуулах арга хэмжээнд 679 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн каракуль хурганы арьсны чиглэлийн "Сүмбэр" хонины удмын санг сэргээн сайжруулахаар Халимаг улсаас 1700 тун гүн хөлдөөсөн үр импортолж авчирч, тухайн үүлдрийн хонийг үржүүлж буй орон нутгийн өмчит цөм сүргийн төвд 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн зуданд нэрвэгдэж, огт малгүй болсон 8711 өрхийг улсын төсвийн 3.8 тэрбум төгрөгөөр малтай болгожээ. Харин мал сүргийг бүртгэлжүүлэхтэй холбогдсон тендер зарлаж, зарцуулах ёстой 4,3 тэрбум төгрөгийг тодорхой шалтгаанаар хадгалан үлджээ. 1990-ээд оны үеэр нэгдлүүд бутарч, мал хувьд шилжсэнээс хойш малын баталгаажсан үүлдэр, үүлдрийн хэсэг, омгийн малын тоо толгой, ашиг шимийн гарц чанар муудсан талаар багагүй шүүмжлэл гарсаар байсан.
Иймээс "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мэргэжлийн ажлын хэсгийг орон нутагт томилон ажиллуулж, манай улсад одоо үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малын тоо, ашиг шимийн өнөөгийн төвшинг тогтоох, тухайн үүлдэр, омгийг баталгаажуулсан үеийнхтэй харьцуулан судалгаа хийжээ. Судалгаанд нарийн, нарийвтар ноостой Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан, Жаргалант, ширүүн ширүүвтэр ноостой Байдраг, Баяд, Говь-Алтай, Үзэмчин Торгууд, Керей, Сартуул, Барга, Дархад , Монгол зэрэг 19 үүлдэр, омгийн хонь, Уулын бор, Говь гурван сайхан, Алтайн улаан, Эрчмийн хар, Залаа жинстийн цагаан, Өлгийн улаан, Баяндэлгэрийн улаан, Монгол зэрэг есөн үүлдэр, омгийн ямааг хамруулсан байна. Судалгаанаас үзэхэд Говь гурван сайхан болон Уулын бор үүлдрийн ямааны ноолуурын дундаж гарц үүлдрээр батлагдах үеийнхээс 3.6-58 гр буюу дунджаар 30.8 rp-аар буурч, ширхгийн голч 1.22-3.17 мкм буюу дунджаар 2.19 мкм-ээр нарийссан үзүүлэлттэй байсан бол сүүлийн арваад жилд бусад омгийн ямааны ноолуурын дундаж гарц 14.6-78.5г буюу дунджаар 47.2г-аар нэмэгдэж, голч нь 0.37-0.56 мкм буюу дунджаар 0.27 мкм-ээр бүдүүрсэн байжээ. Байгаль, цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалан ноолуурын чанар муудсаар байвал дэлхийн зах зээлд "цагаан алт" гэж үнэлэгддэг монгол аюултай.
Иймээс ямаа өөр дотор нь цэврээр нь сонгон үржүүлж гарцаар нь биш өнгө, чанараар нь үржлийн ажлыг шинжлэх ухааны батлагдсан арга зүйн дагуу төлөвлөгөөтэй явуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хонины хувьд ширүүн, ширүүвтэр ноостой Говь-Алтай, Баяд, хонины амьдын жин, Сартуул хонины ноосны гарц дээшилсэн бол Байдраг, Тамир, Хотонт, Дархад хонины тоо цөөрч ашиг шим нь буурсан байна. Харин махны чиглэлийн Үзэмчин, Барга, Баянцагаан хонины үзүүлэлтүүд хэвийн хэмжээндээ байхад Керей, Дархад, Алтанбулаг хонины амьдын жингийн үзүүлэлт буурсан тогтоогджээ. Нарийн, нарийвтар ноостой хонины тоо аль ч үүлдэр дээр буурсан, ноосны чанар, гарц муудсаны дотор Тал нутгийн цагаан, Жаргалант, Торгууд хонины тоо эрс цөөрч устаж үгүй болох хэмжээнд хүрсэн төдийгүй ноосны чанар доошилж бие цогцос нь эмзэгшсэн байна. Иймээс нарийн, нарийвтар ноостой болон Торгууд үүлдрийн хэсгийн хонийг бий болгоход ашигласан үндсэн үүлдрээр нь цус сэлбэж, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь бататган сайжруулахын зэрэгцээ тоо нь цөөрч удмын сан нь алдагдахад хүрсэн зарим хонины удмын санг нь хамгаалах тусгайлсан арга хэмжээг зориуд авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна.
Өнгөрсөн 2009, 2010 оны өвөл, хаврын зуд, байгалийн гамшгийн улмаас улсын хэмжээнд 47,8 мянган хуц, 47,8 мянган ухна, 1266,3 мянган эм ямаа, 1093,1 мянган эм хонь, хорогджээ. Үүний улмаас мал сүргийн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохиргоо ихээхэн алдагдаж улсын хэмжээнд дунджаар нэг хуц, ухнад 91-103 хээлтэгч оногдож стандартаас 1,0-1,5 дахин нэмэгдсэн байна. Тохиргоо хамгийн их алдагдсан Баянхонгор, Завхан, Орхон, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Увс, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад нэг хуцад 100-138 эм хонь, нэг ухнад 107-201 эм ямаа ноогдох болсон байна. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан зуданд нэрвэгдсэн аймаг, сумдад бусад аймаг, орон нутгаас хээлтүүлэгч худалдан авах, зохиомол хээлтүүлгийн цэг салбар ажиллуулах ажлыг өнгөрсөн жил "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд тодорхой арга хэмжээ болгон зохион байгуулжээ.
Тухайлбал, 16 аймагт бодын 40, богийн 20 салбар ажиллуулан2315үнээ, 7320 бог малд зохиомол хээлтүүлэг хийжээ. Мөн УИХ-ийн гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дащдорж, Ж.Энхбаяр Э.Мөнх-Очир нарын санаачилгаар зарим ЦСҮАА, цөм сүрэг бүхий малчдаас стандартын шаардлага хангасан нийт 8700 гаруй хээлтүүлэгчийг худалдан авч зуданд нэрвэгдсэн сумдын малчдад олгосноос гадна орон нутгийн хүч, хөрөнгөөр нийт 1400 гаруй түүний дотор Өвөрхангай аймагт 600, Булган аймагт зуун хээлтүүлэгч гаднаас авах гэрээ байгуулан шилж сонгох, бүртгэлжүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулсан нь малын нөхөн үйлдвэрлэлийг сэргээхэд ихээхэн үр дүнтэй ажил болсон гэдгийг тус хурлын үеэр ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг онцолсон юм. Өнгөрсөн аравдугаар сард ХХААХҮЯ, Өмнөговь аймгийн ЗДТГ, "Монгол бактрион" нийгэмлэгтэй хамтран "Их говийн экологи ба монгол тэмээ " сэдэвт олон улсын симпозиумыг зохион байгуулснаар тэмээний хорогдлыг бууруулж цаашдын өсөлтийг хангахад төрийн болон олон нийтийн байгууллага, малчдын оролцоо идэвх санаачилгыг өрнүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хандив тусламжийг тэмээ рүү хандуулах, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, хоёр бөхт тэмээ үржүүлдэг орнуудын дэвшилтэд арга технологи туршлагыг харилцан судлах, амьдрал ахуйдаа нэвтрүүлэхэд чиглэгдсэн олон улсын чанартай зөвлөмж гаргажээ.
Мөн сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл, мэдээллийн үйл ажиллагааг тогтмолжуулж, 322 аж ахуй нэгжийн 7650 үнээг бүртгэлжүүлж, хээлтүүлгийг сайжруулснаар 4.5 хувийн тослогтой, 3.53 хувийн уурагтай, жилд 4000 килограммаас дээш сүүн ашиг шимтэй үнээний цөм сүргийг бий болгосон байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 60 аж ахуй нэгж, 63 иргэнд нэг тэрбум гаруй төгрөг, 76 толгой үхэр, 44 толгой гахай, 20 мянга дөрвөн зуун хоногийн настай дэгдээхэйг бага хувийн хүүтэй эргэн төлөгдөх нөхцөлөөр зээлдүүлжээ. Мөн хөдөө-гийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг сайжруулах хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 247, гадаадын зээл тусламж, иргэд, орон нутгийн хөрөнгөөр 808 худаг шинээр ашиглалтад оруулжээ. Ингэснээр 5300 орчим малчин өрх, 2.9 сая малыг усаар хангагдах боломж бүрдүүлсэн байна. Мөн арван аймгийн 508 бэлчээрт шинээр уст цэг тогтоох газрын доорх усны хайгуулын ажил явуулж, ус гарах магадлал-тай цэгийн тоог 400-аар нэмсэн байна.
Түүгээр ч зогсохгүй аймаг дундын отрын бүс нутгийг нэмэгдүүлэх зорилгоор Булган, Өвөрхангай аймгуудын заагт орших 72 га бэлчээрийг улсын хэрэгцээнд авч, зургаан газарт 648.6 мянган га газрыг отрын бүс болгожээ. Өнгөрсөн оныг Засгийн газраас "Жижиг дунд бизнесийг дэмжих жил" болгосонтой холбоотойгоор ХХААХҮЯ-наас шинээр үйл ажиллагаа эрхлэх 581, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, өргөтгөх 1031 аж ахуй нэгж, иргэдийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсний дүнд 5808 ажлын байр шинээр бий болгож, 6322 ажлын байр хадгалж үлджээ. Мөн Хан-Уул дүүрэгт арьс, ширний үйлдвэрийн технологийн парк байгуулах ажлын хүрээнд үйлдвэрийн хаягдал усыг шинэчлэх ТЭЗҮ,зураг төслийг нийслэлд хүлээлгэн өгч, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн байна. "Дархан нэхий" компанийн үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг хүлээлгэж өгчээ. Ингэснээр тус үйлдвэрийг түшиглэн улны шир болон гутлын түрийний арьс боловсруулах, хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эсгий үйлдвэрлэх зэрэг жижиг цехүүдийг ашиглалтад оруулсан байна. Монгол хонь, тэмээний ноосны хаягдлаар дулаалгын WINTEX материал үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр БНХАУ-аас оруулж ирдэг дулаалгын материалуудыг Монголдоо үйлдвэрлэх боломжтой болсон гэдгийг хурлын үеэр үндэсний хорооныхон онцолсон юм. Саяхан Теньжин боомтын Дунжяны чөлөөт бүсэд 3000 тонн хөргүүртэй агуулахыг урт хугацааны хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслэх асуудал шийдэгдэж, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан БНСВУ-д ямааны хөлдөөсөн мах, үхэр ямааны боловсруулсан арьс, шир, самнасан ноолуурыг экспортлож байгаа ажээ. Энэ мэт томоохон ажлуудыг өнгөрсөн есөн сарын хугацаанд "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн байна.
Хурлын үеэр энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлэх талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягаас тодруулахад "Бид энэ онд зарим аймаг, сумдад жишиг хоршоо, загвар мах боловсруулах жижиг цехүүдийг бий болгох, ялангуяа эрүүл бүсээс бусад бүх аймгуудад малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх вакцинжуулалтад ,100 хувь хамруулах ажлыг хийнэ. Үүнд гадаад улс орны зээл тусламжийг авч хэрэгжүүлэх чухал. Нөгөө талаар малын тэжээл үйлдвэрлэлтийн чиглэлээр нэлээд олон бодлогын өөрчлөлтүүд, зохицуулалт хийхээр төлөвлөлөө. Энэ онд хийх томоохон арга хэмжээ бол мал сүргээ бүртгэлжүүлэх ажил юм. Мөн сумдад' шинээр бий болгосон Мал эмнэлэг, үржлийн тасгууд, хөдөө аж ахуйн бусад үйлчилгээний нэгжүүдийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд хүч өгнө.
"Монгол мал" хөтөлбөр хэрэгжсэнээр малчдын мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээс авах орлого эрс нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Мал аж ахуйн аливаа эрсдэл, байгаль, цаг уурын гэнэтийн аюул, малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүхий л боломж нээгдсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр төрөөс малчдын талаар баримталж буй бодлоготой уялдуулж, нийт малчдын 90 хувийг нийгмийн даатгалд, эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулах боломжтой болно. Үндсэндээ малчид маань мэргэжилтэн болж, тэд зохион байгуулалтад орж, данс тооцоо, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн бизнесийн хэлбэрт орох юм. Ингэснээр мал аж ахуйн салбарын экспортын орлого жилд 1.5-2 тэрбум доллар болж нэмэгдэх боломжтой" гэлээ. Үндэсний хорооны хурлаар таван тэргүүлэх чиглэлийг энэ онд мал аж ахуйн салбарт хийхээр төлөвлөжээ. Үүнд эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд УИХ-аас батлан гаргаж, хэрэгжүүлж байгаа "Монгол мал" хөтөлбөрийн үйл ажиллагааг "Малчдын талаар төрөөс баримтлах бодлого" болон Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа "Малын чанар сайжруулах", "Эрчимжсэн аж ахуйг дэмжих хөтөлбөр", "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралыг сайжруулах" зэрэг хөтөлбөр болон мал аж ахуйн чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм байна.
Өнгөрсөн онд Аж ахуйн үйл ажиллагаан эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Малын удмын сан, эрүүл мэндийн тухай, Таримал ургамлын ур, сортын тухай, Ургамал хамгааллын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Одоогоор мал сүргийн оршин тогтнох ын үндэс болсон бэлчээрийн харилцааг зохицуулах зорилгоор Бэлчээрийн тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд байгаа ажээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн байна. Малын үржлийн ажил үйлчилгээг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, эргэлтэд оруулах талаар багагүй зүйлийг хийх юм байна. Түүнчлэн мал аж ахуйн эрсдэлийг бууруулах, зорилтот зах зээлийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар болжээ. Энэ онд "Монгол мал" хөтөлбөрт улсын төсвөөс 51 тэрбум төгрөг тусгасан нь хөтөлбөрийн хэрэгжилтэд төрөөс мал, малчинд ихээхэн анхаарал хандуулсан хэрэг болсон гэж үндэсний хорооны гишүүд хурлын үеэр хэлж байв.
Хурлын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай 2011 онд 170 мянган малчныг "малчин" гэдэг мэргэжилтэй болгох, шинээр бий болж буй малчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх тал дээр анхаарах, мал аж ахуй эрхэлж буй аж ахуй нэгж бүрийг данслах, бүртгэх, малыг хувийн хэрэгтэй болгох, малыг гарал үүслийг гэрчилгээ, бүртгэл, хувийн хэрэгтэй болгох ажлыг ондоо багтаан хэрэгжүүлж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Бид саяхан ОХУ-аас 375 сая рублийн санхүүжилтээр вакцин авсан. Малыг эрүүлжүүлэх тал дээр саадгүй гэж бодож байна. Бэлчээрийн аж ахуй бол дэлхийд монгол малыг сурталчлах брэнд шүү. Жижигхэн ч гэсэн чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн бэлчээрийн мал аж ахуйгаас гарна. Мал аж ахуй бол уул уурхайтай өрсөлдөхүйц эдийн засгийн бүрэлдэхүүн юм. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах нь чухал байна. Эрчимжсэн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн, салбараар хөгжүүлэх малын тоо толгойг төрөлжүүлэх, удмын санг хамгаалах тал дээр анхаарч ажиллах, ноос, ноолуур, мах, арьс, шир, тараг, хөөвөр, хоормог зэрэг малын бүтээгдэхүүнээс энэ онд 1.5-2 тэрбум долларыг бий болгох зорилтоор ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.
Г.Улсболд