Мансууруулах эм, бодисын эргэлтэд хяналт тавих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Засгийн газраас санаачлан боловсруулсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа. 2002 онд батлагдан мөрдөгдөж байгаа Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавьж, зохицуулалт хийхэд чухал ач холбогдолтой хууль болсон. Гэвч сүүлийн үед олон улсын түвшинд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийн хууль бус үйлдвэрлэл, түүнийг хил дамнуулан худалдаалах, хууль бусаар тээвэрлэх явдал нэмэгдсээр байгаа нь улс үндэстний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, иргэдийн хэвийн амьдралд бодитойгоор хүндрэл бэрхшээл учруулсаар байна. Түүнчлэн энэ төрлийн эм, бодис, түүний түүхий эдийг хууль бусаар тээвэрлэх, худалдаалах, хэрэглэх явдал нь зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа мөнгө угаах болон бусад төрлийн гэмт хэргийн суурь болоод зогсохгүй терроризмыг санхүүжүүлэх гол хэлбэр болдог байна. Иймээс НҮБ-аас 1961 онд Мансууруулах эмийн тухай, 1971 онд Сэтгэцэд нөлөөт эмийн тухай, 1981 онд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд хяналт тавих тухай конвенци батлан гаргасан бөгөөд манай улс эдгээр конвенцид 1990, 1999, 2001 онуудад нэгдэж орсон юм.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист тавих хяналт сайжирч байгаа ч хууль бус хэрэглээ ихсэж байгаа тул төрийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагын үүднээс Засгийн газар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд сэтгэцэд нөлөөт эмийг мансууруулах эмтэй адилтган хуульчилж аймаг, нийслэлд зөвхөн ганцхан эмийн сангаар үйлчлэхээр заасан нь хууль журмын дагуу сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх заалтттай өвчтөнүүдэд хүндрэл чирэгдэл учруулдаг явдлыг зохицуулах, түүнчлэн хууль зөрчигчдөд оногдуулах торгуулийн хэмжээг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийцүүлж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.