Хэрэв хүсвэл сэтгүүлчид манай гэрт очоод үзэж болно
2011.03.09

Хэрэв хүсвэл сэтгүүлчид манай гэрт очоод үзэж болно

БОАЖ-ын сайд Л.Гансүх сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар өөрийг нь гүтгэж байгаа гэдгийг нотлох баримтуудыг хэвлэлийнхэнд уржигдар дэлгэлээ. Түүнчлэн тэднийг уучлал хүсэж, ташаа мэдээлэл цацсан гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрвөл гомдлоо татаж авна гэдгээ ч хэлэв.

gansukh_saidСэтгүүлч Г.Уянга Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Л.Гансүх сайд нэг сая ам.доллар буюу нэг тэрбум 500 сая төгрөгөөр Зайсангийн дэргэд хувийн хаус худалдаж авсан гэж нэг бус удаа мэдээлжээ. Харин үүнийг ямар эх сурвалжаас сонссон талаар асуухад өөрийн нөхөр А.Баатархуягаасаа анх сонссон гэжээ. Гэвч дараа нь түүний хариулт өөрчлөгдөж, "Би 2010 оны нэгдүгээр сард "Гранд плаза"-д О.Магнай нарын хүмүүстэй уулзаж байхдаа энэ талаар хүн хэлэхийг сонссон. Харин ярьж байгаа хүн нь хэн болохыг О.Магнайгаас асуухад түүнийг Л.Гансүх сайдыг хүргэн гэж хэлсэн" гэсэн байна. Сүхбаатар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн. Г .Уянгын мэдүүлгүүд ийнхүү хоорондоо зөрүүтэй байгааг БОАЖ-ын сайд Л.Гансүх онцлоод гэрчүүдийн нүүрэлдэх уулзалтаар түүний хүргэн Н.Эрдэнэбилэг А.Баатархуяг, О.Магнай нартай өмнө нь уулзаж байгаагүй гэдгийг нотолсон гэв. Харин хэрэг үүсгэн шалгах үед гэрчээр татагдсан О.Магнай "Тэр үед юу хийж, хэнтэй уулзаж байснаа сайн санахгүй байна" хэмээн мэдүүлсэн аж.

 

Л.Гансүх сайдын үзэж байгаагаар Г.Уянга, А.Баатархуяг нар өмнө нь ярьснаа үгүйсгэж эхэлсэн нь тэднийг ямар нэг хувийн сонирхлоос үүдэж, түүнийг гүтгэж байгааг илтгэх хангалттай нотолгоо гэнэ. Тухайлбал, тэд анх нэг сая ам.долларын үнэтэй хаусны тухай ярьж байснаа сүүлдээ "Бид Л.Гансүх сайдыг "Оргил" хотхонд 165 сая төгрөгийн үнэтэй байшин худалдан авсан гэж мэдүүлсэн" гэх зэргээр анхны мэдүүлгээсээ буцаж эхэлжээ. Түүнчлэн "Бид нэг сая ам. долларын тухай ярьсан нь зүгээр их мөнгө авсан гэдэг утгаар нь хэлсэн" гэжээ. Энэ мэтчилэн олон баримтыг сэтгүүлчдэд дэлгэсний дараа БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлэхдээ "Хэрэв та нар хүсэж байгаа бол манай гэрт очоод ямархуу өртөгтэй байр болохыг нь өөрсдөө харж, тусгай хүмүүсээр шалгуулж болно"гэв. Харин Г.Уянгыг хүчээр баривчлах гэж байсан тухайд "Хуулийн байгууллагынхан Г.Уянгыг мэдүүлэг өгүүлэхээр хэд хэдэн удаа дуудсан. Тухай бүрт нь тэрбээр татгалзсан хариу өгсөн. Эцэст нь хүчээр авч явж, мэдүүлэг авахаар болсон. Түүнээс биш тэр бол баривчилгаа биш" гэлээ.

Т.Элиса

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.