Чех улсад амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2011 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд БНЧУ-д ажиллах гэж байна.
Төлөөлөгчид БНЧУ-ын Прага хотноо Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын III хуралдаанд оролцохоос гадна Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийж, Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг, нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон иргэний шинэчилсэн бүртгэлд гадаад улсад суугаа монгол улсын иргэн хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгөх юм.
Энэ үеэр уулзалтад өөрийн биеэр ирэх боломжгүй иргэд Прага хотын цагаар 2011 оны 3 дугаар сарын 9.30-12.30 болон 14.00-17.30 цагт ажлын хэсгийн гишүүдтэй интернэтээр холбогдож, сонирхсон асуултдаа хариулт авах, санал хүсэлтээ уламжлах боломжтой ажээ. Энэхүү интернэт ярилцлагад оролцох хүсэлтэй иргэд ta_asuu@yahoo.com гэсэн хаягаар Yahoo ID-ээ илгээж бүртгүүлэхээс гадна урьдчилан асуулт, санал хүсэлтээ явуулж болох юм байна.
НХХЯ-аас цаашид Монголчууд олноор оршин суудаг гадаадын зарим оронд Монгол иргэдтэй уулзалт хийж, Хүний хөгжил сангаас олгож буй хувь хишиг, нийгмийн халамж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж болон иргэний шинэчилсэн бүртгэлд гадаад улсад суугаа монгол улсын иргэн хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.