“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн ажил аль шатандаа явна вэ?
2011.03.09

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн ажил аль шатандаа явна вэ?

Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, засгийн газрын 2010 оны 118 дугаар тогтоолын дагуу “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын зөвлөл, ажлын хэсэг байгуулах тухай тогтоол гарсан.

sainshand_tsogtsolbor

Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд болон агентлагын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байгаа юм.

 

Түүнчлэн цогцолбор байгуулах ажлыг хэрэгжүүлэх, зөвлөлд санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулан яам, агентлагууд, харьяа аймгийн Засаг дарга, эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулан байгуулсан. Ажлын хэсгийн уялдаа холбоог хангаж өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах үүргийг Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо хүлээн ажиллаж байна.

 

Ажлын хэсэг нь ажил үүргийн дагуу гадаад, дотоодын зөвлөхүүдийг авч ажиллуулах бөгөөд энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ҮХШХ-ны даргын 2010 оны 80 дугаар тушаалын дагуу  төслийн ерөнхий зөвлөх, олон улсын болон дотоодын хамтарсан хуулийн зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй батлаж зөвлөхүүдийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2010 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр зарласан.

 

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-т баригдахаар төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэр болон дагалдах дэд бүтэц, хүний нөөцийн асуудлуудыг цогцоор шийдвэрлэх үүднээс төслүүдийн өөр, өөрийн онцлогтой, харилцан адилгүй эрсдлийн зэрэгтэй уялдуулан үйлдвэрүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг төсөл бүрээр нарийвчлан гаргаж,ерөнхий төлөвлөгөөг боловсруулан холбогдох шийдвэр, зөвлөмжийг зөвлөлд танилцуулах төслийн ерөнхий зөвлөх,  хууль, эрх зүйн  талаар болон үйлдвэрүүдийг барих гэрээлэгчидтэй байгуулах гэрээний төсөл боловсруулах, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө болон цогцолборын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг  боловсруулах үүрэг бүхий олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулах ажил үндсэндээ дуусаад байна.

 

Шалгарсан зөвлөх үйлчилгээний компаниудын нэрийг захилагч байгууллага ҮХШХ-ноос гэрээ байгуулах эрх олгох саналыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйл буюу Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлэх болно.

 

Төслийн олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах тендерт 2 консерциум оролцож байгаа бөгөөд Монголын талаас “Liberty partners LLC” болон “GT’s advocate” компаниуд энэхүү 2 консерциумыг төлөөлж байна.

 

“Liberty partners LLC” нь “BNP Paribas”, “McKinsey and Company”, “Pillsbury” компаниудтай нэгдэл болон оролцож байгаа бол “GT’s advocate” нь “Hogan Lovells” ХХК-тай нэгдэл болон оролцож байгаа юм.

 

Ерөнхий зөвлөхийн сонгон шалгаруулах тендерт Bechtel, Fluor, Worley Parsons, Hatch гэсэн 4 компани өрсөлдөж байгаа бөгөөд “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төсөл нь ач холбогдлын хувьд ч төслийн хамрах хүрээний хувьд ч томоохон төсөлд тооцогдох учир энэхүү төслийг хэрэгжүүлэх ерөнхий зөвлөх үйлчилгээний баг нь олон улсад танигдсан, нэр хүндтэй, уг төсөлтэй ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай компани байх шаардлагатай гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

 

Төслийн ерөнхий зөвлөх үйлчилгээний компани нь боловруулах үйлдвэр тус бүр дээр үйлдвэрүүдийг барих судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гүйцэтгэлийн цаг хугацаа болон чанарт хяналт тавих, үйлдвэрийг хүлээн авах хүртлэх бүх ажлыг гардан хэрэгжүүлж, түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр  ажиллуулах болно.

 

Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барьж дэвшилтэт техник, өндөр технологи нэвтрүүлэх төсөл нь Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх, техник, технологийн хувьд харилцан уялдаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг хөгжүүлэх,  улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг, таатай нөлөө үзүүлэх зорилготой. Энэ хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд,  тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот  төлөвлөлтэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг зорьж байна. Цогцолборын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах ба тухайлбал “Коксын үйлдвэр” Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтанд орохтой, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд уялдуулах төлөвлөгөөтэй байна.

 

Төрийн оролцоо, дэмжлэг нь эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, дэд бүтцийн зарим төслүүдийг санхүүжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тодорхой хөнгөлөлт бий болгох зэрэг байх ба энэ асуудлыг төслийн судалгааны шатанд нарийвчлан боловсруулж тодорхойлно. Сайншанд” аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хамрагдаж болох үйлдвэрүүд, дэд бүтцийн төслүүдийг хамруулан нийтдээ (Засгийн газрын 2009 оны 320-р тогтоолыг үндэслэн тооцоход) 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарсан.

 

Ийм хэмжээний хөрөнгийг бүрдүүлэхэд нэг төрлийн хөрөнгийн эх үүсвэрт түшиглэх боломжгүй, эрдсэл өндөр байх тул төслийг санхүүжүүлэх хөрөнгийг олон эх үүсвэрүүдээс, үе шаттайгаар бүрдүүлэхээр төлөвлөж байна. Үүнд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт голлох байр суурьтай байх болно.

 

Дээрх бүтээн байгуулалтын томоохон цогцолборыг ашиглалтанд оруулсанаар манай улсын эдийн засгийн бодит өсөлт огцом нэмэгдэж аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 57 хувьд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 14 хувьд, эдийн засгийн өсөлт 2013-2021 онуудад дунджаар 15.8 хувьд хүрч өсөхөөр байна. Ингэснээр эдийн засгийн бодит өсөлт суурь хувилбараас 4.3 нэгжээр нэмэгдэх боломжтой.

 

Төслийн зөвлөх үйлчилгээний компаниудыг сонгон шалгаруулж гэрээ байгуулснаар эхний шатны ажил дуусах бөгөөд тендерт шалгарсан компани нь дээр дурьдсанчлан Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар,  санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор боловсруулж гарсан дүгнэлт, шийдвэрүүдийг ажлын хэсэг болон зөвлөлд танилцуулах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.