Орон нутагт ажилгүйдэл өссөөр байна
Манай улсын албан бус сектор дахь хөдөлмөр эрхлэлтийн судалгаа хангалтгүй байдаг билээ. Судалгаагаар өнгөрсөн онд манай улсад хөдөлмөрийн насны нэг сая 129 мянга гаруй хүн байгаагаас 53 хувь нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэйчүүд гэсэн дүн гарчээ. Эдгээр хүн амаас 106 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн дүн гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт хөдөлмөрийн насны хүн амын 10 орчим хувь нь огт хөдөлмөр эрхлэхгүй байна гэсэн үг. Ажилгүйчүүдийн 60 орчим хувийг эрчүүд эзэлж байгаа юм байна.
Ерөнхий дүнгээр авч үзвэл ажилгүйдэл буурсан гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгч байсан билээ. Тэдний судалгаагаар 2010 оны дүнг 2009 оныхтой харьцуулахад ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 3.4 хувиар буурсан ажээ. Харамсалтай нь бууралт зөвхөн нийслэлд ажиглагдсан бөгөөд орон нутагт ажилгүйдэл өссөн дүнтэй гарчээ.Ажилгүйдлийн түвшин Ховд, Дундговь, Завхан, Өмнөговь, Булган зэрэг аймагт өндөр хувьтай байна. Манай улсад эдийн засаг өсөж байгаа ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа ажээ. Ялангуяа, орон нутагт ажилгүйдлийн түвшин жил ирэх бүр өссөөр байгаа нь судалгаагаар нотлогджээ.