Эмийн санд тавигдах нийтлэг стандартад өөрчлөлт орлоо
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн хурлаар “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” 5260:2008 Монгол улсын стандартад өөрчлөлт орууллаа. Энэхүү стандарт нь Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2006 оны 50 тоот тогтоолоор батлагдаж анх мөрдөгдөж эхэлсэн ба уг зөвлөлийн 2008 оны 05 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан эмийн сангууд мөрдөж байсан.
Стандарт хэрэгжиж эхэлснээр аймаг, нийслэлд хүрэлцэхүйц хэмжээний өрөө тасалгаатай, мэргэжлийн боловсон хүчин, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжтэй, гарын авлага, материалаар бүрэн хангагдсан, хөдөлгөөний бүртгэлийг компьютерээр хөтөлдөг, багаж тоног төхөөрөмжөө баталгаажуулсан, стандартын дагуу хаягласан гэх мэт үйл ажиллагаа нь жигдэрсэн эмийн сангууд олширч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 онд эмийн сангуудад “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS5260:2008 стандартын хэрэгжилтэд хийсэн шалгалтаар хэрэгжилт 78,3 хувьтай байна.
Эмийн хүртээмжийг сайжруулахад эмийн сангийн гүйцэтгэх үүрэг асар их тул цаашид эмийн сангийн тооны хөгжлийг чанарт хүргэх, байршлыг зөв тогтоох, тэдгээрийн борлуулж буй эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, ялангуяа нийтийн үйлчилгээтэй эмийн санд бэлтгэж байгаа шингэн эмүүд чанарын шаардлага хангахгүй, эмийг жороор олгохгүй, мэдээлэл, сурталчилгаа хангалтгүй байгаа зэрэг дутагдалыг арилгах, эмнэлгийн эмийн санд клиник эм зүйч ажиллуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байсан.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 301 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага, эмнэлэг, эмийн сан, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд болон хувийн хэвшлийн байгууллагаас саналыг авч стандартад тусган Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн хурлаар дараах зарчмын өөрчлөлтийг орууллаа. Үүнд:
- Эмийн санг 1 болон 2 дугаар зэрэглэл болгон ангилж, газрын нэгдүгээр бүсчлэлийн нэгдүгээр хэсэгт нэгдүгээр зэрэглэлийн эмийн сан байхаар заалаа.
- Аймаг, нийслэлд эмийн сангийн тоог хүн амын нягтрал болон байршилаас хамааруулан 5000 хүн ам тутамд нэг эмийн сан эсхүл эмийн сан хоорондын зай 500 метрээс багагүй байхаар тусгалаа.
- Эмийн санд хөтлөгдөж байгаа маягтуудыг жигдлэх зорилгоор загварыг хавсралтаар орууллаа