ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна
2011.03.14

ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна

ITB - Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг
gansukh_berlindДэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармаг болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог. Дэлхийн 187 орны 1100 гаруй аялал жуулчлалын байгууллага, компани энэ үзэсгэлэнгээр өөрсдийн аяллын газар нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан борлуулдаг. Үзэсгэлэнд оролцогчид бараг зургаан их наяд еврогийн аялал жуулчлалын худалдаа, хэлцэл хийдэг байна. 2010 онд уг үзэсгэлэнг 179351 хүн үзсэн статистик мэдээ гарчээ. Мөн дэлхийн 89 улсын 7200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн үзэсгэлэнг сурталчилсан байна.Европын жуулчдын сонирхол татах нэг улсыг жил бүрийн Берлиний ITB үзэсгэлэнгийн түншээр сонгож, сурталчилгааг нь өргөн хүрээнд дэмжин явуулдаг. Энэ нь тухайн улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болдог.
ITB үзэсгэлэнд Монгол Улс анх удаа “Соёлын түнш орон”-оор оролцож байна
Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа. Энэ удаа буюу 2011 оны 3-р сарын 9-13-ны өдрүүдэд Германы Берлин хотноо болох үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш орон”-оор оролцож байна. Засгийн газрын 2010 оны 204 тоот тогтоолоор энэ шийдвэрийг батлан гаргасан юм.Берлиний ITB үзэсгэлэн Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд шинээр сурталчилж, түүх соёлын гайхамшиг үзүүлэх өргөн боломжийг бидэнд олгож байна. Монгол Улсын хувьд “Соёлын түнш орон”-оор оролцсоноор олон улсын нэр хүндтэй эл үзэсгэлэнгээр дамжуулан дараах давуу боломжуудыг эдлэх юм.
  • - Түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлах;
  • - Европын зах зээлд Монголын эзлэх байр суурийг баталгаажуулан, жуулчдын тоог нэмэгдүүлэх;
  • - Монгол Улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
  • - Соёлын өвийг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх;
  • - Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
Соёлын аялал жуулчлал бол сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын төрөл билээ. Соёлын өв, музей, концерт, урлагийн наадам үзэх, соёл урлагийн арга хэмжээнүүдэд оролцохоор янз бүрийн орныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC) болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UNWTO) гаргасан чиг хандлага, судалгаанаас үзэхэд, соёлын аялал нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд, нэн ялангуяа Европын зах зээлд улам бүр ач холбогдолтой болж байна. Түүх, соёлын арвин өвтэй Монгол Улс Европын жуулчдыг татах бүрэн бололцоотой учир бид үзэсгэлэнгийн бүх өдөр Монголын сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотод зохион байгуулаж байгаа юм. Түүнчлэн, үзэсгэлэнгийн эхний өдөр тусгайлан зохион байгуулсан “Монголын форум” нь аялал жуулчлалынхан төдийгүй улс төр, бизнесийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын аялал жуулчлалын талаар мэдээлэл хүргэх чухал арга хэмжээ боллоо.
БОАЖ-ын сайд Л.Гансүх Монголын багийг ахлан Берлинд ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 204 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Л.Гансүх “Ай-Ти-Би Берлин-2011” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцох Монголын багийг удирдан зохион байгуулахаар 2011 оны 3-р сарын 8-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна. Монголын багийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуучлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагаас холбогдох албан тушаалтан 20 орчим хүн багтсан. Үүнээс гадна аялал жуулчлалын 12 компанийн 40 орчим ажилтан, урлагийн тоглолт, загвар үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнд оролцох 21 уран бүтээлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгч зэрэг нийт 80 гаруй хүнтэй томоохон бүрэлдэхүүн очсон юм. Ай Ти Би арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 11-р сарын 23-ны өдрийн 88 дугаар захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцож, тус яамтай хамтран холбогдох ажлыг зохион байгуулж байгаа болно.
Үзэсгэлэн дэх Монголын сурталчилгаа
gansukh_berlind02Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улс дараах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд: Монголын үндсэн талбай болох 26С танхимын 130 м2 талбайд тур оператор компаниудыг нэгдсэн зохион байгуулалттай оролцуулах, 10.2 дахь Соёлын танхимын 30 м2 талбайд Монголын урлаг, соёлыг танилцуулах арга хэмжээг 5 өдрийн турш зохион байгуулах, 4.1 дэх Экотуризмын танхим болох 21 м2 талбайд Монголын адал явдалт байгалийн аяллын талаар танилцуулга, шоу үзүүлбэрийг 5 өдрийн турш зохион байгуулах;Үзэсгэлэнгийн бүх өдөр Монголыг сурталчлах урлаг соёлын иж бүрэн арга хэмжээг үзэсгэлэнгийн танхимд төдийгүй Берлин хотын бусад газарт зохион байгуулах;Үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 2011 оны 3-р сарын 9-нд “Монголын форум” арга хэмжээг Ай Ти Би-Берлиний үзэсгэлэнгийн танхимд тусгайлан зохион байгуулах, “Монголын форум” арга хэмжээний төгсгөлд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах;Берлин хотын төвд уран зургийн галлерейн тусгай үзэсгэлэнгийн нээлт хийх;Үзэсгэлэнгийн соёлын түнш орноор оролцож буйтай холбогдуулан Берлин хотын төвд Германы төр засаг, бизнесийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан 200 хүний хүлээн авалт зохион байгуулах;Ай Ти Би үзэсгэлэнгийн байранд хэвлэлийн бага хурал зохион байгуулах;Берлин хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монголын “Эдийн засгийн өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулах /яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн компаниудыг оролцуулна/ зэрэг ажил хийгдэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.